Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/530

 

 

 

 

 

   2022        06          17                                  2022/ШЦТ/530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Н.Баярмаа, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч С.Солонго,

иргэдийн төлөөлөгч З.Цэдэш,

шүүгдэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт ЦЦд холбогдох эрүүгийн 2211 00000 0016 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-635 тоотод оршин суух хаягтай,

урьд: - Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 3 сар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.1, 153 дугаар зүйлийн 153.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 12 жил 01 сарын хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1026 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  

Баатад овогт ЦЦ /РД:......................................./.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-635 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Нарантуяатай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “...зүүн 3-7 хавирганы далны шугамаар, 2-8-р хавирганы суганы урд шугамаар хугарал, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, зүүн уушгины авчилт, тархи доргилт, зүүн зовхи, эрүү, хүзүү, ооч, зүүн дал, мөр бугалгад цус хуралт бүхий ...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан болно,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнгээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 15 дугаар хуудас хохирогч Г.Нарантуяагийн мэдүүлэг, хавтаст хэргийн 28 дугаар хуудас гэрч П.Цогтбаатарын мэдүүлэг, хавтаст хэргийн 31 дүгээр хуудас гэрч Э.Дүүрэнбаярын мэдүүлэг, хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас хохирогч Г.Нарантуяад захиргааны зөрчил авагдаж байсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Эрүүл мэндийн даатгалын санд 290.000 төгрөг төлсөн баримт, шүүгдэгчийн 8 настай охин, 4 настай охидын төрсний гэрчилгээний хуулбар, түүний эхнэрийн жирэмсэн болох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

      Нэг. Шүүгдэгч Ц.Цы гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 1 сараас хойш хамт амьдарч байгаа.Дундаасаа 1 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаа байхгүй.Одоо эхнэр жирэмсэн миний хүүхэд.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Хохирогч Г.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ц.Цыг гарч ирэхэд нь хоёр хүүхдээ үнсүүлээгүй нь миний хариуцлагагүй үйлдэл болсон. Хүүхдүүдээ үнсүүлээгүй, мөн түүнчлэн 108-д хүүхдүүд байгаа учраас бид хоёрын дунд ийм асуудал үүсэх болсон байгаа.Хань ижлийн хувьд сайн, хүүхдийн асуудлаас л боллоо...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх  гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/,

Хохирогч Г.Нарантуяагийн “...Би Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-635 тоотод нөхөр Ц.Ц хамтаар амьдарч байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ амарч байтал урд айлын Анхбаяр гэх залуу орж ирээд урд орой жоохон уусан ах дотор засах юм байна уу гэхээр нь би 20.000 төгрөг гаргаж өгөөд Анхбаяр дэлгүүр яваад 0,5 л савалгаатай Хараа гэх нэртэй архи авч ирээд тэр архийг бид гурав хувааж уугаад дуустал Анхбаяр дахиад нэг архи 0,75 савлагаатай архи авч ирээд уугаад байж байтал Цогтсайханы найзынхан эхнэр Хишгээ гэх эмэгтэй яриад удаан уулзаагүй танайхаар нэг очъё гээд утсаар ярихаар нь 18 цагийн орчимд Анхбаяр, Цогтсайхан хоёр автобусны буудлаас тосож авъя гээд гараад Хишгээтэй хамт ирэхдээ дахиад нэг 0,75 л савлагаатай архи авч ирсэн. Би тухайн үед архи уучихсан хоол хийж чадахгүй гээд 19 цагийн үед Цогтсайханд би өөрийнхөө Төрийн банкны картаа өгөөд дэлгүүр ороод бууз аваад ир гээд явуултал Цогтсайхан ирэхгүй удаад байсан. Тэгээд Анхбаяр, Хишгээ хоёр архиа ууж байгаад Цогтсайхан ирэхгүй юм байна гээд 21 цагийн үед явсан байх би гэртээ ганцаараа үлдээд хаалгаа дотор талаас нь түгжээд унтаж байтал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө нэлээн орой болсон байтал Цогтсайхан хаалга цохиод байхаар нь нээтэл Цогтсайхан буузгүй 0,5 л савлагаатай архи авчихсан орж ирэхээр нь би хаагуур яваад ирэв хүнд хоол хийж өгнө гээд хэлчихсэн байтал гээд Цогтсайхан бид хоёрын хооронд хэрүүл эхэлсэн юм. Тэгээд би хүүхдээ үнсэж чадахгүй байна гээд миний толгойны зүүн тал руу гараараа хэдэн удаа цохихоор нь би явлаа гээд хувцсаа өмсөж байтал намайг Цогтсайхан явуулахгүй гэхээр нь би зугтаагаад гартал Цогтсайхан куртикнаас татаж оруулж ирээд эвдсэн байсан хаалганы модоор миний гар луу цохиод унагааж байгаад цээжний зүүн тал руу гараараа цохисон. Би хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна би бас өөрөө бас согтуу байсан. Тэгээд Цогтсайхан агсам тавьж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед хадам аав Цогтбаатар орж ирээд галаа түлээч гэсэн. Тэгээд миний бие хөдөлж болохгүй Цогтсайхан намайг хоёр өдөр гэрт асраад гурав дахь өдрөөсөө ажилдаа явсан. Би гэрт ганцаараа хэвтэж байсан хөдлөхөөр миний цээжний зүүн талаар өвчтэй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ ганцаараа байтал бие өвдөөд толгой эргээд байхаар нь 103-д дуудлага өгсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн юм. Цогтсайхан шоронгоос 2021 оны 05 дугаар сард гарсан юм. Гарч ирэхэд нь хүүхдүүд нь 108 төвд байгаа одоо хүртэл хоёр хүүхдээ авч чадахгүй байгаа тэрнээс болоод маргаан эхэлсэн. Цогтсайхан 2018 онд шоронд ороход нь би жирэмсэн байсан юм. Тэгээд хүүхдээ үнсээгүй байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Д.Эрдэнэчимэгийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нарантуяа над руу залгаад ээжээ намайг Цогтсайхан зодчихлоо, би үхлээ, ээжээ миний хамаг бие өвдөөд байна гэхээр нь би түргэн дуудсан ...Би гэмтлийн эмнэлэг дээр очтол эмч нар надад хэд хоногийн өмнө нөхөртөө зодуулсан таны охины 12 хавирга хугарсан, уушги нь бараг ажиллагаагүй байна гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11996 дугаартай “Нарантуяагийн биед зүүн 3-7-р хавирганы далны шугамаар, 2-8-р хавирганы суганы урд шугамаар хугарал, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, зүүн уушгины авчилт, тархи доргилт, зүүн зовхи, эрүү, хүзүү, ооч, зүүн дал, мөр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Цы гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны намайг ажлаа тараад гэртээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-635 тоотод эхнэртэйгээ гэртээ байтал  манай урд хашааны хуурай дүү Анхбаяр гэх залуу нэг шил Хараа гэх нэртэй 0,5 л савалгаатай архи барьчихсан ах ажил хиймээр байна гэсээр орж ирсэн. Тэр архийн эхнэр бид гурав хувааж уугаад байж байтал манай найзын эхнэр Хишгээ ажлаас тараад танайх руу очиж байна гэхээр нь Анхбаяр бид хоёр доошоо автобусны буудал орж тосож автал Хишгээ дэлгүүрээс 0,75 л савалгаатай Хараа гэх нэртэй архи нэг ундаатай аваад гэрт очоод эхнэр намайг доошоо яваад бэлэн бууз аваад ир гээд картаа өгөхөөр нь би буцаад 17-н Далайхүү төвийн АТМ орж мөнгө аваад дэлгүүрээс бууз, нэг шил 0,5 л савалгаатай Хараа гэх нэртэй архи аваад гэртээ иртэл гэрийн хаалгаа дотороосоо цоожилчихсон гэр дотороос манай эхнэр Нарантуяа намайг шоронгийн хадаас гээд намайг хэл амаар доромжлоод байсан би хаалга онгойлго гэтэл үгүй чи муу зайл би албаар чамд хоёр охиныг чинь үнсүүлдэггүй гээд 108-д өгчихсөн гээд байсан гэх зэрэг миний хорыг малтаад байсан миний уур хүрээд гэрийнхээ хаалгыг эвдэж ороод Г.Нарантуяаг зодчихсон юм. Тэр өдрөөс хойш толгой өвдөөд бие өвдөөд байна гэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 121/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 59-62, 65-70, 73-77, 134-138/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 66 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сар 6 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэв.

Шүүгдэгч  Ц.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгчөөс  мөн гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцож санал дүгнэлтээ танилцуулсан тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Цыг гэм буруутай гэж үзэж байна гэсэн болно.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-635 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Нарантуяатай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “...зүүн 3-7 хавирганы далны шугамаар, 2-8-р хавирганы суганы урд шугамаар хугарал, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, зүүн уушгины авчилт, тархи доргилт, зүүн зовхи, эрүү, хүзүү, ооч, зүүн дал, мөр бугалгад цус хуралт бүхий ...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь; хохирогч Г.Нарантуяагийн “...Тэгээд би хүүхдээ үнсэж чадахгүй байна гээд миний толгойны зүүн тал руу гараараа хэдэн удаа цохихоор нь би явлаа гээд хувцсаа өмсөж байтал намайг Цогтсайхан явуулахгүй гэхээр нь би зугтаагаад гартал Цогтсайхан куртикнаас татаж оруулж ирээд эвдсэн байсан хаалганы модоор миний гар луу цохиод унагааж байгаад цээжний зүүн тал руу гараараа цохисон. Би хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй байна би бас өөрөө бас согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Д.Эрдэнэчимэгийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нарантуяа над руу залгаад ээжээ намайг Цогтсайхан зодчихлоо, би үхлээ, ээжээ миний хамаг бие өвдөөд байна гэхээр нь би түргэн дуудсан ...Би гэмтлийн эмнэлэг дээр очтол эмч нар надад хэд хоногийн өмнө нөхөртөө зодуулсан таны охины 12 хавирга хугарсан, уушги нь бараг ажиллагаагүй байна гэж надад хэлсэн ...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11996 дугаартай “Нарантуяагийн биед зүүн 3-7-р хавирганы далны шугамаар, 2-8-р хавирганы суганы урд шугамаар хугарал, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, зүүн уушгины авчилт, тархи доргилт, зүүн зовхи, эрүү, хүзүү, ооч, зүүн дал, мөр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй  ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/, Гэмт хэргийн талаарх  гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр тал/, хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 95-116 дугаар тал/ зэргээр;

Шүүгдэгчийн хохирогчтой маргалдсаны улмаас түүний биед зүүн 3-7-р хавирганы далны шугамаар, 2-8-р хавирганы суганы урд шугамаар хугарал, цээжний хөндийн зүүн талд цус хуралт, зүүн уушгины авчилт, тархи доргилт, зүүн зовхи, эрүү, хүзүү, ооч, зүүн дал, мөр бугалганд цус хуралт гэмтэл учирсан;

Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар  амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11996 дугаартай дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ц.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, 66 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сар 6 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн санал, дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах ялыг гуравны хоёроос багагүй хэсгийг буюу 3 жил 4 сарын хорих ялыг мөн урд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялтай нэгтгэж оногдуулж өгнө үү ...” гэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Цыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 290.000 төгрөгийг төлсөн байдал, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цыг 5 (таван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 66 хоног /2 сар 6 хоног/-ийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 6 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа эдлээгүй байх тул;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан тул  шүүгдэгч Ц.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 66 хоног /2 сар 6 хоног/-ийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 6 хоногоор тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Г.Нарантуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр хохирол нэхэмжлээгүй;

дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч 90.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 200.000 төгрөгийн үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 290.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 290.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баатад овогт ЦЦыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Цыг 5 (таван) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Цд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялд урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 66 хоног /2 сар 6 хоног/-ийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сар 6 хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Цд оногдуулсан 5 жил 2 сар 6 хоногоор хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Цы цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Н.БАЯРМАА

 

                                                                                                   Л.ГАЛБАДАР