Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Талын булаг багт оршин суух, .... дугаарын регистртэй, О овогт П-ийн Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 153/2018/00383/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд 1974 оноос 1977 оныг хүртэл, 1980 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Миний бие 1977 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 дүгээр сарыг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1974 оноос 1977 оныг хүртэл, 1980 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хаш-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: “Миний бие нь П.Г-ийн хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох ёстой байсан боловч зайлшгүй шаардлагатай ажил гарсан учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч П.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1974 оноос 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч П.Г нь 1974 оноос 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1120 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын 2 дугаар бригадын 1974 оноос 1977 он, 1980 оноос 1981 он, Талын булаг буюу 1 дүгээр бригадын 1983 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 17-30 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-16 дугаар хуудас/

Хүсэлт гаргагчийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,

-Гэрч О.Бямбатогтохын ...Би 1957 онд төрсөн. 1966 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар 2007 оныг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. П.Г нь 1973 онд Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд П.Г-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Б.Лхагвацэрэнгийн ...Би 1942 онд төрсөн. 1956 онд 16 насанд хүрээд Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. П.Г нь 1976 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Талын булаг бригадад малчнаар ажиллаж байсан. П.Г нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1992 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд П.Г-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан П.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О овогт П-н Г-ийг 1974 оноос 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1980 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар П.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ