Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/529

 

 

 

 

 

  2022        06          17                                   2022/ШЦТ/529

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч /хохирогч/ Г.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

 шүүгдэгч /хохирогч/ С.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт ГГ, Монголмууд овогт СМ нарт холбогдох эрүүгийн 2111 01518 1101 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Скай Кинг-д харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 4, эцэг, ах, эгчийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 4-17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 15 дугаар хороо 71б-24 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  

Хошууд овогт ГГ /РД:...................................../.

2. Монгол улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд эрсдлийн шинжээч ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы 81-22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-15б тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Монголмууд овогт СМ /РД:..................................................................../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-156 тоотод байрлах нийтийн байранд 2021 оны 11 дугаар сарын 17-ний шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас С.М, Г.Г нар нь харилцсан зодолдсон гэмт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ГГ нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-15б тоотод байрлах нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Мөнх-Эрдэнийг гараараа цохиж биед нь хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч СМ нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-15б тоотод байрлах нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Гийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч С.Мөнх-Эрдэнийн “...Би хэрэг учрал болсон гэх өдөр надад хаалга тайлж өгсөн залууг /Отгонсүх/ түлхэхэд миний нүүр лүү 1 удаа цохиход ард нь байсан өндөр майктай залуу ирээд миний зүүн талын шанаа луу нэг удаа цохиод цааш явахаар нь би хаалга тайлсан залуугийн нүүр лүү цохиход ард нь байсан өндөр майктай залуу /Ганзориг/ над руу цахилгаан бороохой барьж дайрахаар нь би эсрэг талын айл руу зугтаж орсон ... миний биед Ганзориг гэх хүн 3 удаа нүүр лүү баруун гараараа цохисон ба миний хамраас цус гарсан, бас баруун нүдний дээд хэсэгт хөхөрсөн бас уруулаас цус гарч байсан тухайн үед миний нүүр лүү гараараа цохих үед үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-19 дүгээр тал/,

Хохирогч Г.Гийн “...Намайг манай найз Буянтогтохын түрээсэлдэг өрөөн дотор байхад тус байрны эзэн Мөнх-Эрдэнэ орж ирээд та нар яагаад цоож эвдсэн юм бэ муу гөлөгнүүд минь гэж хэлэхээр нь яваад очтол шууд миний зүүн нүд рүү ямар нэгэн юмаар цохиод хаалгаа хаачихсан. Тэгээд миний нүднээс цус гарч эхэлсэн ба манай найз Отгонсүх ахиад хаалга онгойлгохоор нь Мөнх-Эрдэнэ рүү 2 удаа цохиод байх шиг байсан ба хаашаа нь цохисон талаар би сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 23-29 дүгээр тал/,

Гэрч Б.Отгонсүхийн “...Анхбаяр, Буянтогтох, Буянжаргал 3 гадагш гарч яваад Ганзориг бид 2 гэрт үлдээд байж байтал гаднаас хаалга тогшихоор нь би очоод хаалга онгойлготол нэг үл таних жижиг биетэй эрэгтэй хүн орж ирээд гараараа миний баруун талын нүд рүү цохихоор нь би зөрүүлээд цохих гэтэл намайг урдаас жийгээд унагаад би босож ирээд баруун гараараа намайг цохисон эрэгтэй хүнийг нэг удаа зөрүүлээд цохиход нөгөө залуу гадагш гарч хаалгаа хаасан бөгөөд Ганзориг босож ирээд та яаж байгаа юм бэ гэж хэлээд хаалга руу алхахад тухайн залуу эргэж хаалга татаж орж ирээд Ганзоригийн зүүн талын нүд рүү түлхүүртэй гараараа 1 удаа цохиход Ганзоригийн зүүн нүднээс нэлээн их цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 11556 дугаартай дүгнэлтэнд “...С.Мөнх-Эрдэнийн биед хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 11515 дугаартай дүгнэлтэнд “...Г.Гийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 78-81 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Гийн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн найз Буянтогтохын гэрийг нүүлгэхээр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороонд байдаг нийтийн байранд найз Отгонсүхын хамт байж байхад гаднаас Мөнх-Эрдэнэ гэх жижиг биетэй залуу орж ирээд Отгонсүхийг түлхэхээр нь Мөнх-Эрдэний нүүр хэсэг рүү нь цохиод авсан, тэгээд Мөнх-Эрдэнэ Отгонтөгстэй зууралдаж байгаад өрөөнөөс гарчихсан байхад нь татаж оруулж ирэх үед Мөнх-Эрдэнэ миний нүүр хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод байсан. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирээд бид хоёрыг салгах гэж оролдож эхэлхэд Мөнх-Эрдэнэ зугтаагаад тухайн өрөөний эсрэг талын өрөө рүү орсон юм. Тэгэхээр нь би араас нь хөөж ороод Мөнх-Эрдэнэ нүүр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тухайн үед миний нүднээс цус гараад байсан ...би гомдол саналгүй байна. Зодоон болох үед манай нийтийн байрны хаалга эвдэрсэн, энэ асуудлын талаар би Мөнх-Эрдэнэтэй ярилцаад гомдол саналгүй болсон. Яагаад гэвэл бид хоёр хоорондоо маргалдснаас болж хаалга эвдэрсэн юм ...одоо бид хоёрт нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороонд байдаг өөрийн ажиллуулдаг нийтийн байрны 02 тоотод яваад ортол хоёр  залуу согтуу байж байхаар нь би “энэ та нарын архи уудаг газар биш гар ” гэж хэлээд Отгонтөгс залууг түлхсэн ба цаад талд нь Ганзориг гэх залуу хажуунаас намайг цохиод авахаар нь би буцаагаад Отгонтөгсийг цохьсон юм. Тэгээд би өрөөнөөс зугтаж гараад байж байхад Ганзориг намайг буцаагаад өрөө рүү оруулах үед би Ганзоригийн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохьсон ба гаднаас Ганзоригийн найзууд орж ирээд бид нарыг салгаад байж байхад би эсрэг талын өрүү зугтаж орсон ба Ганзориг араас орж ирээд миний нүүр лүү 1 удаа цохисон юм. Тэгсэн чинь найзууд нь араас нь Ганзоригийг татаад гаргасан ба Ганзоригийн нүднээс нь цус гарсан байсан юм. ...би гомдол саналгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39, 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46,47/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 101-102/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Гантөмөрийн Ганзориг нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-15б тоотод байрлах нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Мөнх-Эрдэнийг гараараа цохиж биед нь хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Санжжавын Мөнх-Эрдэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 2-15б тоотод байрлах нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Гийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үенд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нар гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.М, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харилцан зодолдсоны улмаас /бие биедээ/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Г.Гийн хохирогчоор өгсөн: “...энэ асуудлын талаар би Мөнх-Эрдэнэтэй ярилцаад гомдол саналгүй болсон. Яагаад гэвэл бид хоёр хоорондоо маргалдснаас болж хаалга эвдэрсэн юм ...одоо бид хоёрт нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар тал/,

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...би гомдол саналгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр тал/-ийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, өөрөөр хэлбэл хохирогч нар нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хошууд овогт ГГ, Монголмууд овогт СМ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, С.М нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, С.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ