Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/504

 

 

 

  2022        06          07                                     2022/ШЦТ/504

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Д.Д /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ДДд холбогдох эрүүгийн 2211 00000 1028 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Бургер Кинг ХХК-д туслах менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12-458б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ДД /РД:............................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Долгоржавын Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн булаг” амралтын газарт хохирогч Б.Тэнгисболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хацар, завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д нь:

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн булаг” амралтын газарт хохирогч Б.Тэнгисболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хацар, завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Тэнгисболдын “...2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булаг нэртэй амралтын газар ажлын газрынхантай хамт амарч байгаад би бүгдээрээ ийшээ караоке орох уу гэж хэлтэл тэнд байсан Даваадорж гээд манай байгууллагын туслах менежер залуу намайг “чи битгий давраад байгаарай” энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан тул миний уур хүрээд түүнтэй муудалцаад жоохон дайртал тэр миний нүүр хэсэг рүү нэг төмрөөр цохих шиг болсон бөгөөд тэндээс би холдоод өөрийнхөө нүүрийг хартал уруулаас цус гараад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч Ц.Гомбын “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай ажлынхан болох Бургер Кинг ХХК-ныхан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх Ойн булаг гэх амралтын газар бөөнөөрөө амарсан юм. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө тухайн амралтын газартаа гэрт байж байтал Тэнгисболд, Даваадорж нар нь маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би болон манай ажлын залуу болох Ганжуурын хамт Тэнгисболдыг тухайн гэрээс аваад гарсан. Тэгсэн Тэнгисболд нь гадуурх хувцсаа тайлаад буцаад нөгөө гэр лүү гүйгээд орсон. Тэгээд би араас нь ороход Тэнгисболдын уруул хэсгээс нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Гэрч Г.Ганжуурын “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай байгууллагын хүмүүс Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх Ойн булаг амралтын газар ажлынхаа газрын хүмүүстэй хамт амарсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх Ойн булаг амралтын газар босоод байж байтал манай ажлын Тэнгисболд, Даваадорж нар нь хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд би Тэнгисболд гэгчийг гэрээс аваад гарсан бөгөөд тэгсэн Даваадорж нь гэрээс чамд дээрэлхүүлэхгүй шүү гээд орилсон. Тэгсэн Тэнгисболд нь гэр лүү гүйгээд орсон ба би араас нь ороод хартал Тэнгисболдын уруул хэсгээс нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5789 дугаартай  “Б.Тэнгисболдын биед хамар ясны хугарал, зүүн хацар, завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Дийн “...2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх Ойн булаг гэх нэртэй амралтын газарт ажилчдынхаа хамт амраад байж байтал манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан гэх Тэнгисболд нь архи уучихаад агсам тавиад орилоод байхаар нь би түүнд хандаад “чи бид нарыг жаахан тайван байлгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн тэр над руу дайраад байсан бөгөөд манай ажлын Гомбо, Гаанжуур нар түүнийг аваад тухайн амралтын газрын гэрээс гарсан бөгөөд тэгсэн Тэнгисболд гэгч нь гэрээс гарангуутаа хамаг хувцсаа тайлаад чамайг ална гээд над руу дайраад гэр лүү орж ирээд орилоод дайрахаар нь би зуухны хажууд сууж байсан тул тухайн зуухны дэгээ төмрөөр түүний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон ... Тэнгисболдын нүүр хэсгээс нь цус гараад байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,   

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 26л-2б/3334 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 58, 59/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Долгоржавын Даваадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ойн булаг” амралтын газарт хохирогч Б.Тэнгисболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт галын дэгээ төмрөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хацар, завжинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Б.Тэнгисболдоос “...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 59 дүгээр тал/-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан;

мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 86.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 86.000 төгрөг /хх 39 дүгээр тал/-ийн зардал гарсныг шүүгдэгч Д.Д нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 86.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 68 дугаар тал/-аар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57 см урттай дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ДДийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 57 см урттай дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ