Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0467/Э |
Дугаар | 2022/ШЦТ/503 |
Огноо | 2022-06-07 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/503
2022 06 07 2022/ШЦТ/503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Э.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт ЭБд холбогдох эрүүгийн 2211 00000 0950 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик засварчин мэргэжилтэй, “Говь экуйпментренталфлийт” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 93А байрны 129 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Алаг адуу овогт ЭБ /РД:............................................................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааран дотор Д.Баасанмягмарыг гараараа цохиж улмаар түүний биед зүүн талын хоншоор ясны өмнөд хана дотогш зүүн талын хамрын доод хөндийн гадна хана руу үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн хугарал, баруун доод зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б:
2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааран дотор Д.Баасанмягмарыг гараараа цохиж улмаар түүний биед зүүн талын хоншоор ясны өмнөд хана дотогш зүүн талын хамрын доод хөндийн гадна хана руу үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн хугарал, баруун доод зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Д.Баасанмягмарын“...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би эхнэртэйгээ жаахан хэрэлдэж маргалдаад орой 20 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч ирээд сэтгэлээр унасандаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дуулга гэх нэртэй бааранд ганцаараа орж пиво уунгаа сэтгэлээ жаахан сэргээх зорилготой орсон юм. Тэгээд би бааранд ороод Нийслэл гэх нэртэй пивоноос 2 шилийг захиалж уугаад сууж байтал нэг үл таних Нараа гэх эмэгтэй над дээр хүрч ирээд бид 2 хамт ярьж сууж байгаад тэр эмэгтэй жаахан согтуу байсан болохоор ариун цэврийн өрөө рүү явж бие засаад ирье, надтай хамт явъя гэхээр нь би зөвшөөрөөд Нараатай хамт ариун цэврийн өрөө рүү явсан. Нараа ариун цэврийн өрөөнд ороод бие засаж байхад нь би хаалгыг нь дотор талаас нь татаад зогсож байтал нэг хүн хаалга тогшихоор нь “энд эмэгтэй хүн бие засаж байна хүлээж байгаарай” гэж хэлтэл хаалга татаж орж ирээд 2 үл таних эрэгтэй орж ирээд нэг эрэгтэй нь миний баруун нүд хэсэг рүү 2 удаа гараараа цохисон нөгөө залуу нь хажууд хараад зогсож байсан тэр залуу нь миний биед халдаж намайг цохиж зодсон зүйл байхгүй ямар шалтгаанаар миний биед үл таних залуу халдсаныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс гараад цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Р.Энхжаргалын “...Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орой 23 цагийн үед би багын найз болох Э.Болд-Эрдэнийн хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дуулга гэх нэртэй бааранд орсон юм. Бид 2 бааранд ороод хүний 2 шил Сэнгүр гэх нэртэй пиво худалдаж аваад нэг шил пивыг нь ууж дуусгаад Э.Б бид 2 ариун цэврийн өрөө рүү бие засахаар орсон юм. Бид 2 ариун цэврийн өрөөнд ороод бие засах гээд хаалгыг нь таттал нэг үл таних эрэгтэй, үл таних эмэгтэй 2 хамт байж байсан. Гэтэл нөгөө эрэгтэй “хаалгаа хааччихаач, писда нар минь” гэж хэлээд босож ирээд манай Болд-Эрдэнэ найзын хамар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод манай найз зөрүүлээд тэр залуугийн баруун талынх нь нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохитол тэр залуугийн баруун нүднийх нь доод хэсгээс жаахан цус гарсан. Тэгээд би тэр 2-ыг салгатал тэр залуу “цагдаа дуудна” гэж хэлээд ариун цэврийн өрөөнөөс гараад би бие засаад зогсож байтал нөгөө залуу буцаж орж ирээд манай найзын биеийнх нь аль хэсэгт гэдгийг нь мэдэхгүй гараараа нэг удаа цохих шиг харагдсан. Тэгээд би салгаад Болд-Эрдэнийг салгаад ариун цэврийн өрөөнөөс дагуулж гарч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
Гэрч Б.Наранцэцэгийн “...Дуулга гэх нэртэй бааранд найз Гантуяагийн хамтаар ороод хүний нэг нэг шил пиво захиалж уугаад сууж байтал гаднаас үл таних махлаг залуу ганцаараа орж ирээд суух ширээ байхгүй болохоор нь найз Гантуяа бид 2 тэр залууг өөрсдийнхөө ширээн дээр суулгасан. Тэгээд тэр залуутай танилцахад өөрийгөө Баасанмягмар гэж танилцуулж байсан. Би бие засах гээд ариун цэврийн өрөө рүү Баасанмягмарын хамтаар ороод хаалгыг Баасанмягмараар бариулаад байж байх үед гаднаас хаалга үл таних хоёр залуу хүчтэй татаад, “чи яахаараа эмэгтэй нойл орох ёстой газарт байж байдгийн” гээд Баасанмягмар руу агсраад дайраад байсан. Тэгээд Баасанмягмар тэр 2 залуутай муудалцаад Баасанмягмар 1 залуутай нь зууралдаж авахаар нь би салгах гэж оролдоод тэр хоёр салахгүй хоорондоо муудалцахаа болихгүй байсан. ...Баасанмягмар ариун цэврийн өрөөнд бусадтай муудалцсаны дараа баруун нүд хэсэг нь улайчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5029 дугаартай “Зүүн талын хоншоор ясны өмнөд хана дотогш зүүн талын хамрын доод хөндийн гадна хана руу үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн хугарал, баруун доод зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт” гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтЛүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Шинжээч эмч Б.Ганзоригийн “...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдаж байгаа гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу жишээ нь гар, хөлөөр нэг удаа цохих үед үүсэх боломжтой хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн “...Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Баасанмягмар нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Д.Баасанмягмар нь 2022 оны 03, 04 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 148.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Бэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнийн “Би 2022 оны 03 сарын 28-ны өдөр найз Энхжаргалын хамт Дуулга бааранд үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөө рүү хамт орох гээд 00-ын өрөөний хаалгыг Энхжаргал таттал эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эрэгтэй нь уурлаж “чи яах гээд байгаа юм бэ” гээд миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлэн уг залуугийн аль нэг хацар руу нь гараараа нэг удаа цохисон ...Д.Баасанмягмарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 86, 87/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Э.Б 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” бааран дотор Д.Баасанмягмарыг гараараа цохиж улмаар түүний биед зүүн талын хоншоор ясны өмнөд хана дотогш зүүн талын хамрын доод хөндийн гадна хана руу үргэлжилсэн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс, таславчийн хугарал, баруун доод зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Баасанмягмараас “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 86 дугаар тал/-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан;
мөн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 148.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 148.000 төгрөг /хх 77 дугаар тал/-ийн зардал гарсныг шүүгдэгч Э.Б нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 148.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 97 дугаар тал/-аар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Болд-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг Адуу овогт ЭБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Болд-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ