Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/481

 

 

 

 

 

    2022       05         30                                   2022/ШЦТ/481

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч Б.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 2111 00241 1007 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Харгана овогт БС, регистрийн дугаар ...............................................,

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Улаанбаатар хот Налайх дүүргийн 3 дугаар хороо, 5 замчин 52 дугаар байр 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 82 дугаар гудамж 1271в тоотод түр оршин суух байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч БС /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 87 дугаар гудамж 1271в а тоотод түр оршин суух гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Бадамдорж Сүхбаатар, Г.Нямка” гэх фэйсбүүк хаягуудаар хөзөр ашиглаж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.С нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

           

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Саас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/ “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд фэйсбүүкээр мөрийтэй тоглоом тоглуулж байсан нэг удаа тоглуулахад зургаан хүнийг 5000 төгрөгөөр тоглуулаад нэг нь хожоод 25000 төгрөг хожсон хүн нь аваад би 5000 төгрөгийг авдаг байсан. Энэ үед эхнэр төрөөд удаагүй манай бага байсан учир хүүхдээ хараад байж байдаг байсан би харин тоглуулж мөнгө олоод тэрийгээ хоёр хүүхдийнхээ хоолны мөнгө олдог байсан. Би 1.126.500 төгрөгний ашиг олсноо хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Нямдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ “...2021 оны 01 дүгээр сард манайх Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга гэх газар байсан тухайн үед фэйсбүүкээр хүмүүс мөрийтэй тоглуулж байхаар нь манай нөхөр тоглож байсан. Тэгээд сүүлдээ миний Г.Нямка гэх хаягаар шууд лайв хийж мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Манай бага хүү 2020 оны 12 сард төрсөн байсан юм. Тэгээд би хүүгээ хардаг байсан болохоор оролцоогүй. Сүхбаатар тоглоом тоглуулахдаа Хаан банкны 5721611357 дугаартай дансаар мөнгө авч байсан ...гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Жанчиваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 42 дугаар тал/ “...тэр үед ковид гээд хөл хорио тогтоосон байсан. Тэгээд фэйсбүүкээр шууд покер тоглуулж байсан. Би тэгээд хэд хэдэн удаа тоглосон. Эрэгтэй хүн зохион байгуулж байсан ... гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Пүрэвдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ “...би хөл хорио тавьсан байхад фэйсбүүкээр шууд лайваар покер тоглуулж байхаар нь 5000 төгрөг шилжүүлээд мөнгө алдчихсан. Эрэгтэй хүн тоглуулж байсан ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Золбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 46 дугаар тал/ “...2021 оны хавар өвчний улмаас хөл хорио тогтоосон байхад фэйсбүүкээр шууд покер тоглуулж байсан. Нэг орж тоглоход 5000 төгрөг гэж байсан би тэгээд нэг удаа тоглосон юм. Тэгээд бичсэн байсан данс руу нь 5000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг,


           2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Сын эзэмшлийн Хаан банкны 5721611357 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-69 дүгээр тал/,

 

Б.Сын эзэмшлийн Хаан банкны 5721611357 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 70-92 дугаар тал/,

 

шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 128 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 143 дугаар тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч БС /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 87 дугаар гудамж 1271в а тоотод түр оршин суух гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Бадамдорж Сүхбаатар, Г.Нямка” гэх фэйсбүүк хаягуудаар хөзөр ашиглаж, үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Саас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна;

хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон 1.126.500 төгрөгийг шүүгдэгч Б.Саас гаргуулан Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Харгана овогт БСыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар 1.126.500 төгрөгийг шүүгдэгч Б.Саас гаргуулан Улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ