Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар  2022/ШЦТ/480

 

 

 

 

    2022       05         30                                   2022/ШЦТ/480

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Н.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2211 00000 0997 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Баргадууд овгийн НБ, 1983 оны 06 дугаар сарын 27ы өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аграномич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10-137 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:...................................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

         Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Хайлаастын 10-137 тоотод эхнэр Н.Уранцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

           

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хавтаст хэргийн 43 дугаар тал/ “...тэгээд бид хоёр хэрэлдээд намайг хүүхдүүдийн хажууд хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа баруун хацар руу нь нэг удаа алгадаад түлхээд унагачихсан, тэгээд Уранцэцэг гарч явна гээд байхаар нь би баруун гараас нь барьж татаад орон дээр суулгасан. Тэгээд манай эхнэр Уранцэцэг гэрээс гараад ээжийнхээ гэрт очоод цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Н.Уранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 5, 6 дугаар тал/ “2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10-137 тоотод байх гэртээ 22 цагийн үед орсон бөгөөд ажил дээрээ жоохон пиво уусан байсан бөгөөд тэгсэн манай нөхөр Баттулга /ПЗ83062711/ гэгч нь намайг хүнтэй хардаад муу янхан энэ тэр гээд хэл амаар доромжлоод намайг зодсон. Баттулга гэгч нь миний баруун талын хацар, толгойн ар дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Баттулга нь өмнө намайг зодож байсан бөгөөд тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй ба өөрийн төрсөн дүү Ундармаа /94527576/ гэгчид хэлж байсан. Өмнө намайг Баттулга гэгч нь 2022 оны 03 дугаар сарын 18-нд зодсон бөгөөд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй ээ. Баттулга гэгчтэй 14 жил хамт амьдарч байгаа би Баттулга нь 2014 оноос хойш архи ууж байгаа ба архины хамааралтай болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй ...”, дахин хохирогчоор мэдүүлэхдээ “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Н.Бтай гэр бүлийн шалтгааны улмаас маргалдсан, гэхдээ миний биед гар хүрч зодож цохисон зүйл байхгүй, би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Н.Бд гомдож бухимдсан байсан учраас өмнө нь зодож байсан гэж мэдүүлсэн юм. Миний одоо өгч байгаа хохирогчийн мэдүүлэг нь үнэн зөв”  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5190 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 13 дугаар тал/ “Н.Уранцэцэгийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Н.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 24 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Хайлаастын 10-137 тоотод эхнэр Н.Уранцэцэгийг зодож баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийн толгойн тус газарт нь гараараа цохисоны улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б болон хохирогчоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт тус тус гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар мэдүүлэг болон бичгээр гаргаж өгсөн хүсэлтдээ дурдсан байх ба хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Баргадууд овгийн НБыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван  зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ