Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 00182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01081 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Тунгалагт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 16.740.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны12 сарын 31-нд Д.Тунгалагт 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээн дээр Д.Тунгалаг гарын үсэг зурсан ч надаас авсан энэ мөнгийг гэр бүлийнхээ бизнест зориулж авсан гэдгээ Д.Тунгалаг түүний нөхөр Н.Ивгээл, хүү И.Саранхүү нар нь бүгд мэддэг, төлнө гэдэг боловч өдий хүртэл төлсөнгүй. 2015 оны сүүлээр тэр хоёр мөнгөө өгч чадахгүй нь, чи 4-16-2 тоот цайны газрын зэриулалтаар ашиглаж байсан байрыг түр эзэмшээд өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулж бай. Ингэж л тус больё гэхээр нь надад тус болж байна даа гээд 3 сар л эзэмшсэн. Үүнээс өмнө би Д.Тунгалагаас 34.560.000 төгрөг гаргуулахаар танайд хандаад бид хоёр 30.000.000 төгрөг дээр эвлэрсэн боловч Д.Тунгалаг үүнээсээ буцсан тул шүүгч бидний эвлэрлийг баталгаажуулаагүй юм. Дараа нь дахиад эвлэрүүлэн зуучлалд хандаж 20.000.000 төгрөг нэхсэн боловч өөрөө ирэлгүй Ж.Нямаа гэгчид итгэмжлэл өгөөд тэр нь зөвшөөрөөгүй.

Анх зээлийн гэрээ байгуулснаас хойш Д.Тунгалагаас авсан мөнгө гэвэл нийтдээ 3.260.000 төгрөг л авсан. Одоо би Д.Тунгалагаас үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 5.000.000 төгрөг алданги 5.000.000 төгрөг бүгд 20.000.000 төгрөг авах ёстойгоос түүний өгсөн 3.260.000 төгрөгийг хасаад 16.740.000 төгрөг нэхэмжилжбайна. Энэ мөнгийг Д.Тунгалагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-15-93 тоотод оршин суух Д.Тунгалаг намайг тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаас дуудахаар нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны үдээс хойш очиход иргэн Ц.Цэцэгмаагийн надаас 34.560.000 төгрөг гаргуулан авах тухай өргөдлийг танилцуулж эвлэрэлийн гэрээ байгуулсан боловч би буруу зүйл хийсэн болохоо ухаарч маргааш нь тус шүүхэд гомдол гаргаснаар гэрээг баталгаажуулаагүй юм. Болсон асуудал гэвэл би нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагаас2013 ны 12 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг зээлдэж аваад 5.000.000 гаруй төгрөгийг нь төлсөн бөгөөд энэ төлбөрөөс 150.000 төгрөгийг дансаар 2.000.000 гаруй төгрөгийг бэлнээр төлсөн. 10.000.000 төгрөг авахдаа бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр миний нөхөр Н.Ивгээлийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-16-2 тоот 2 өрөө хоолны газрын үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан ажлын байрыг хоёр сарын хугацаатай ажиллуулаад суллаж өгнө гэж авчихаад өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй, түрээсийн төлбөр гэж нэг ч төгрөг төлөхгүй, цахилгааны мөнгөнөөс өөр ямар нэгэн төлбөр тооцоо хийхгүй байсан учир миний нөхөр Н.Ивгээл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тус шүүхийн 142/ШШ2017/00529 дугаартай шийдвэрээр байраа чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргуулсан хэдий ч сайн дураараа өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй өөрөө ашигласаар л байна.

Нөхрийн маань өмч болох 2 өрөө хоолны газрын үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байрыг маань 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл өөрөө ашиглах болон бусдад түрээслүүлэн ашиг олж байж 4.0 сая гаруй төгрөгөө 20.000.000 төгрөг болгон суухаасаа санаа нь зовохгүй байгаад нь би харамсаж сууна. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл бүтэн нэг жил 10 сарын хугацаанд сарын 500.000 төгрөгөөр оусдад түрээслээд /22 сар*500.000 төгрөг=11.000.000 сая төгрөг/ бүр багаар бодоход л 11.0 сая төгрөгийн орлого олох тооцоо гарч байгаа учир Ц.Цэцэгмаа 11.000.000 төгрөгийн ашиг олсон. анх орохдоо надаас авах мөнгөнөөсөө төлбөрийг хасаж тооцохоор тохиролцсон байсан юм. Тийм учраас байрандаа оруулсан юм.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нэг жил 10 сарын хугацаанд дулаан, ус, СӨХ зэрэгийн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй атлаа усны тоолуурын заалтыг зогсоосноор 200.000 гаруй мянган төгрөгөөр торгуулж түүнийг нь мөн бид нар төлсөн. Энэ мэтээр бодит байдлаар нийт 2.215.420 төгрөгийн зардал гараад байна. Ц.Цэцэгмаагаас би 10.0 сая төгрөг аваад 5.0 сая гаруйг буцааж төлсөн, ажлын байрыг маань 20 сарын турш ашиглаж ашиг орлого олсон учир түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01081 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Тунгалагаас 6.740.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241.650 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 122.790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа давж заалдсан гомдолдоо:

Ц.Цэцэгмаа миний бие нь Бүрэнбүст багийн иргэн Өргөө трейд ХХК-ийн захирал Д.Тунгалагт өөрийн өмч болох Үйлчилгээний төвийн Наран зоогийн зоогийн газарт нийтийн хоолны тоног төхөөрөмж тавилга авч Олон үндэстний хоолны үйлчилгээ явуулахаар тохижуулах яаралтай мөнгө хэрэгтэй байна чи танил ихтэй хүн ямар ч хүүтэй хамаагүй 10 сая төгрөг олоод өгөөч гэж ажил дээр хэдэн удаа ирж гуйгаад байхаар нь олон үйлчилгээний объекттой үйл ажиллагаа явуулдаг тул итгээд хүүтэй мөнгө зээлдэг танилаасаа өөрийнхөө нэр дээр барьцаагүйгээр 10 сая төгрөгийг 2013 оны 12-р сарын 31-нд 5 сарын хугацаатай 10% ийн хүүтэйгээр зээлдэж авч өгөөд Тунгалагтай 01 номерын зээлийн гэрээг байгуулж баталгаажуулж авсан боловч зээлсэн мөнгөнийхөө сар тутмын хүүг төлөхгүй гэрээний хугацаа дуусахад 2014 оны 05-р сарын 31-нд зээлсэн мөнгөө хүүгийн хамт 16 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10% ийн хүүтэй төлнө гэж 02 номерийн зээлийн гэрээг хийсэн боловч бас л төлөлгүй худал ярьж зугтааж удаа дараа нэхүүлж би мөнгөнийх нь хүүг төлж явсаар 2015 оны 01-р сарын 01 хүртэл Тунгалагт авч өгсөн 10 сая төгрөгийнхөө хүүнд 12 сая төгрөг төлж ажлын байран дээр ирж зээлдэгч зээлсэн мөнгөө нэхээд ажил хийх боломжгүй, банк Тунгалагтай уулзахад анх удаа 2014 оны 12-р сарын 29-нд миний хаан банкны 5094296289 тоот дансанд 500.000 төгрөг хийгээд түүнийгээ хасч 2015 оны 01-р сарын 01-нд 03 тоот зээлийн гэрээг хийж зээлсэн мөнгөө хүүгийн хамт 21.600.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5% ийн хүүтэйгээр төлөхөөр Тунгалаг өөрөө графикаа хийж би зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан.

Бүтэн 4 жил болоход хүний 10 сая төгрөгийг төлөхгүй гэж байгаа нь үнэхээр хүний мөсгүй болохыг харуулж байна. Зээлийн гэрээн дээрх гарын үсэг Тунгалагийнх мөн. Тунгалаг миний гарын үсэг биш гэж тайлбар өгөөгүй. Харин ч илүү баталгаатай болгож өөрөө сайн дураараа компанийхаа тамгыг дарсан. Надаас мөнгө авахын тулд Тунгалаг нь хугацаандаа өгч чадахгүй бол найз нь алданги төлнө 3 хувиар төлье гэхэд нь би засаж 5% болгосон юм. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийн шаардлагаар нийцүүлж 0,5 хувиар алданги тооцсон юм. Тунгалаг нь эвлэрүүлэн зуулчлал дээр надад мөнгө төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байсныг шүүх анхаарсангүй.

Шүүх Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн үгээр асуудлыг шийдэж хүү, алданги гаргуулахгүйгээр шийдэж гомдолтой байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангасан заалтыг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй гэдгийг няцаагаагүй, хариуцагчийн гарын үсэг мөн эсэх дээр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, гэрээний он сар өдөр хүү алдангийн тоо засвартай зээл авагч тал гэдэг дээр Өргөө Трейд ХХК-ийн тамга дарагдсан гэсэн үндэслэлийг заажээ.

Хариуцагч Тунгалаг нь зээлийн гэрээн дээрхи гарын үсгийг минийх биш гэсэн тайлбарыг шүүхэд өгөөгүй бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад Тунгалагийн гарын үсэг биш ,Тунгалагийн өөрийнх нь Өргөө Трейд ХК-ийн тэмдэг дарагдсан тул хариуцагч нь хуулийн этгээд байна гэх зэргээр тайлбар хийсэн юм. Хариуцагч Тунгалаг нь бусдаас 4 жилийн өмнө авсан мөнгөө өгөхгүй гэж элдэв арга хэрэглэж байгаад буюу бодит байдал дээр юу болсон гэдгийг нотлох баримт болох эвлэрүүлэн зуучлалын материал, хариуцагчийн нөхрийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн байдал зэрэг нөхцөл байдал нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолж байгаа тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан заалтыг оруулна уу гэжээ.

                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь хариуцагч Д.Тунгалагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16.740.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ц.Цэцэгмаа Д.Тунгалаг нарын хооронд хийгдсэн 01 тоот зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Тунгалагт 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 5 хувиар бодож алданги төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч Д.Тунгалаг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж 10.000.000 төгрөг зээлж аваад 3.260.000 төгрөгийг дансаар, 2.000.000 төгрөгийг бэлнээр өгч нийт 5.000.000 гаруй төгрөг төлсөн гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээг амаар байгуулсан хариуцагч нь нэхэмжлэгчээс 10.000.000 төгрөг зээлж авсан үүнээс 3.260.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон учир хариуцагчаас 6.740.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад олгохоор хариуцагч нь 2.000.000 гаруй төгрөг бэлнээр төлсөн гэдгээ нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү алданги төлөхөөр тохиролцсон гэж маргаж байгаа боловч 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй гэдгийг няцаагаагүй, хариуцагчийн гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй, дээрх гэрээний он сар өдөр, хүү алдангийн тоо засвартай, гэрээний зээл авагч тал гэдэг дээр Өргөө Трейд ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэх боломжгүй эргэлзээтэй гэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцээгүй нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичгийг үйлдэж гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зохицуулсан ба талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдсэн зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх боломжтой байна.

Хариуцагч Д.Тунгалаг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж тайлбар гаргаж байгаа боловч зээлийн гэрээнд Д.Тунгалаг гэсэн гарын үсэг зурсан нь шүүхэд өгсөн хариу тайлбарт зурагдсан гарын үсэгтэй адил зурагдсан /хх-15/ Өргөө Трейд ХХК Д.Тунгалаг гэсэн тамга дарсан байгааг хариуцагч Д.Тунгалаг баримтаар няцаагаагүй ба хавтаст хэрэгт өөр нотолсон нотлох баримт авагдаагүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа нь хариуцагч Д.Тунгалагийн 3.260.000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрсөн ба 2.000.000 гаруй төгрөгийг дансаар төлсөн гэсэн тайлбарыг няцааж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагаас Д.Тунгалагийн төлсөн 5.260.000 төгрөгийг хасч үндсэн зээл хүү алдангид 14.610.000 төгрөгийг хариуцагч Д.Тунгалагаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2017/01081 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Тунгалагаас 14.610.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагчаас 122.790 төгрөг гаргуулан...” гэснийг “...хариуцагчаас 231.000 төгрөг гаргуулан...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ