Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

            хохирогч Д.Мандалбаатар, 

шүүгдэгч Ж.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жунайгийн Наранбаатарт холбогдох 201619000635 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Баянбараат суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн Цамын булаг гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жунайн Наранбаатар /РД:НГ61040479/ гэв.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            Шүүгдэгч Ж.Наранбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Мандалбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр багийн наадам болж наадам үзчихээд явж байтал араас хүн дуудахаар нь эргээд хартал Хишигжаргал, Мандалбаатар, Батсүх, Мөнхтулга нар байсан. Намайг тэдэн дээр очиход ууж байсан архинаасаа нэг хундагыг надад татчих гээд хийж өгсөн. Удалгүй архиа ч ууж дууссан. Батсүх бид хоёрыг тэднээс хол машины хажууд сууж байхад Мандалбаатар ирчихээд ганц юм уух уу гэхээр нь би байвал ууя гэсэн чинь Мандалбаатар цаашаа яваад өгөхөөр нь би араас дуудаад нэг шил архи байгаа юм уу гэхэд тухайн үед Мандалбаатар нилээн согтуу байсан ба надад уурласан байдалтай байвал яах юм, байхгүй бол яах юм бэ гээд миний өөдөөс салаач өгөхөөр нь би за Мандалбаатараа нас намбандаа байна шүү гэхэд Мандалбаатар намайг цохиод авсан. Тэгээд би өөдөөс нь зөрүүлээд цохисон ерөөсөө ийм зүйл болсон. Мандалбаатарын биед шүд хугарч, тархины зураг авахуулах шаардлагатай болсон. Би хохирол төлбөр, замын зардал нийлээд нийт 1156000 төгрөгийг Мандалбаатарт төлсөн. Одоо Мандалбаатар надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гээд бид эвлэрсэн гэв.

 

Хохирогч Д.Мандалбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр бригадын наадам болж эхнэр хүүхэд наадам үзэх гээд явахад би гэрээ хараад үлдсэн. Намайг хонь хариулж явахад наадам ойрхон болж байсан болохоор морь үзэх санаатай талбай дээр очоод нэг дор хамт ажиллаж басан хэдэн найз нартайгаа таарч ганц хоёр шил архи хувааж уучихаад хүний юм яаж зүгээр уухав гэж бодоод Наранбаатарыг дахиад нэг шил архи уух уу гээд архи хайсан боловч олдоогүй би буцаж ирээд архи олдоогүй талаар хэлэхэд Наранбаатар намайг басамжилаад байхаар нь би салаавч гаргаад нэг алгадсан. Ж.Наранбаатар намайг нэг цохисон бас дэвссэн гэсэн. Би тэр үед ухаан алдчихсан нэг мэдсэн эхнэр хүүхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачиж анхны тусламж үзүүлж дараа нь хотод гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Гэмт хэргийн улмаас миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Хохирол төлбөрт 1156000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэв.

 

МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч Ж.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .. Тэр өдөр 11 цагийн үед Бараат бригадын наадам болоод Бригадын төв дээр очсон юм.  Наранбаатар бид хоёр сууж байтал Дугарсүрэн ирсэн. Тэгээд удалгүй Дугарсүрэн яваад өгсөн. Их удалгүй Мандалбаатар тэгтэл Наранбаатар Мандалаа чи том хүргэн ахыгаа дагуулчихаад нэг юм олоо юу гэхэд Мандалбаатар учиргүй Наранбаатарт салаавч өгөөд байсан тэгээд Наранбаатарын хамар луу баруун гараараа цохитол Наранбаатар яадаг хүүр бэ гээд босоод Мандалбаатарыг цохисон. Тэгээд Мандалбаатар газар унасан. Наранбаатар өшиглөх шиг болсон. Би сайн анзаарч хараагүй. Тийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-20 тал/,

            Гэрч Б.Хишигжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр би өглөө 10 цагийн үед Бараат 1-р багийн төв дээр очсон юм. Тэгээд өдөр 13 цагийн үед Наранбаатар бид хэд машины сүүдэрт сууж байтал Мандалбаатар ирээд Наранбаатартай маргалдах шиг болсон. Нэг мэдсэн чинь Наранбаатарын хамарнаас нь цус гоожоод байсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-21 тал/,

            Гэрч Ц.Агваандорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Наадмын асар дотор сууж байхад Мандалбаатар орж ирж байсан. Тэнд орж ирээд Мандалбаатар надад айраг хийж өгч байсан. Тэгээд би буцаад явсан. Тэнд удаагүй. Тэр талаар би маргааш нь хүнээс сонссон. Тухайн үед би дэргэд нь байгаагүй” гэсэн мэдүүүлэг /хх-23 тал/,

Гэрч А.Мөнхтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тэгээд Мандалбаатар, Нааранбаатар, Агваандорж бид хэд сууж байгаад 0,5 литрийн архи уусан юм. Тэгээд тарцгаасан. Тэгсэн Бааваа Наранбаатар хоёр өөр газар очоод сууж байтал Мандалбаатар өнгөрч гараад Наранбаатар, Бааваа хоёр дээр очиж байсан би бие засах гээд урдуур нь явж байсан юм. Тэгээд би эргээд ирсэн. Наранбаатарын хамарнаас цус гоожсон байдалтай Мандалбаатар нь хажууд нь хэвтэж байсан. Тэгээд Мандалбаатарын гэрийхэн ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Ш.Лхагва-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:.. Наранбаатар их л даруухан томоотой хүн би олон жил найзалж байна.  Архи дарс уугаад байдаггүй урьд өмнө нь хүнтэй зодолдож байсан талаар би сонсож байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Ж.Батдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  Мандалбаатар нь их томоотой нутаг усандаа нэр хүндтэй нас тогтсон хүн байдаг. Дээр үед хөдөө аж ахуйн инженер хийж байсан элдэв янзын ааш араншингүй л хүн байдаг юм. .. Архи дарс уугаад байдаггүй их л томоотой ааш араншин гайгүй л хүн дээ” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 тал/,

- Хохирлын мөнгө авсан тухай тодорхойлолт /хх-14 тал/,

 

- Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №406 тоот актанд: /шинжээчийн дүгнэлтэд/

1. Ж.Наранбаатарын биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамарт хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-32 тал/,

- Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №413 тоот актанд: /шинжээчийн дүгнэлтэд/

1.Д.Мандалбаатарын биед тархины доргилт, хамрын хянга, 2 талын нүдний ухархайн доод хана, ухархайн урд доод ирмэг, 2 талын гайморын хөндийн урд хана, ар хана, хатуу тагнай зэргийг хамарсан нийлмэл хугара, хамар ясанд хугарал, доод эрүүнд 5 шүдний булгарал, зүүн чих, баруун хацар хамар, доод урууланд зулгаралт, баруун, зүүн зовхи, буйл доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ /хх-34 тал/,

 

-толгойн компьтерт томографийн шинжилгээ /хх-35 тал/

            -зэргийн үзүүлэлт /хх-36 тал/,

            -хохирлын баримт /хх-62-76 тал/,

            -Д.Мандалбаатарын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл

           

            -шүүгдэгч Ж.Наранбаатарыг 2016 оны 09 сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-47 тал/, 2016 оны 09 сарын 15-ны өдөр яллагдагчаар /хх-55 тал/, 2016 оны 09 сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-56 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

 

-шүүгдэгч Ж.Наранбаатарын ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх- 59 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Наранбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Мандалбаатарыг  хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч Д.Мандалбаатарын мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын өгсөн мэдүүлгүүд  Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №413 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Наранбаатарыг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Наранбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Наранбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Наранбаатарт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт дахь хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Мандалбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Наранбаатар нь хохирогч Д.Мандалбаатарт 1156000 төгрөгийг хохирлын төлбөр төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жунайн Наранбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Наранбаатарыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын  хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Наранбаатарт оногдуулсан 01 жил 03 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

          4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Наранбаатарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

          5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар ялтан Ж.Наранбаатар нь тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Ж.Наранбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Ж.Наранбаатарт танилцуулсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, ялтан Ж.Наранбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1156000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Наранбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ж.Наранбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА