Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 714

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 У.Х-, У.Б- нарт холбогдох

                     эрүүгийн  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Даваасүрэн,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1055 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн У.Х-, У.Б- нарт холбогдох эрүүгийн 1909008220312 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Улаанханцуйт овгийн У.Х, 19.. оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт ....... дүүргийн 2 дугаар хорооны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, Увс аймгийн прокурорын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Увс аймгийн прокурорын 197 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

2. Улаанханцуйт овгийн У.Б., 19.. оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймагт төрсөн, .......... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .......... дүүргийн 2 дугаар хороо, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......../;

Ховд аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

У.Х-, У.Б- нар нь бүлэглэн тусгайлан хамгаалсан орон байр, агуулах саванд нэвтэрч 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудлын хойно байрлах ТҮЦ-нээс 5 ширхэг хонины гулууз мах хулгайлан авч, хохирогч М.Алтынжанд 1.058.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: У.Х-, У.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заажээ.

Эрүүгийн 190908220312 дугаартай хэргийн яллагдагч У.Х-, У.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаж байсан хуудсаар ял шийтгэлийн мэдээллийг гаргасан байх боловч холбогдох шийдвэрийг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна. У.Б- нь холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдолын эмгэг гэсэн оноштой хөдөлмөрийн чадвар 79 хувь алдаж Нийгмийн халамжийн тэтгэвэрт байдаг болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан сэтгэцийн  өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй гэснийг зөрчжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” бөгөөд холбогдох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ. У.Х- нь 2 настай хүүхэдтэй, одоо жирэмсний 35 долоо хоногтой өрх толгойлсон эмэгтэй гэх боловч холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байна. Түүнчлэн яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хувийн байдлыг шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд У.Б-, У.Х- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, хэргийг прокурорт очтол У.Б-, У.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс У.Б- нь “Холимог шинж бүхий хоёрт туйлт сэтгэл цочирдлын эмгэг оноштой, хөдөлмөрийн чадвар 79 хувь алдсан” гэх баримтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна. У.Б- нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд дээрх баримтуудыг гаргаж өгөөгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гомдол гаргаж байгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн байхад урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлахдаа прокурорын санал аваагүй, өмгөөлөх талаас урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг гаргасан хүсэлтийг прокурорт танилцуулаагүй зэргээр хууль зөрчсөн байна. Түүнчлэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг баасан гаригийн үдээс хойш буюу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17:20 минутад тус дүүргийн прокурорын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгснийг бичиг хэргээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 минутад хүлээн авсан тул прокурорыг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд зоролцох боломжоор хангаагүй болно.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...улсын яллагч... шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэсэн заалтыг зөрчсөн, шүүх хуралдаанд прокурор оролцуулалгүй хийж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буаах тухай” Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1055 дугаар шүүгчийн захирамжтай яллагдагч У.Б-, У.Х- нарт холбогдох хэргийг прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/1028 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт прокурор, хохирогч, яллагдагч, өмгөөлөгч нарыг оролцуулан явуулахаар шийдвэрлэсэн /хх-79/ атлаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг прокурорын оролцоогүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргадаг.

Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ гэж заасанг зөрчиж анхан шатны шүүх прокурорт урьдчилсан хэлэлцүүлгийг товыг мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.  

Хэргийн материалд прокурорт шүүх хуралдааны товыг хуульд заасан ямар нэг хэлбэрээр мэдэгдсэн талаарх баримт байхгүй тул “...шүүх хуралдаанд прокурор оролцуулалгүй хийж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй...” талаархи прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул прокурорын эсэргүүцлийн “У.Б- нь мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд өвчний талаарх баримтуудыг өгөөгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гомдол гаргаж байгаагүй” талаарх зарим хэсгийг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байгааг тэмдэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1055 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч У.Х-, У.Б- нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ