Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0852/З |
Дугаар | 221/МА2024/0138 |
Огноо | 2024-02-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2024/0138
П.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Нэхэмжлэгч: П.А-
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0006 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0852/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.А-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийн П.А-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийн П.А-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно” хэмээн хуульчилсан. П.А- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 600 м.кв газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу 5 жилийн хугацаатайгаар эзэмшсэн ба өмнө нь ажиллаж байсан дугуй засварын газрыг өргөжүүлж бүх төрлийн гагнуур, агрегат засвар, токарь, пресс, өрөм, точил, төмөр хийцийн үйлчилгээг иргэдэд үзүүлж газар эзэмших гэрээ болон гэрчилгээнд заасны дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа болно.
3.2. Гэтэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан.
3.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т: гэтэл нэхэмжлэгч П.А- нь ...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ гаргасан нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар маргаагүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Дүнжингарав худалдааны төвийн дэргэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 2019 оны 06 дугаар сарын 26-нд нэг удаа, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин нэг удаа гаргасан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлээгүй бөгөөд тухайн байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотойгоор маргаан үүсгээгүй бөгөөд одоо нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй захирамжийн дагуу хүсэлт гарган газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
3.4. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т: дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ нийслэлийн Засаг даргад гаргах ёстой байсан хэмээн бичсэн нь хугацааны хувьд болон хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтныг буруу тодорхойлсон байна. Анх П.А- нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрээгээ байгуулсан бөгөөд энэ үеэс албан ёсны эзэмшигч болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын өмнө буюу хүсэлтээ гаргах бөгөөд шийдвэрлэх албан тушаалтан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар Газрын алба юм.
3.5. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т бичигдсэн хуулийн зүйл заалтад тусгагдсан агуулга буруу байна. Үүнд: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана хэмээн бичжээ. Гэтэл газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-нд өөрчлөлт орж 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт: “Эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана хэмээжээ. Шүүхийн шийдвэр нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан болно. Дээрх алдаа нь хууль дээдлэх, хууль хэрэглэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
3.6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэл үндэслэлтэй эсэх түүнчлэн захиргааны акт үндэслэлтэй эсэх үйл баримтад хууль зүйн заасан бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт: “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт: ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах хэмээн хуульчилсан.
3.7. Гэтэл дээрх захирамжийг гаргахдаа иргэн П.А-ийн эзэмшиж буй газраа гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нягталж шалгасан талаарх ач холбогдол бүхий мэдээлэл, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ огт биелүүлээгүй шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн болно. Мөн энэ талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт алга байна.
3.8. Мөн хуулийн 27 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж сонсох ажиллагаа явуулах талаар хуульчилсан. Тодруулбал 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана. 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт: сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он сар, өдөр, цаг байрлал, дарааллын талаарх мэдээлэл, түүнчлэн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь хэсэгт”: захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, мөн хуулийн 27.3.3 дахь хэсэгт: “ захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгах ёстой.
3.9. Гэтэл захиргааны байгууллагаас Өдрийн сонины сурталчилгаа гэсэн нүүрэнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн үйлдлээ 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах бүх үндэслэлийг хангасан ба хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл мэдэгдлийг хүргүүлсэн үйл явц нь хуульд нийцсэн боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7 дахь хэсгийг зөрчсөн байна.
3.10. Төрийн байгууллагын аливаа үйл ажиллагаа нь зарчим, хэм хэмжээ, хууль тогтоомжид тулгуурлах ба үүний нэг нь сонсох ажиллагаа юм. Уг процессыг шийдвэр гаргахыг өмнө явуулах бөгөөд гарч буй шийдвэр нь үндэслэлтэй, ул суурьтай гарах нөхцөл боловч сонингийн буланд нийтлүүлэх төдийхнөөр сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх нь хэлбэрийн төдий байдлаар хэрэгжүүлсэн үндэслэл юм. Хариуцагч байгууллагаас түүнийг шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаанд оролцуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй, утсаар эсхүл мэйл хаягаар, бичиг хүргэгчээр хүргэх зэрэг санаачлагатай хандаагүй нь өнөөдрийн асуудлыг үүсгэсэн атал шүүх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
3.11. Дээрхээс дүгнэн үзвэл 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамж нь хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт юм. ...үйл явдал талаас дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх чиг үүрэгтэй атал нэхэмжлэлийн шаардлагад хамаарагдахгүй талуудын хооронд үүссэн маргаанаас өөр асуудалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн явдал нь товчхондоо шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх түүнчлэн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл яаж ийж байгаад хэрэгсэхгүй болгох бодлого барьсан мэт болжээ.
3.12. Анхан шатны шүүх хэдий нэхэмжлэгч байгууллага зориулалтын дагуу ашигласан нь үнэн хариуцагч байгууллагаас гаргасан эрх зүйн акт үндэслэлгүй боловч газрын хугацаа дууссан нь нэхэмжлэлийг хангасан ч газар эзэмших хугацааг хариуцагч байгууллагаас сунгахгүй тул нэхэмжлэлийг хангах шаардлагагүй хэмээн дүгнэсэн явдал нь тэртээ тэргүй үхэх хүнийг эмчлээд яах юм гэх агуулга бүхий үйлдэлтэй агаар нэг юм. Шударга ёсыг тогтоох иргэн аж ахуйн нэгж байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээж хууль хууль бус үйлдэл, шийдвэр эс үйлдэхүйг таслан зогсоох нь шударга шүүхийн чиг үүрэг юм.
Иймд “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0006 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/557 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн П.А-эд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс энэхүү Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/557 тоот захирамжийн П.А-эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... Газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг газрын албанд 2 удаа гаргах явцад хариу өгөөгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг бол захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан үүргээ бүрэн биелүүлээгүй, ... мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулах үүрэгтэй атал ... ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй”” гэж тайлбарлан маргасныг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу биш байна.
2.3. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:” гээд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж; Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.
2.4. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргадаг эрх бүхий этгээдийн хувьд газар эзэмшигч, ашиглагч этгээд Газрын тухай хууль тогтоомж болон гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих эрхтэй боловч тухайн гэрчилгээ эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзвэл уг зөрчсөн гэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй, өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох, энэ нь яагаад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон талаар баримтаар тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх учиртай.
2.5. Маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэсэн ерөнхий үндэслэлээр нэр бүхий иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч П.А-ийн газар эзэмших эрх багтсан, хариуцагчаас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн аль хэсэг нэхэмжлэгчид хамаатай талаар маргаан бүхий актын хавсралтад тодорхой заагаагүй боловч нэхэмжлэгчид 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4381 дүгээр албан бичгээр “... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийг өөрийнх нь газар эзэмших эрхийн газар эзэмших эрх дуусгавар болсон, газраа 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгосныг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
2.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан.
2.7. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж нарийвчлан заасан.
2.8. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч П.А- нь хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдөр дуусахаас 30 хоногийн өмнө бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар өргөдөл хүсэлт гаргах үүрэгтэй, хэрэв заасан хугацаанд хүсэлт гаргасан байхад төрийн захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэрлээгүй, эсхүл татгалзаж шийдвэрлэсэн бол хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцагчийн уг эс үйлдэхүйтэй нь холбогдуулан шүүхэд хандаж маргах эрх нь нээлттэй байжээ.
2.9. Хэдийгээр хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар баримтаар тогтоогдсонтой холбоотой баримт нотолгоог хавсаргаагүй боловч нэхэмжлэгч нь анх иргэний ахуйн, авто үйлчилгээний зориулалтаар Б.О-д эзэмшүүлсэн газрыг нэхэмжлэгчийн өөрийнх нь зориулалтыг үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар шийдвэрээр үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг газрыг зориулалтын дагуу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хэлбэрээр эзэмшиж байгааг нотлох холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, мөн 2014 оноос хойш уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримт нотолгоог гаргаж маргаагүй байна.
2.10. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид 2014 онд 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа 2019 онд дууссан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Алтансүх нь эгчдээ итгэмжлэл олгож, газар эзэмших эрхээ сунгуулах хоёр удаа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй” гэж тайлбарлах боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй буюу хариуцагчийн газар эзэмших эрхийг сунгахгүй эс үйлдэхүй гаргасантай нь холбогдуулан “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгах” гэх зэрэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, давж заалдах гомдол тайлбартаа “... газар эзэмших эрх сунгаагүй, газар эзэмших эрх дуусгавар болсонтой маргахгүй” гэж энэ талаар маргахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар анхан шатны шүүхийн энэ талаарх үйл баримтыг тодруулан шалгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүйг буруу гэж үзэх боломжгүй байна.
2.11. Иймээс нэхэмжлэгчийн “... 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус тус хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй” гэх тайлбараар хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрийг шүүх хүчингүй болгох боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй энэ хугацаа даруй 3 жилийн хугацаа өнгөрсний дараа сунгуулах хүсэлт гаргаж, захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах шийдвэр гаргаагүй эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй, ... захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргээгдэхээргүй байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.
2.12. Түүнчлэн газар эзэмшигч П.А- болон газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Э.Т нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т газрын төлбөрийг улирал бүхийн эхний сарын 25-ны дотор Төрийн сангийн ... тоот дансанд төлөхөөр, 4.1-д газар эзэмшигч нь гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшихээр тус тус заасан, нэхэмжлэгч П.А- нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар бүрэн төлж барагдуулсан, өр төлбөргүй гэх боловч хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар П.А-ийн 1330801296 тоот газар эзэмших, ашиглах гэрээний газрын төлбөрт жилд 728.384 төгрөг төлөхөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үлдэгдэл 2.452.106 төгрөгийг төлөөгүй, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд өргөдөл хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхийн хамгаалалт шаардсан нь үндэслэлгүй байна.
2.13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь нэгэнт 2019 онд дуусгавар болсон, тэрээр газар эзэмших эрх сунгуулахтай холбоотой асуудлаар тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй байх тул шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн дуусгавар болсон газар эзэмших эрх сэргэх тухай ойлголт байхгүй юм.
2.14. Төрөөс хуульд тусгайлан заасан журмын дагуу, тодорхой нөхцөл, болзол, хугацаатай олгогддог аливаа тусгай зөвшөөрөл, эрх нь хүчинтэй буюу олгогдсон хугацааныхаа дотор эзэмшигч этгээддээ эрх зүйн үйлчлэл, үр дагавар үүсгэх бөгөөд хугацаа нь дуусаж цаашид сунгагдаагүй, эсхүл хуулиар тусгайлан шаардсан нөхцөл болзлыг биелүүлээгүйгээс эрх цуцлагдсан зэргээр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон бол уг тусгай зөвшөөрөл, эрхийн дагуу аливаа шаардах эрх үүсэхгүй болно.
2.15. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-т “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-д “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заасан.
2.16. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ ижил утгатай өргөдөл, гомдол гаргасан 20 ба түүнээс дээш этгээд дундаасаа томилсон төлөөлөгч эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээллийг захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт болон захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийн хамт тусгахаар зохицуулсан.
2.17. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01-09/4523 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж тус газраа үйлчилгээний зориулалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг үүгээр мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг нэхэмжлэгч П.А-эд хүргүүлсэн.
Мөн Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №214 дугаарын 6 дахь талд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн газар эзэмшигч, ашиглагч нарт /28 дахь хэсэгт нэхэмжлэгч П.А-/ нийслэлийн Засаг даргын шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 305 дугаар өрөөнд явагдахыг мэдэгдсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “... хариуцагч байгууллагаас түүнийг шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаанд оролцуулах талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, утсаар эсхүл мэйл хаягаар, бичиг хүргэгчээр хүргэх зэрэг санаачилгатай хандаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ