Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/855

 

 

 

 

   2022        05         19                                   2022/ШЦТ/855

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Сүрэнхорол,

  шүүгдэгч О.Х /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотон овогт ОХд холбогдох эрүүгийн 2211 00000 0831 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хотон овогт ОХ, регистрийн дугаар ........................................,

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ЖИН ТЭЭГ” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 26-273 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Билэгсайханыг “гал түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, сууж байсан хуванцар сандлаар толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар чамархай, хамарт зулгаралт гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Билэгсайханы “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ ... найз Хишигбаттай архи ууж байгаад ялихгүй зүйлээс болж хоорондоо муудалцаж маргалдсан юм. Тэгсэн чинь О.Х нь сууж байсан хуванцар сандлаа аваад миний толгойн тус газарт нэг удаа цохисон чинь миний толгойноос цус гарсан. О.Х бид хоёр багын найзууд бид хоёрын дунд ямар нэгэн өр шир, өглөг авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Миний толгойн зүүн дээд хэсэгт хагарсан байгаа 3 оёдол тавиулсан байгаа. Тухайн гэмтлийг манай найз О.Х нь хуванцар сандлаар цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3807 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Д.Билэгсайханы биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, чамархай, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно ...” гэжээ /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч О.Хын “2022 оны 03 дугаар сарын 02-нд Билэгсайхан бид хоёр нэг шил архи хувааж уучихаад байж байтал дахиж нэмж архи уухаар болоод би дэлгүүр явсан юм. Намайг дэлгүүр явчихаад ирэх хооронд Билэгсайхан нь гэртээ галаа түлчихээд байж байя гээд үлдсэн юм. Тэгээд намайг дэлгүүр орчихоод эргээд иртэл Билэгсайхан нь галаа түлээгүй байсан юм. Тэгээд дэлгүүрээс авчирсан нэг шил архиа хувааж ууж сууж байгаад Билэгсайхан бид хоёр муудалцаж маргалдаад би Билэгсайханыг сууж байсан сандлаараа нэг удаа толгой руу нь цохисон юм. Тэгсэн чинь Билэгсайханы толгойноос цус гараад бид хоёр цусыг нь тогтоосон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 50 минутад №1697 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч О.Х нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 26-273 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Билэгсайханыг “гал түлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, сууж байсан хуванцар сандлаар толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар чамархай, хамарт зулгаралт гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Билэгсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3807 дугаартай шинжээчийн /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 50 минутад №1697 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Х нь “гал түлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж  тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар чамархай, хамарт зулгаралт гэмтэл бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч О.Х нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч О.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Билэгсайхан нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны үед тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотон овогт ОХыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ