Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/437

 

 

 

 

 

  2022        05          13                                     2022/ШЦТ/437

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Занги овогт ББд холбогдох эрүүгийн 2211 00000 0849 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч, жолооч мэргэжилтэй, Хүслэнт бүтээмж ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 10-1947 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Занги овогт ББ /РД:........................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МЖ” спорт төвийн нийтийн байранд Б.Баасандалайн нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохиж дээд уруулд няцарсан шарх, дух, зүүн шанаа, дээд уруул, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зулгаралт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээж зүүн бугалгад цус хуралт, цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөж баруун зургаадугаар хавирганы шугаман хугарал, зүүн зургаадугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МЖ” спорт төвийн нийтийн байранд Б.Баасандалайн нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохиж дээд уруулд няцарсан шарх, дух, зүүн шанаа, дээд уруул, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зулгаралт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээж зүүн бугалгад цус хуралт, цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөж баруун зургаадугаар хавирганы шугаман хугарал, зүүн зургаадугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Баасандалайн “... 2022 оны 03 сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо “МЖ” спорт төвийн нийтийн байрны 3 тоотод Батцэцэг гэх эмэгтэйтэй хамт архи уугаад байж байтал тэдний хаалгыг нь хүн нүдээд унасан. Тэгээд байж байтал Батцэцэг нь хаалгаа онгойлготол нэг залуу орж ирээд шууд миний нүүр хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиод намайг газар унагааж байгаад миний цээж хэсэг рүү хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4243 дугаартай дүгнэлтэд: “Б.Баасандалайн биед дээд уруулд няцарсан шарх, дух, зүүн шанаа, дээд уруул, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зулгаралт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээж зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоног үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэжээ /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 284 дугаартай дүгнэлтэд: “Б.Баасандалайн биед нэмэлтээр баруун 6-р хавирганы шугаман хугарал, зүүн 6-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 03 сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Бгийн “2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байх нийтийн байрны 3 тоотод ирээд хаалгаа тогштол хаалга онгойлгохгүй байхаар нь гайхаад 30 гаран минут хаалгаа тогшсон. Тэгсэн манай эхнэр Батцэцэг нь хаалга нээсэн бөгөөд тэр нэг танихгүй залуугийн хамт согтуу байж байсан. Тэгэхээр нь би тухайн залууг энэ хүн хэн бэ гэхэд манай эхнэр энэ манай хамаатан байгаа юм гэж надаа худлаа ярьсан. Тэгээд миний уур хүрээд тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь өөрийн гараараа 4-5 удаа цохиод авсан, тэгээд өнөөх залуу доошоо суухаар нь түүний цээж хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 48/, хохирлын баримт /хх 38-40/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 46/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 59-60/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 170 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 61/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “МЖ” спорт төвийн нийтийн байранд Б.Баасандалайн нүүр хэсэгт гараараа 4-5 удаа цохиж дээд уруулд няцарсан шарх, дух, зүүн шанаа, дээд уруул, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зулгаралт, дух, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээж зүүн бугалгад цус хуралт, цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөж баруун зургаадугаар хавирганы шугаман хугарал, зүүн зургаадугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоос “...миний бие Баярбаясгаланд гомдолгүй, хохиролгүй, хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэх хүсэлтийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан;

дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 161000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161000 төгрөг /хх 51 дүгээр тал/-ийн зардал гарсныг шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн үед Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд уг 161000 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги овогт ББг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ