Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар  2022/ШЦТ/415

 

 

 

  2022        05          09                                     2022/ШЦТ/415

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч М.Л /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт МЛд холбогдох эрүүгийн 2211 00358 0880 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хоол үйлдвэрлэл техник технологич мэргэжилтэй, Хишигт зоог ресторанд зөөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, Угалзатад оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагч 47-1109а тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Халзан овогт МЛ /РД:................................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Л нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн 47-1109 тоотод хохирогч Б.Нямхүүг гэрт буцаж ирлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Л нь:

2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн 47-1109 тоотод хохирогч Б.Нямхүүг гэрт буцаж ирлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч М.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Нямхүүгийн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би өглөө 10 цагийн үед төрсөн дүү Доржпүрэв, бэр Лхагвасүрэн, найз Төгөлдөр нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байрны 3 дугаар орцны подвал 0 тоотод төрсөн ээж Д.Дэлгэрмаагийнд очиж золгох гээд очсон юм. Тэгээд бид дөрөв ээжтэй золгочихоод буцаад Чингэлтэйд байх гэрлүүгээ буцаад ирж амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 08-09 цагийн үед гэж бодож байна санахгүй байна бэр дүү М.Л гэрээс гарч яваад дэлгүүр орж 2,5 литрийн багтаамжтай Сэнгүр, 0.5-н Хараа нэртэй архи авчихсан. Манай дүү Доржпүрэв, найз Төгөлдөр бид гурав М.Лгийн авчирсан архи пивийг нь хуваагаад ууж байсан чинь бэр дүү ус буцалгаад халуун цай найруулж энэ хоёрт аягалж өгөөд надаа сүүлд халуун цай аягалж надаа өгөх гэж байгаад миний зүүн хөл рүү санамсаргүй асгачихсан чинь миний зүүн хөлний шилбэний ар талын булчин хэсэг түлэгдчихсэн. Тэгсэн чинь М.Л юм хэлэлгүйгээр гэрээс гараад гүйчихсэн юм. Удалгүй М.Л хоёр цагдаа дагуулчихсан орж ирээд цагдаа намайг дагуулаад хэлтэс дээр ирсэн. Би цагдаагаас тухайн үед ямар шалтгааны улмаас ирсэн бэ гэхэд агсан тавьсан байна гээд над дээр зөрчлийн тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгосон юм. Тэгээд би буцаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сургуулийн 47-1109 тоот руу хэлтсээс гараад алхаад очиход найз Төгөлдөр гэрт байсан ба төрсөн дүү Доржпүрэвийн хувцсыг ээжийнх рүү авч явах гэж бэлдээд байж байтал тал хувцас нь байхгүй тал хувцсыг нь аваад хашааны үүдэнд М.Лгийн хувцсыг газар тавиад суугаад харж байсан ба би Төгөлдөрийг такси аваад ир гэж явуулаад байж байсан чинь дух руу цохих шиг болохоор нь нүүрээ дарсан чинь дагз хэсэг рүү 2-3 удаа цохихлоор нь би босоод харсан чинь бэр дүү Лхагвасүрэн гэрлүүгээ ганцаараа гүйж байсан ... Би хэрэг болсон өдрөөс хойш хэд хоногийн дараа Гэмтэл согог судлалын төв, 100 айлд байдаг арьс өвчин судлалын төвд зүүн хөлөө үзүүлж, эмчилгээ авсан. Харин Лхагвасүрэн миний баруун нүдний зовхинд учруулсан гэмтэлд эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн эмчилгээ аваагүй, өөрөө эдэгчихсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-14 дүгээр тал/,

Гэрч Б.Доржпүрэвийн “...би Лхагвасүрэнд цай чанаад өгөөч гэж хэлсэн чинь ус буцалгагчинд ус буцалгаад эхлээд надад аяганд цай хийж өгөөд дараа нь Төгөлдөр ахад цай хийж өгсөн сүүлд нь Нямхүү ахад аягатай цай хийж өгөх гээд гарт нь дутуу бариулаад зүүн гуя шилбэ рүү нь санамсаргүй байдлаар асгачихсан. ... гэрт ирэхэд Нямхүү ахын дух хэсэг буюу хоёр хөмсөгний голд нь хавдчихсан байсан. Тэгээд би ямар шалтгааны улмаас ийм болчихсон талаар асуухад Лхагвасүрэн араас нь гэтэж байгаад намайг цохичихсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч Д.Дэлгэрмаагийн “...Б.Нямхүү гэх хүн зөрчил гаргасан байна ирж ав гээд торгуулийн 25000 төгрөгөөр торгоно гээд байхаар нь би цагдаагийн данс руу 25000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2722 дугаартай “Б.Нямхүүгийн биед зүүн шилбэнд эдийн дутагдал бүхий шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “ ...Б.Нямхүүгийн биед зүүн шилбэний эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Шүүгдэгч М.Лгийн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цагаан сар болж байсан ба шинийн 03-ны өглөө 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагч 47-1109 а тоотод хамтран амьдрагч Доржпүрэв, хүргэн ах Нямхүү, Нямхүү ахын найз Төгөлдөр гэх хүмүүстэй хамт байцгааж байсан юм. Бид дөрөв Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр байрны 3-р орцны подвал 0 тоотод хадам ээж Дэлгэрмаагийн гэрт очиж золгох гээд очсон юм. Тэгээд бид дөрөв буцаад гэр лүүгээ ирж амарцгаасан юм. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өглөө цагийг нь сайн санахгүй байна 10-11 цагийн үед би нөхөр Доржпүрэвийн хамт гэрийн ойролцоо байх дэлгүүр орж хараа нэртэй 0,75, 0,5-н архи аваад буцаад гэрт ирсэн ба Нямхүү ах, Доржпүрэв, Төгөлдөр ах гурвуулаа хувааж ууж байх хооронд би ус буцалгагчинд ус дүрдэг цай аяганд хийгээд Нямхүү ахад өгөх гэсэн чинь миний гар хальтраад Нямхүү ахын зүүн хөлний шилбэ хэсэг рүү санамсаргүй асгачихсан юм. Нямхүү ах яаж байгаа юм вэ пизда гээд уурлаад байсан. Тэгээд энэ гурав хөзөр тоглоод байж байснаа гэнэт Нямхүү ах, Доржпүрэв хоёр муудалцаад Доржпүрэв ширээн дээр байсан хоосон архины шил аваад зуухан дээр хагалаад зүүн гарын ядам хуруугаа зүсчихсэн ба Төгөлдөр гэх хүн болиулсан юм. Нямхүү ах, Доржпүрэв, хоорондоо маргалдаад байхаар нь би 102- луу дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Нямхүү ахыг авч явсан. Тэгээд Нямхүү ахыг цагдаа авч явахаар нь Доржпүрэв чи яах гэж цагдаа дууддаг юм гээд тоосгоор цонх хагалахаар нь дахиад 102 луу дуудлага өгсөн чинь цагдаа ирээд Доржпүрэв бид хоёрыг Чингэлтэй цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү аваад явсан. Тэгээд Доржпүрэв цагдаагийн хэлтэс дээр үлдээд би түрүүлээд Чингэлтэйд байх гэр лүүгээ очсон чинь Нямхүү ах гэрт ирчихсэн гэрийн үүдний довжоон дээр зогсож байхаар нь та яах гэж гэрт буцаж ирж байгаа юм гэсэн чинь пизда минь ирж болдоггүй юм уу гээд над руу хараал хэлээд байхаар нь зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн чинь Нямхүү ах газар уначихсан. Тэгэхээр нь би нүүр лүү нь 2-3 удаа өшиглөөд гэрлүү орсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,   

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, хохирогч, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 70-71/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 169 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч М.Л нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сургуулийн 47-1109 тоотод хохирогч Б.Нямхүүг гэрт буцаж ирлээ гэх шалтгаанаар толгойн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Б.Нямхүү нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан овогт МЛг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ