Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/414

 

 

 

 

 

   2022        05         09                                   2022/ШЦТ/414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч М.У /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт МУд холбогдох эрүүгийн 2211 00440 0841 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Отгонтэнгэр их сургуульд оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эх гудамжны 43-2184 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн задгай 2 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт МУ /РД:................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.У нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-157 тоотод фэйсбүүкээр танилцсан А.Энхболдтой хамт сууж пиво ууж байгаад түүний 1.799.100 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.У нь:

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-157 тоотод фэйсбүүкээр танилцсан А.Энхболдтой хамт сууж пиво ууж байгаад түүний 1.799.100 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч М.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч А.Энхболдын “2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн фэйсбүүкээр танилцсан Ундрам нэртэй эмэгтэйтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 3-157 тоот 23 цаг 40 минутад уулзаад 2,5 литрийн Боргио нэртэй шар айрагнаас 2-ыг хувааж уусан юм. Тэгээд 24-ний  өдрийн 2 цаг өнгөрөөгөөд манай бас нэг танил найз Од гэрт ирээд Ундрамтай жижиг хэмжээний маргаан болоод байсан болохоор Од байшингийн арын өрөөнд ороод унтчихсан ба би Ундрамтай хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад 04 цагийн үед би Ундрамын данс руу би өөрийн 5030411260 дугаарын данснаас таксины мөнгө гэж 30.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Ундрам таксинд сууна гээд яваад өгсөн. Тэгээд би утсаа шалгатал утас маань байхгүй байсан ба араас гараад гүйгээд орилтол сонсоогүй дүр үзүүлээд такси руу гүйгээд суучихсан. Тэгээд би гэртээ ороод гэрийнхээ бүх газар утсаа үзтэл байхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярын “Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Best-2” ломбарданд зээлийн мэргэжилтнээр ажилладаг юм. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай ломбарданд үл таних эмэгтэй орж ирээд “Realme.Gt.Neo2” маркийн гар утас барьцаанд тавихаар ирсэн юм. Тэгээд гар утасны нууц кодыг гаргаад өгсөн ба өөрийн гар утас байгаа юм. Манай гэрт гар утасны хайрцаг сав бүгдээрээ байгаа гэж ярьсан юм. Тэгээд гар утсыг үзэж байгаад 14 хоногийн хугацаатайгаар 500.000 төгрөгөөр барьцаанд авсан ба уг гар утсыг Мөнхцэцэгийн Ундармаа /РД:УЛ02280101/ гэх хүн бичиг баримтаар барьцаанд тавьсан ба уг хүний бичиг баримтын зурагтайгаа таарч байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.799.100 /нэг сая долоон зуун ерөн есөн мянга нэг зуун төгрөг/-р үнэлэгдэв гэжээ /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Угийн “Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн фэйсбүүкээр танилцсан Энхболд гэдэг хүнтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 3-157 тоотод орой 11 цагийн үед уулзаад пиво ууж байсан юм. Тэгээд 04 цагийн үед гаднаас Энхболд ахын найз Од гэдэг эмэгтэй орж ирээд Энхболд ахтай маргалдаад байхаар нь ширээн дээр байсан realme маркийн гар утсыг халаасандаа хийгээд гараад таксинд суугаад явсан. Энхболд ах тухайн утсыг авах зөвшөөрлийг надад өгөөгүй ... би өөрийн лизенгээ төлөхийн тулд авсан юм. Тэгээд тэр утсыг сансарт байх Best 2 нэртэй ломбарданд 500.000 төгрөгөөр тавиад би мөнгөө өөрийн 5664130824 дугаарын данс руу хийгээд лизенгээ төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот /хх-ийн 36 дугаар тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 54-55/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч М.У нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-157 тоотод фэйсбүүкээр танилцсан А.Энхболдтой хамт сууж пиво ууж байгаад түүний 1.799.100 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн “Realme.Gt.Neo2” маркийн гар утас /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/-ыг хүлээлгэн өгсөн ба хохирогч эд зүйлээ хүлээн авсан гомдол саналгүй гэжээ.

Мөн иргэний нэхэмжлэгч нь “...хохирлын мөнгөө бүрэн төлүүлж үлдэгдлээ авч дууссан ...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 62 дугаар тал/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт МУг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч ломбарданд тавьж иргэний нэхэмжлэгчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ