Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баянбулаг гол багт оршин суух, ..... дугаарын регистртэй, М овогт К-ийн А ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 153/2018/00297/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч К.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд суманд 1965 онд төрсөн. Миний бие 1981 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд шууд мал дээр гарсан. Энэ үед эцэг эхийн хамт мал маллаж байсан. 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд хонь, ямаа хариулж байсан. 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1987 оны 06 дугаар 23-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд хонь, ямаа маллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд К.А намайг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч К.А нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-8 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 908 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг бригадын 1981 оноос 1983 он, 1984 он, 1988 он, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 9-15 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

-Гэрч Х.Байкельдийн ...Би 1958 онд Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа гэдэг газар төрсөн. 1974 оноос эхлээд 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт мал маллаж амьдарч байна. К.А нь 1965 онд төрсөн. 1981 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. Улмаар 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж байсан. Цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.Күзенбайн ...Би 1980 онд Ховд аймгийн ТМС-ийг төгсөж, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малын бага эмчээр 1998 оныг хүртэл ажиллаж байсан. К.А нь 1965 онд төрсөн. 1981 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. Улмаар 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдаж байсан. Цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.А ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт К-н А-г 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар К.А улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ