Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар  2022/ШЦТ/413

 

  

 

  2022        05          09                                     2022/ШЦТ/413

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Ө.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт ӨАд холбогдох эрүүгийн 2211 00000 0756 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Иөншөөбү овогт ӨА /РД:............................./.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч Ө.А нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Чикаго баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Отгонбаатарын биед зүүн чих, баруун дунд хуруунд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.А нь:

2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Чикаго баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Отгонбаатарын биед зүүн чих, баруун дунд хуруунд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ө.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоогоор Бор өндөрт том тэрэгний жолооч хийдэг.Сардаа 800 000 төгрөгний цалинтай.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед 40 минут орчим зодуулсан. Би чихний эмчилгээний төлбөр болон цалин хөлсөнд 1.600.000 төгрөг нэхэмжилж байна. Би ажлаасаа гараад өөр ажилд орсон. Тэр өдрөөс хойш би 23 хоногийн дараа ажилдаа ороход надад цалин өгөөгүй” гэв.

Бид шүүх хуралдаан дээр 600 000 төгрөг авч өгөхөөр тохиролцсон.Үлдэгдэл хохиролыг нэхэжмлэхгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Отгонбаатарын “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа явахаас өмнө халтуур хийх гээд 3 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад Баянбүрд Чикаго баарны ар талын машин зам дээр зогсож байтал нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн миний машины хажуу талд ирэхэд эрэгтэй нь хамт явж байсан эмэгтэйг энэ машинд суучих хамт явъя гээд гичий янхан гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэсэн. Тухайн үед миний утасны сэрүүлэг дуугарсан чинь нөгөө залуу чи бичлэг хийгээд байгаа юм уу гээд миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгэхээр нь би машинаасаа буухад миний утсыг хойноо барьчихсан байхаар нь утсаа авах гээд тэвэрсэн чинь шар өнгийн куртиктэй, хар өнгийн куртик өмссөн хоёр залуу ирээд шар куртик өмссөн залуу шууд миний араас тэвэрч аваад юу болсон яасан бэ гэхэд хар куртик өмссөн залуу шууд миний толгойны ар хэсэг рүү цохиод байсан. Бид нар зууралдаж байх үед баарнаас хүмүүс гарч ирээд та нар болиоч ээ гэсэн чинь хар шар куртик өмссөн хоёр залуу цаашаа яваад өөр хүмүүстэй маргалдсан. Гэтэл надтай анх зууралдаж байсан залуу миний хүзүүнээс тэвэрч барьчихаад чихнээс хазаад толгойны зулай болон шанаа хацраас хазаад байсан. Би 102 луу залгаж дуудлага өгсөн. Би намайг хазсан залууг тавихгүй байсан чинь хамт явж байсан хоёр залуу нь чи манай найзыг тавихгүй бол чиний машиныг унаад явлаа шүү гээд миний машинд сууж байгаад буугаад хар куртик өмссөн залуу нь түрүүлээд явсан. Хаашаа яаж явсан гэдгийг мэдэхгүй байна. Би дахиад 102-т залгаж дуудлага өгсөн. Би цагдаа ирэх хүртэл тухайн залууг тавихгүй гээд зууралдаж байх үед намайг хазсан. Шар куртик өмссөн залуу нь намайг тавиулах гээд миний гаран дээр дараад байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг салгаад намайг зодсон залууг авч явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-7 дугаар тал/,

Гэрч Т.Ганзоригийн “...2022 оны 3 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байх үед найз Анхбат над руу яриад Чикаго баарны ойролцоо байна хамт оръё хүрээд ир гэсэн. Би 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Чикаго баарны гадаа ирэхэд намайг хүлээгээд байж байсан. Бид хоёр ороод 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Гэтэл манай хажуу талын ширээнд урд нь надтай хамт ажилладаг байсан Тэмүүжин гэдэг залуу хоёр эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Бид нар нийлээд нэг ширээнд суугаад дахиад 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Баар хаах болоод бид нар гарцгаасан. Би тухайн үед ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхэд Анхбат хашааны буланд нэг хүнтэй зууралдаад байж байх шиг байсан. Тэгэхээр нь намайг очиход хоорондоо зодолдсон байсан. Би очоод салгах гээд байж байх үед Тэмүүжин хажуу талд бас хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Би салгаж дийлэхгүй байсан болохоор эхлээд Тэмүүжинг салгаад таксинд суулгачихаад Анхбатын нөгөө хүнээс салгах гээд зууралдаж байх үед цагдаа ирсэн. Намайг салгах гээд зууралдаж байх үед Анхбаттай зодолдож байсан залуугийн чихнээс нь цус гарсан байсан. Цагдаа нар Анхбатыг авч явсан. Би Тэмүүжинг таксинд суулгаж явуулчихаад өөрөө гэр лүүгээ явсан. Би салгах гээд хоёр гаран дээр нь цохисноос тухайн залуугийн биед нь халдаж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн №3488 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Отгонбаярын биед зүүн чих, баруун дунд хуруунд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Шүүгдэгч Ө.Аын “...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чикаго баарны гадаа Отгонбаатартай маргалдсаны улмаас түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Отгонбаатарын эмчилгээний зардалд бэлэн 1.500.000 төгрөг, Томографын зураг авхуулахад 260.000 төгрөг, эм авахад 12.500 төгрөг, шүдний эмнэлэгт 160.000 төгрөг, ферфект эмнэлэгт үзүүлэхэд 40.000 төгрөг, Төгс ялгуун эмнэлэгт 20.000 төгрөгөөр үзүүлж 39.930 төгрөгөөр эм авч өгсөн. Би дээрх мөнгийг үеэл ах Б.Лувсангийн данснаас шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар тал/, байнга оршин суух хаягаа хаягийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар Ө.А нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Чикаго баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Отгонбаатарын биед зүүн чих, баруун дунд хуруунд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Отгонбаатарын биед “... зүүн чих, баруун дунд хуруунд шарх, зүүн хацар, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ө.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: шүүгдэгч Ө.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүх шүүгдэгч Ө.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хагалгааны зардал 1.000.000 төгрөг, цалин 600.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нар нь хохирол төлбөрийн талаар тохиролцон хохирлын 600.000 төгрөг гаргуулах, үлдсэн хохиролыг нэхэмжлэхгүй байх талаар эвлэрсэн байх тул шүүгдэгч Ө.Ааас 600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Отгонбаатарт олгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иөншөөбү овогт ӨАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аад оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Ааас хохирлын 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Отгонбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ