Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар  2022/ШЦТ/393

 

 

 

  2022        05          03                                     2022/ШЦТ/393

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Н.Ч /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт НЧд холбогдох эрүүгийн 2211 00000 0830 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа сийлбэр хийдэг, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 37-507 тоотод оршин суух хаягтай,

Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигин овогт НЧ /РД:.................................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч НЧ нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-507 тоотод бага насны буюу 9 настай төрсөн охин Ч.Өнөржаргалын нүүрэн тус газарт гар утсаар цохиж биед нь зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Ч нь:

2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-507 тоотод бага насны буюу 9 настай төрсөн охин Ч.Өнөржаргалын нүүрэн тус газарт гар утсаар цохиж биед нь зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Насанд хүрээгүй хохирогч Ч.Өнөржаргалын “...2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-507 тоот гэртээ байхад аав 20 цаг өнгөрч байхад ирсэн. Аав гаднаас ирэхдээ ууттай юм авчирсан ба дотор нь чихэр, жимс, ундаа гэх мэт зүйлүүд байсан. Аав надад чихэр болон шоколад гэх мэт зүйлүүд өгч байгаад, уутнаасаа нэг шил архи гаргаж ирээд энэ аавынх нь юм гэж хэлээд ширээн дээр тавихаар нь би уйлаад ааваа та архи уухаа болиоч гэхэд аав намайг дуугай бай гэж хэлээд өөрийнхөө утсыг над руу шидэхэд миний зүүн хацрыг оночихсон, тэгээд аав ганцаараа архиа уучихаад тухайн өдрөө унтаад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгийн “...2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр би ээж хүүхдүүдийнхээ хамт гэртээ хоол унд хийгээд дүү нар болон Чулуунбагана ахыг гэртээ урьсан юм. Тэгээд манай гэрт Чулуунбагана ах, охин Өнөржаргалын хамт ирэхэд Өнөржаргалын зүүн нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуутал аав нь хэлэхдээ 6 настай хүүхэд модоор цохичихсон юм зүгээр, тэгэхээр нь би хүүхдүүд хоорондоо тоглож байгаад болсон асуудал байх гэж бодоод юм хэлээгүй, тухайн өдөр Өнөржаргал манай гэрт хоносон ба 3 дугаар сарын 9-ний өдрийн өглөө ажилдаа явах гэж байхад Өнөржаргал надад хандаж аав намайг гар утсаараа цохисон, та намайг битгий явуулаач гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4023 дугаартай дүгнэлтэнд: “Ч.Өнөржаргалын биед зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Чулуунбаганын “...2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр би ажил дээрээ байхдаа ажлынхаа газрын хоёр эмэгтэйтэй нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-507 тоот гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн. Би гэртээ ирэхдээ дэлгүүрээс мартын баяр болох гэж байгаа учраас чихэр жимс, торт гэх мэт зүйлүүд аваад, нэг шил 0.33 литрийн архи авчихсан орсон юм. Тухайн үед гэрт охин бид 2 байсан ба би авсан архиа гаргаж ирэхэд охин Өнөржаргал маань уурлаж уйлаад байхаар нь би айлгана гэж бодоод өөрийнхөө утсыг шидэхэд зүүн нүдийг нь оночихсон юм. Тэгээд охин Өнөржаргал маань уйлаад би уучлалт гуйж аргадсан ба Өнөржаргалын нүд болон хацар нь хөхөрч хавдчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 24-25/, ажлын газрын тодорхойлолт /хх 29-30/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 46, 51/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Намжилмаагийн Чулуунбагана нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-507 тоотод бага насны буюу 9 настай төрсөн охин Ч.Өнөржаргалын нүүрэн тус газарт гар утсаар цохиж биед нь зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Чулуунбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт НЧыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чулуунбаганыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ