Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

 

 

  2022        05          02                                   2022/ШЦТ/386

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

“Саригийн овоо” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ө.Наранчимэгийн өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нойров овогт ЖБд холбогдох эрүүгийн 1911 03255 1008 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Шагшаа чих хамар хоолойн эмнэлэгт ресепшн ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 54 байрны 29 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Нойров овогт ЖБ /РД:.................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байрлах “Саригийн овоо” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт теллерээр ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 16 хүний нэрээр эд зүйл барьцаалан 18 502 000 төгрөг, 43 хүний нэр дээр барьцааны эд зүйл бүртгэх, зээл олгосон мэтээр барьцаат зээлийн гэрээг бөглөх, барьцаат зээлийн гэрээ хийж, эд зүйлээ барьцаалсан хүмүүст мөнгийг олгосон боловч, буцааж хугацаандаа төлөхөд нь баримтыг хааж гарын үсэг зуруулж зээлийг хаалгүй эргэлтэд байгаагаар тооцох, барьцаат зээлийн баримтад тоо нэмж бичих гэх мэт аргаар хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 69 удаагийн үйлдлээр 71 245 000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Б нь:

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байрлах “Саригийн овоо” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт теллерээр ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 16 хүний нэрээр эд зүйл барьцаалан 18 502 000 төгрөг, 43 хүний нэр дээр барьцааны эд зүйл бүртгэх, зээл олгосон мэтээр барьцаат зээлийн гэрээг бөглөх, барьцаат зээлийн гэрээ хийж, эд зүйлээ барьцаалсан хүмүүст мөнгийг олгосон боловч, буцааж хугацаандаа төлөхөд нь баримтыг хааж гарын үсэг зуруулж зээлийг хаалгүй эргэлтэд байгаагаар тооцох, барьцаат зээлийн баримтад тоо нэмж бичих гэх мэт аргаар хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 69 удаагийн үйлдлээр 71 245 000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан залилж авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Одоо Шагшаа чих хамар хоолойн эмнэлэгт ресепшн ажилтнаар ажиллаж байгаа. Хохиролын мөнгөө төлөөд явж байгаа. Өнөө маргаашдаа төлөх боломжгүй, миний буруу, хохирлоо барагдуулна. Гэм буруу маргахгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.

“Саригийн овоо” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ө.Наранчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би шүүхийн өмнө ингээд сууж байгаадаа харамсаж байна. Би 3 жилийн хугацаанд эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирсон. Би ломбарданд байгаа мөнгөндөө найдаж орон сууцны зээл авсан. Би 100 гаран сая төгрөгийн зээлтэй. Сард 1.500.000 төгрөгийн зээл төлдөг. Ж.Б сүүлийн үед залгахаар утсаа авахгүй, зурвас бичихээр хариу бичдэггүй. Хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна.Өөр санал хүсэлтгүй” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Саригийн овоо” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Ө.Наранчимэгийн “...Би өөрөө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөрийн 1 давхарт байсан 1416 тоот павильоныг түрээслэн ажиллуулж байсан. Үүндээ би “Саригийн овоо” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Манай нөхөр Д.Дамчийбадгар нь ерөнхий захирлын ажил хашдаг байсан. Тэр үедээ өөрийнхөө барьцаалан зээлүүлэх газартаа иргэн Ж.Б гэгчийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би хамтдаа ажилладаг байсан, түүний эгч Ж.Батдэлгэрийн хүсэлтээр, санал болгосноор Ж.Быг ажилд авсан. Ажилд орохдоо жирэмсэн байснаа нуугаад 3 cap гаран ажиллаад 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний амралтаа аваад 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс Ж.Бын өөрийнх нь хүсэлтээр барьцаалан зээлүүлэх ажилдаа буцаан авч байсан. Тэгээд энэ ажиллах хугацаандаа 600.000 төгрөгөөс 700.000 төгрөгийн цалин хөлс өгч ажиллуулдаг байсан. Тэгтэл миний итгэсэн итгэлийг далимдуулж сүүлийн 3 жилийн хугацаанд хүний барьцаанд тавьсан эд зүйлийг буцааж өгөлгүй, баримтыг нь хаалгүй, оронд нь хуурамч бөгж, ээмэг, цаг бугуйвч, гинж зэргийг өөр газраас өөрөө худалдан аваад бусдын барьцаанд тавьсан эд зүйлс гэж намайг хуурч мэхэлж байсан. Мөн хүмүүсийн бичиг баримтыг хуурамчаар ашиглаж, мөнгө гаргасан байсан. Бас хүмүүс барьцаанд эд зүйлээ тавиад тооцоогоо хийгээд буцааж авахад нь баримтыг нь хаалгүй эргэлтэд байгаа мэтээр хуурч мэхэлсэн байсан. Би тухайн үедээ түүнд итгээд нарийн шалгаж үзээгүй байсан. Тэгээд би өөрөө байр авах гээд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх гэж барьцаат зээлийнхээ газраас гаргуулж авах гэтэл Ж.Б олигтой мөнгө гаргаж өгч чадахгүй байсан тул би өөрөө барьцаалан зээлүүлэх газартаа шалгалтын ажиллагаа хийсэн. Ингээд хийсэн шалгалтаар 71.245.000 төгрөг дутаж байсан. Тэгээд Ж.Б нь хэргээ хүлээж эхэлсэн. Тэгээд боломж олгоод цагдаад өгөх гэж байснаа хүлээж мөнгө төгрөг өгөхгүй байсан тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цагдаад гомдлоо гаргаж өгсөн юм. 2019 оны 06 дугаар сарын 20-ноос 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 14.900.000 төгрөг цувуулж өгч байсан. Түүнээс хойш увуулж цувуулан 22.200.000 төгрөг буцааж авсан. Одоо үлдэгдэл 34.145.000 төгрөг авах ёстой байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 130 дугаар тал/,

Гэрч Ц.Батмэндийн “... Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах “Саригийн овоо” нэртэй газарт ажилладаг юм. Манай Саригийн овоо ХХК-ны удирдлагын зүгээс cap болгоны эцэст тооцоо нийлж баримтжуулж явсан тэр үед бол ямар нэгэн алдаа дутагдалгүй мэт барьцаат зээлийн гэрээг харуулаад тулаад явдаг байсан үүний дагуу бид тооцоо нийлж баримтжуулдаг байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сард Саригийн овоо ХХК-ний ашиг орлогоосоо бусдаас зээлсэн мөнгөө өгөх гээд 60 орчим сая төгрөг гаргах гэсэн боловч Ж.Б нь тухайн мөнгийг шилжүүлэхгүй байсан. Улмаар мөнгө шилжүүлэхгүй байсан болохоор ломбардад иртэл зээлийн гэрээ болон сейфэнд байгаа барьцааны эд зүйлсэд нэг бүрчлэн тулгалт хийхэд ямар ч барьцаа авалгүйгээр 72.678.000 төгрөгийг гаргасан байсан. Учир явдлыг Ж.Баас тодруулан асуухад бусдын нэрийг хуурамчаар ашиглан барьцааны эд зүйл бүртгэж, зээл олгосон мэтээр барьцаат зээлийн гэрээг бөглөж, хуурамч баримт бичиг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, улмаар дээрх хуурамчаар үйлдсэн барьцаат зээлийн гэрээнд өөрөө “би авсан” гэж бичиж өгсөн ...” гэх мэдүүлэг /1-p хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,

Гэрч Ц.Балжиннямын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах 1416 тоотод байдаг “Саригийн овоо” ХХК-ний ломбардад өөрийнхөө эзэмшлийн монетон ээмэг 1 хос, монетон бөгж 4 ширхэг, монетон гинж кулоны хамт 1 ширхэг, шар манан алтан аяга 1 ширхэг, зэрэг эд зүйлсээ 1.300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Ингээд тэр барьцааны эд зүйлсээ авч чадаагүй сунгуулж явсаар байгаад 2019 оны 05 дугаар сард нэг сая төгрөг өгч байсан тэрнээс хойш миний монетон эдлэлүүд алга болчихсон. Алтан аяга нь нөгөө ломбардандаа 600.000 төгрөгөөр эргээд миний нэр дээр барьцаанд тавигдсан байгаа, бусад эд зүйлсийг нь өөр газар тавьсан байгаа гээд байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110 дугаар тал/,

Гэрч Ж.Жамъянваанчигийн  “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Алтжин бөмбөгөрийн нэг давхарт байрлах “Саригийн овоо” нэртэй ломбарданд өөрийнхөө алтан бөгжөө тавьж байсан. Тэгэхэд миний бөгж 8.7 гр байсан. Би одоо яг юу болсноо сайн санахгүй байна яагаад гэвэл 2 жил болж байгаа болохоор удаад мартсан байна. Ямар ч байсан 1 сарын хугацаатайгаар барьцаанд тавиад 670.000 төгрөг авч байсан. Харин тэрнийхээ дараа нөгөө бөгжин дээрээ нэмээд 2 удаа 100.000 төгрөг авч байснаа санаж байна. Тэгээд 3,4 cap болоод 870.000 төгрөг төлөөд авч байснаа санаж байна, би одоо болтол энэ бөгжөө өөрөө зүүгээд явж байна. Харин дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би эхнэрийнхээ алтан ээмэг, монетон бөгж зэргийг 500.000 төгрөгөөр барьцаанд тавьж байсан. Тэгээд тэрийгээ одоо болтол аваагүй. Харин энэ баримт дээр миний авсан гарын үсэгтэй гэрээн дээр 500.000 гэж байх ёстой мөртлөө урд нь 1 тоо нэмж бичээд 1.500.000 болгосон байна. Энэ учрыг би бол мэдэхгүй байна. Өөр надад төлбөр тооцоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Яагаад гэвэл би өөрөө энэ эд зүйлсээ аваагүй хаясан байгаа одоо өнгөрсөн байхаа ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 111 дүгээр тал/,

Гэрч Р.Энхтуяагийн “...Би Алтжин бөмбөгөр худалдааны төвийн нэгдүгээр давхрын 1349 тоот павилионд гоёл чимэглэлийн бараа зарж борлуулдаг юм. Ж.Б гэгчийг танина. Бид нар Бааска гэж дууддаг байсан. Тэр эмэгтэй манай лангуунаас зөндөө бараа авч байсан. Надаас хослол авдаг байсан. Эгчээ жоохон хямдруулаад өгөөч гээд гуйгаад авдаг байсан. Худалдаж авч байсан хослол буюу ээмэг бөгж, гинж зэрэг эд зүйлүүд нь энэ жижигхэн цаасан уутанд хийгээд тавьсан байна. Нийтдээ 15 ширхэг эд зүйлүүд байна. Би өөрөө хараад таньж байна. ... ер нь тэгээд нэг сардаа нэг, хоёроор нь авч байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 112-113 дугаар тал/,

Дабль Аксиом аудит” ХХК-ний аудитын “...Ж.Б нь “Саригийн овоо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа нийт 71.245.000 төгрөгийн хохирол учруулсан байна. “Саригийн овоо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байсан Ж.Б нь барьцааны гэрээг хуурамчаар үйлдэх, барьцааны эд зүйлийг хуурамч эд зүйлсээр баримтжуулж мөнгө завшсан байна ...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 134-140, 3-р хавтаст хэргийн 31-43 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 199 дугаартай “...Ж.Б нь “Саригийн овоо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа нийт 70 хүний нэр дээр зээлийн гэрээгээр тооцоо үүсгэн нийт 71.245.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ нь шинжилгээнд ирсэн тус барьцаалан зээлдүүлэх газрын хөтөлдөг анхан шатны баримт болох барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна. Барьцаат зээлийн гэрээн дээр мөнгийг хүмүүст олгосон боловч, буцааж хугацаандаа төлөхөд нь баримтыг хааж гарын үсэг зуруулж зээлийг хаалгүй эргэлтэд байгаагаар тооцож байсан байна. Дээрх зөрчил дутагдлаас 2019 онд Ө.Наранчимэгийн Хаан банкны 5025253265 тоот дансанд 4 удаагийн гүйлгээгээр 12.900.000 төгрөг, Д.Дамчийбадгарын Хаан банкны 50067722711 тоот харилцах дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2.000.000 тушааж нийт 14.900.000 төгрөг дээрх дутагдлаас хасагдан тооцогдож 56.345.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна...” гэсэн дүгнэлт /2-р хавтаст хэргийн 41-45 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3703 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн Э.Оюун-Эрдэнэ-744 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна. Хар өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бөгж зэсийн металлаар хийгдсэн бөгж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Г.Алтантүлхүүр-525 гэх хаягтай шаргал өнгийн гарын бугуйвч гинж монет гарын бугуйвч гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Я.Ариунсэлэнгэ-0253 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж монет хүзүүний гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Х.Хоролмаа-705 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж никель, зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Удвалцэцэг-342 гэх хаягтай шаргал өнгийн бөгж монет бөгж байна. Шаргал өнгийн ээмэг-1 монет ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2 тул монет ээмэг байна/

Шинжилгээнд ирүүлсэн З.Оюун-743 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна. Шаргал өнгийн том бөгж зэсийн металлаар хийгдсэн бөгж байна. Шаргал өнгийн жижиг бөгж зэсийн металлаар хийгдсэн бөгж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ү.Алтанцэцэг-628 гэх хаягтай шаргал өнгийн ээмэг-1 төмрийн металлаар хийгдсэн ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2 төмрийн металлаар хийгдсэн ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Д.Отгонцэцэг-479 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж никель, зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Г.Бөртэ-Үжин-0455 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна. Шаргал өнгийн бөгж никель, зэсийн металлаар хийгдсэн бөгж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Г.Заяа-128 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж никель, зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ганхөлөг-763 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж төмрийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна. Шаргал өнгийн ээмэг-1 төмрийн металлаар хийгдсэн ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2 төмрийн металлаар хийгдсэн ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн М.Отгон-570 гэх хаягтай шаргал өнгийн ээмэг-1, никель, зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2, никель,зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ө.Болорчимэг-653 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж монет хүзүүний гинж байна. Шаргал өнгийн жижиг бөгж монет бөгж байна. Шаргал өнгийн том бөгж монет бөгж байна.

Шинжилгээнд ирүүлсэн М.Тунгаа-703 гэх хаягтай шаргал өнгийн цаг төмрийн металлаар хийгдсэн цаг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Н.Отгонбаяр-1045 гэх хаягтай шаргал өнгийн бөгж, никель, зэсийн металлаар хийгдсэн бөгж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Ц.Даваасүрэн-746 гэх хаягтай шаргал өнгийн ээмэг-1 никель, зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2 никель, зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Н.Энхболд-586 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж никель, зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Номинчимэг-538 гэх хаягтай шаргал өнгийн гарны бугуйвч төмрийн металлаар хийгдсэн гарны бугуйвч төмрийн металлаар хийгдсэн гарны бугуйвч байна.

Шинжилгээнд ирүүлсэн Э.Батбаяр-741 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний том гинж зэсийн металлаар хийгдсэн хүзүүний том гинж байна. Шаргал өнгийн хүзүүний дунд зэргийн гинж зэсийн металлаар хийгдсэн дунд зэргийн хэмжээтэй хүзүүний гинж байна. Шаргал өнгийн хүзүүний жижиг гинж зэсийн металлаар хийгдсэн жижиг хүзүүний гинж байна.

Шинжилгээнд ирүүлсэн Б.Мөнхчимэг-0708 гэх хаягтай шаргал өнгийн цэцэг шиг хэлбэртэй ээмэг-1 зэсийн металлаар хийгдсэн цэцэг шиг хэлбэртэй ээмэг байна. Шаргал өнгийн эрвээхэй шиг унжуургатай ээмэг-1 төмрийн металлаар хийгдсэн эрвээхэй шиг унжуургатай ээмэг байна. Шаргал өнгийн эрвээхэй шиг унжуургатай ээмэг-2 төмрийн металлаар хийгдсэн эрвээхэй шиг унжуургатай ээмэг байна. Шаргал өнгийн нүхтэй унжуургатай ээмэг-1 никель, зэсийн металлаар хийгдсэн нүхтэй унжуургатай ээмэг байна. Шаргал өнгийн нүхтэй унжуургатай ээмэг-2 никель, зэсийн металлаар хийгдсэн нүхтэй унжуургатай ээмэг байна.

Шинжилгээнд ирүүлсэн Г.Бадамсүрэн-216 гэх хаягтай шаргал өнгийн хүзүүний гинж зэсийн металлаар хийгдсэн хүзүүний гинж байна. Шаргал өнгийн ээмэг-1 зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна. Шаргал өнгийн ээмэг-2 зэсийн металлаар хийгдсэн ээмэг байна” гэжээ /2-р хавтаст хэргийн 69-73 дугаар тал/,

Шүүгдэгч Ж.Бын өгсөн “...би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энхтуяа гэгчээс ээмэг, бөгж, зүүлт аваад ломбарданд тавиад хуурамчаар бичилт хийгээд Ө.Наранчимэг гэгчид 56.345.000 төгрөгний хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна ... шинжээч нарын дүгнэлттэй уншиж танилцлаа. Бүгдээрэнг нь хүлээн зөвшөөрч байна. Нийтдээ 56.345.000 төгрөгний бодит хохирол учруулсан байна гэсэн байна лээ үүнийгээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 125-126  дугаар тал/, мөн түүний гэрчээр өгсөн “...Наранчимэгтэй 2018 оны 07 сард хийсэн гэрээ байгаа. Үлдэгдэл мөнгөө бага багаар нь барагдуулна. Харин бусдад өгсөн мөнгөө хүмүүсээс нь авч Наранчимэгт өгнө гэж бодож байна. Дабль Аксион Аудит ХХК-ний гаргасан 146 тоот шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 114-115 дугаар тал/,

“Саригын овоо” ХХК-ний Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 19-26 дугаар тал/, Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд /1-р хавтаст хэргийн 28-64 дүгээр тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл-үүнд 2018 оны ломбардны тооцоо 1-12 сар хүртэл 12 хуудас баримт, 2019 оны ломбардны тооцоо 1-6 сар хүртэл 6 хуудас баримт, нийт 18 хуудас баримт /1-р хавтаст хэргийн 142-160 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 47 дугаар тал/, иргэний  мэдээлэл /2-р хавтаст хэргийн 48 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.  

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд байрлах “Саригийн овоо” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт теллерээр ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 16 хүний нэрээр эд зүйл барьцаалан 18 502 000 төгрөг, 43 хүний нэр дээр барьцааны эд зүйл бүртгэх, зээл олгосон мэтээр барьцаат зээлийн гэрээг бөглөх, барьцаат зээлийн гэрээ хийж, эд зүйлээ барьцаалсан хүмүүст мөнгийг олгосон боловч, буцааж хугацаандаа төлөхөд нь баримтыг хааж гарын үсэг зуруулж зээлийг хаалгүй эргэлтэд байгаагаар тооцох, барьцаат зээлийн баримтад тоо нэмж бичих гэх мэт аргаар хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 69 удаагийн үйлдлээр 71 245 000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр 71 245 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Ж.Б нь “Саригийн овоо” ХХК-д 71.245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Б хохирлоос 43.100.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 28.145.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Саригийн овоо” ХХК-д олгох саналтай. Хэрэгт хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон 21 хэсэг буюу нийт 43 ширхэг ээмэг, бөгж, гинж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гэсэн ...” дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба өмгөөллийн саналдаа шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Ж.Б гэм буруугийн асуудалд маргаангүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй. Ж.Б 1-12 насны 4 бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн, бага насны хүүхдүүдтэй/ нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас “Саригийн овоо” ХХК-нд 71.245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Б нь уг гэм хорын хохирлоос 37.100.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 34.145.000 төгрөгийн төлбөртэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан хэдий ч шүүгдэгч нь 34.145.000 төгрөгийн хохирлоос 6.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

Иймд үлдэгдэл хохирол болох 28.145.000 /хорин найман сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Баас гаргуулан “Саригийн овоо” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгчөөс”  ... энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн. Шүүгдэгч нь мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчтэй огт хамааралгүй хүмүүс биш гэдэг талаар дурддаг. Гэм буруутайд тооцож хохирол төлбөр барагдуулж өгнө үү ... “ гэх дүгнэлтийг гаргасан.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 21 хэсэг буюу нийт 43 ширхэг ээмэг, бөгж, гинж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бд буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нойров овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр 71. 245.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Быг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Баас хохирлын 28.145.000 /хорин найман сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан “Саригийн овоо” ХХК-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 21 хэсэг буюу нийт 43 ширхэг ээмэг, бөгж, гинж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бд буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ