Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

      2018 оны 06 сарын 25 өдөр

            Дугаар 153/ШШ2018/00400

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, Хонгио багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогт С-ийн Э-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 153/2018/00370/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: 1962 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийг 8 дугаар ангиа төгсөж ивлэлийн илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд ажиллахаар гараад цэргийн албанд явах хүртэлээ ажилласан. 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 16-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд буюу 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аав, ээжийнхаа хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд адуучнаар ажилласан. 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх ажилд орсон гарсан тушаал олдохгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна.

Иймд С. р намайг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд адуучнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь тус шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Мини бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч С.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд адуучнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Э нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд адуучнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 840 дугаар лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 946 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тариа бригадын 1979 оноос 1980 он, Хонгио бригадын 1983 оноос 1984 он, 1986 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, /хх-ийн 13-18 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байх үедээ авахуулах гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

-Гэрч Ж.Баттулгын ...Би 1947 онд төрсөн. 1956 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1960 онд төгссөн. 4 дүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажилалж байсан. 1967 онд цэргийн албанд татагдаж, 1970 онд цэргээс халагдаж ирсэн. 1970 онд цэргээс халагдаж ирсэн цагаас хойш 1992 оны 03 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Сумын 2 удаагийн аварга малчин болж байсан. С.Э нь 1978 оны 06 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажилд орж байсан ба тус нэгдлийн тарах хүртэл ажиллаж байсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл 1992 оны 03 дугаар сард тарсан. С.Э нь нэгдэл тарсан үеэс хойш буюу 1993 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд С.Э-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.. гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.Цэндбаярын ...Би 1957 онд төрсөн. 1972 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. 1973 онд Сэлэнгэ аймгийн Шаамарын ТМС-д элсэн орж 1974 онд тракторын жолоочоор төгссөн. 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1987 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. 1987 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. С.Э нь 1978 оны 06 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад малчин, ногоочин, операторчноор ажилд орж байсан ба тус нэгдлийн тарах хүртэл ажиллаж байсан. С.Э нь 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс халагдаж ирсэн.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Э-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан С.Э-ын гэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь С-н Э биш С-н Э гэсэн хүсэлт гаргагчаас зөрүүтэй нэртэй, төрсөн он сар таарахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн 1990 оноос 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч С.Э-ын 1990 оноос 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор ажиллаж байсан үеийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт С-ийн Э-ыг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тэжээлийн аж ахуйд туслах ажилчнаар, 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд адуучнаар, 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч С.Э-ын 1990 оноос 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэсүрэн сумын тэжээлийн аж ахуйд бороожуулагч операторчноор ажиллаж байсан үеийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар С.Э-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ