Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар    2022/ШЦТ/385

 

 

 

 

  2022        04          29                                   2022/ШЦТ/385

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Баярчимэг,

шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт ЛОт холбогдох эрүүгийн 2011 01620 0288 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гутлын инженер, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхөр, Ж.Балдансэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 2 дугаар байрны 00 тоотод оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 925 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Буянт овогт ЛО /РД:.............................................................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Лхаахүүгийн Оюунцэцэг нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд иргэн С.Пүрэвсүрэнгээс “хүүхдийг чинь ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулан гадаадад сургуульд явуулж өгнө, газрыг чинь зарж өгнө, Засгийн газрын авто баазаас хямд машин авч өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр нийт 17.554.500 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Лхаахүүгийн Оюунцэцэг нь:

2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд иргэн С.Пүрэвсүрэнгээс “хүүхдийг чинь ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулан гадаадад сургуульд явуулж өгнө, газрыг чинь зарж өгнө, Засгийн газрын авто баазаас хямд машин авч өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр нийт 17.554.500 төгрөгийг залилж авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Л.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч С.Пүрэвсүрэнгийн “...Би 2013 оны 6 дугаар сарын үед байх өөрийн охин Чаминчулууныг ЕШ-ийн шалгалт өгүүлж яваад анх Лхаахүүгийн Оюунцэцэг гэх хүнтэй танилцаж байсан юм. Тухайн үед Оюунцэцэг нь би ерөнхийлөгчийн тэтгэлэгт сургуульд танай охиныг явуулж өгч чадна гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Оюунцэцэг над руу залгаад та охиныгоо ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулан гадаад улс руу сургуульд явуулахаар бол одоо бичиг баримтыг нь бүрдүүлж өг гэхээр нь охиныхоо гадаад паспорт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичиг баримтыг бүгдийг эх хувиар нь манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 61 байрны гадна ирээд авсан ... Тэгээд хэд хоногийн дараа манай охины сургуулийг хөөцөлдөхөд мөнгө төгрөг хэрэг болох нь гэхээр нь би Оюунцэцэгт миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хайрханы 9-154 тоот хаяг бүхий өвлийн торхон байшинтай хашаатай 700м2 талбайтай газар байгаа, энэ газраа зарчихмаар байна, тэгвэл би мөнгөтэй болох гээд байна гэж хэлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Оюунцэцэг таны 700м2 талбайтай газрын би Солонгос хүмүүст зарахаар боллоо гээд миний дээрх газрын өвлөх эрхийн гэрчилгээг манай гэрийн гаднаас буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 61 дүгээр байрны гаднаас ирээд манай талийгаач нөхөр Сайнбаяр бид хоёроос аваад явсан. Тэгээд Оюунцэцэг танай хүүхдийн сургууль нь бүтсэн, Канад улсын АУДС-д охин чинь явуулахаар болсон, тийм учраас онгоцны зардал болон визний үнэ гээд 6.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр бид хоёр явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кинотеатрын Хаан банкнаас Оюунцэцэгийн өгсөн 5014314620 дугаарын Лхаахүүгийн Оюунцэцэгийн эзэмшлийн дансанд 2.000.000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс ажлын хөлс гэсэн утгатай шилжүүлсэн, 2013 оны 06 дугаар зүйлийн 25-ны өдөр Хаан банкны 05019 дугаартай салбараас Төмөрбаатарын Санжаа гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5753428830 дугаарын дансанд 2.200.000 төгрөгийг Пүрэвсүрэнгээс гэсэн утгатай шилжүүлсэн, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн зүүн 4 зам дахь Хаан банкны салбараас мөн дээрх Т.Санжаа гэх хүний 5753428830 дугаарын дансанд 1.500.000 төгрөг Пүрэвсүрэнгээс гэсэн утгатай, 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 05006 дугаарын салбараас Баатарын Оюунчимэг гэх хүний Хаан банкны эзэмшлийн 5720447624 дугаарын дансанд 1.000.000 төгрөг Пүрэвсүрэнгээс гэсэн утгатай шилжүүлсэн ... мөн манай талийгаач нөхөр Сайнбуянаас он сарыг нь сайн санахгүй байна 2.000.000 төгрөг нийт 11.754.500 төгрөгийн манай охины сургуулийн төлбөрт гэж Оюунцэцэг авсан. Тэгээд Оюунцэцэгээс хүүхдийнхээ сургуулийн талаар лавлахаар одоохон бүтнэ гээд худлаа яриад байсан. Дараа нь 2014 оны 01 дүгээр сард Оюунцэцэг манай нөхөртэй утсаар яриад Засгийн газрын баазаас Тоёота Ланд крузер 105 маркийн машин хямдхан гарах гэж байна та авахаар бол эхний ээлжинд 3.580.000 төгрөг шилжүүлчихвэл авах боломжтой гэхээр нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би өөрөө Баянзүрх дүүргийн зүүн 4 зам дахь Хаан банкны салбараас Т.Санжаа гэх хүний эзэмшлийн 5753428830 дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Оюунцэцэг над руу утсаар яриад чиний газрыг Солонгос хүмүүст 262.000.000 төгрөгөөр зарсан, мөнгөө авах гэтэл газрын төлбөрийг нь төлөх шаардлагатай байна, чам руу Болормаа гэх хүн ярина тэгээр 1.620.000 төгрөг шилжүүлээрэй гэсэн. Удалгүй Болормаа гэх хүн нь яриад миний өмгөөлөгчийн дансанд шилжүүл гэхээр нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороололд байрлах Төрийн банкнаас Наран-Очирын Сосор гэх хүний эзэмшлийн төрийн банкны 108300140560 дугаарын дансанд 1.620.000 төгрөгийг шилжүүлсэн ... Тэгээд дээрх Болормаа гэх хүн 2019 оны 05 дугаар сараас мөн оны 12 дугаар сарын хооронд 3 удаагийн шилжүүлгээр 600.000 орчим төгрөгийг Дашдаваагийн Уламбаяр гэх хүний эзэмшлийн 5020743752 дугаарын Хаан банкны Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс шилжүүлсэн ... Ингээд нийт бэлнээр 17.554.500 төгрөгийг Оюунцэцэг гэгч надаас залилан авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч Т.Санжаагийн “... Би Пүрэвсүрэн гэх хүнийг огт танихгүй харин Л.О гэх хүний охин манай охин нар нэг ангид сурч байх үеэс эхлэн зүс мэддэг байсан ба 2011 оны 2015 оныг хүртэл хоорондоо уулздаг манай ажил дээр ирж надтай уулздаг байсан бөгөөд 2015 оноос хойш одоог хүртэл уулзалдаагүй юм ... Тухайн үед Л.О надад чиний карт чинь хэрэгтэй байна гэж хэлээд заримдаа хэд хоногоор аваад явчихдаг байсан ... Манай хуурай эгч Энхцэцэгээс хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж хэлээд мөнгө аваад хүүхдийг нь оруулж өгөөгүй уг 2 хүн маргалдаад Энхцэцэг эгч эргүүлж мөнгөө авсан байсан. Тэгээд би ер нь Оюунцэцэгээс зайгаа барьсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Гэрч Б.Оюунчимэгийн “... Би С.Пүрэвсүрэн гэх хүнийг огт танихгүй харин Л.О гэх хүнийг 2013 оны 6 дугаар сарын үед намайг Баянзүрх дүүргийн 8 хороо 48 дугаар байранд цайны газар ажиллуулдаг байхад миний танил Баясаа гэх хүн анх дагуулж ирж надтай танилцуулж байсан юм. Тухайн үед Оюунцэцэг өөрийгөө Цагдаагийн академид хүүхэд оруулахаар хөөцөлдөж явна гэж байдаг байсан ба Хилийн цэргийн дээд сургуулийн захирал Ганболд гэх хүнийг таньдаг талаараа их ярьдаг байсан юм. Түүнээс хойш 2 жил орчим хааяа утсаар ярьдаг байсан ба манай дүүгийн хүүхдийг Цагдаагийн академд оруулж өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөг авч байсан боловч оруулж өгөөгүй юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Гэрч С.Наран-Очирын “...Тухайн үед Л.О миний дээрх Төрийн банкны дансыг түр хэрэглүүлээч гэж хэлээд 10 хоног орчим авсан үе шиг санагдаж байна. Би Пүрэвсүрэн гэх хүнийг танихгүй болохоор ямар мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна ... Тухайн үед манай СӨХ-ийн дарга, байцаагч нарын картыг нь мөн гуйж авдаг байсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Оийн дахин өгсөн “...Би 2013 онд С.Пүрэвсүрэнгийн нөхөр Сайнбуянтай хүүхэд Чаминчулууныг нь гадаад сургуульд явуулж өгнө гэж танилцаж улмаар эхнэр Пүрэвсүрэнтэй нь танилцаж хүүхдийг нь сургуульд явуулж өгнө гэж хууран мэхэлж өөрийн 5014314620 тоот Хаан банкны дансаар болон бусад хүмүүсийн дансаар мөнгө авч байсан яг хэдэн он хүртэл хэдэн төгрөг залилж авсан талаараа санахгүй байна. Миний бие 2013-2017 оны хүртэл бусдыг залилан мэхлэх үйлдэл гаргаж Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа. Ийм учир миний бие тухайн үед буюу 2013-2017 он хүртэлх хугацаанд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан тул Пүрэвсүрэнгээс яг хэдэн төгрөг авч залилсан талаараа сайн санахгүй байна. Ямар ч байсан миний хувьд Пүрэвсүрэнгийн хүүхдийг нь сургуульд оруулж өгнө гэж залилан мэхэлж мөнгө авсан асуудалдаа гэм буруугаа хүлээж байгаа харин хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаараа санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 217 дугаар тал/,

Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50/10870 дугаартай албан бичиг, түүний хавсралт , 50/10869 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 50/10868 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 50/10867 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 026/6032 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 54-69 дугаар тал/,

Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 50/4534 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 176 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Лхаахүүгийн Оюунцэцэг нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд иргэн С.Пүрэвсүрэнгээс “хүүхдийг чинь ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамруулан гадаадад сургуульд явуулж өгнө, газрыг чинь зарж өгнө, Засгийн газрын авто баазаас хямд машин авч өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр нийт 17.554.500 төгрөгийг залилж авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 17.554.500 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар 596 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 315 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх ... дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба өмгөөллийн дүгнэлтдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Учруулсан хохирлоо барагдуулсан ... Эрүүгийн хариуцлагын тухайд хөнгөн гэмт хэрэг, хохирол төлбөр барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан торгох ялыг хуульд заасан доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Л.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан ба тэрээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас цагдан хоригдсон 246 хоногийг хасч, үлдэгдэл 484 хоногоос 158 хоногийг биечлэн эдэлж, 326 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа талаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10-1/506 тоот албан бичигт тусгажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу Л.От Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 326 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Л.Оийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч С.Пүрэвсүрэнд нийт 17.554.500 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирлын мөнгө шилжүүлэн өгсөн баримт болон Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргээр нотлогдож байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй, түүний өмгөөлөгч Баасанжаргал шүүхийн хэлэлцүүлэгт оролцож санал, дүгнэлтээ гаргасан болно.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хохирогч хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг хохирол дээрээ нэмж авахыг хүссэн тул уг нэхэмжлэлийг дэмжиж байгаа тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид... төлөх зардлаас бүрдэнэ,

Мөн хуулийн 2 дахь хэсэгт ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлана...

Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус заасан байна.

Засгийн газрын ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам...-ын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гаргуулахаар уг журамд тооцсон, мөн хэрэгт хохирогчийн өмгөөллийн хөлс төлсөн талаарх баримт байхгүй зэргийг үндэслэн уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буянт овогт ЛОийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр нийт 17.554.500 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 596 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон 246 хоногийг хасч, үлдэгдэл 484 хоногоос 158 хоногийг биечлэн эдэлж, 326 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ