Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 287

 

Д.Эн-д оногдуулсан хорих ялыг шинэ

Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Ялтны өмгөөлөгч Ж.Яринпил,

Нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамж,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар магадлалтай ялыг нийцүүлэн хасах тухай материалыг ялтан Д.Эн-ы гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Д.Эн- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор 16 жилийн хорих ял шийтгүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Эн-д Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 12 жил 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял болгон нийцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн ялыг 5 жил 3 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Д.Эн-ы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ж.Яринпилийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Д.Эн- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүгчийн захирамж болон магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар ял шийтгүүлэх болсон үндэслэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 тоот тогтоолын 5.13-д “Онц харгис хэрцгий аргад ...ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 гэсэн зүйлчлэлээс 91 дүгээр зүйлийн 91.2.12 болгон хүндэрсэн юм. Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалт нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын баталсан Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт болон өөрчлөгдсөн. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Үндсэн Хуулийн Цэц уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтыг 07 тоот тогтоолоор хүчингүй болгожээ. Энэ нь Улсын Дээд шүүхийн хуулийг тайлбарласан тогтоол хүчингүй болсон гэж ойлгохоор байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд Улсын Дээд шүүх тайлбар, тогтоол гаргаагүйгээс гадна Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно”, тус хуулийн хүндрүүлэх нөхцөл байдалд “ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” гэсэн заалт ороогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ. Иймд зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...ялтан Д.Эн- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогдож, 16 жилийн хорих ял шийтгүүлжээ. Ялтан Д.Эн-г гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд одоо хяналтын шатны шүүхээс түүний үйлдсэн хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг, 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж ял оногдуулах нөхцөлийг тус тус тодорхойлон заажээ.

Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор оногдуулсан ял шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулахаар тогтоосон тухайн төрлийн ялын хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ хуулийн ялын агуулга, хэмжээнд нийцүүлэн хасаж тооцох тухай ойлголт юм.

Д.Эн-д холбогдох хэргийн хувьд түүнийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол нэгэнт хүчин төгөлдөр болсон төдийгүй шинэ Эрүүгийн хуульд түүний үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн шинж чанар хэвээр байх тул хэргийн үйл баримтыг шинээр дүгнэх, энэ талаар хийсэн шүүхийн шийдвэрт дахин хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл байхгүй болно.

Иймд шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх Эрүүгийн хуулийн дагуу эдэлж байсан ялыг дүйцүүлэн хасах жишиг аргачлалыг зөв хэрэглэж, Д.Эн-д оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг 12 жил 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул ялтан Д.Эн-ы гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтан Д.Эн-ы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Б.ЦОГТ

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН