Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар   2022/ШЦТ/383

 

 

 

 

2022        04          29                                     2022/ШЦТ/383

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Н.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/

шүүгдэгч Н.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт НЖ, Харнууд овогт НЖ нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0670 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ТЭСО” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8 дугаар гудамжны 37 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 26-4 тоотод оршин сууж байгаа гэх, урьд шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Харнууд овогт НЖ /РД:..................../.

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 8 дугаар гудамжны 37 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 26-4 тоотод оршин сууж байгаа гэх, урьд шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Харнууд овогт НЖ /РД:..................................../.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Н.Ж, Н.Ж нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын зүүн талын замын уулзварт хохирогч Г.Гантуултай “машин шүргэлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Ж, Н.Ж нар нь бүлэглэн:

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын зүүн талын замын уулзварт хохирогч Г.Гантуултай “машин шүргэлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Гантуул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хүүхдээ тэврээд зогсож байсан учраас хүнтэй зодолдох боломжгүй. Шүүгдэгч нар түрүүлж намайг цохисон. Баримтаар гаргаж өгсөн 138.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Г.Гантуулын “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед эхнэр Шинэбаяр, хүү Энхмөрөн, Мөнхтулга, хамаатны дүү Амарбаясгалан нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байрлах гэртээ очихоор Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын тойрогт ертөнцийн зүгээр баруун талаас нь буюу МҮИС-ийн автобусны буудал талаас ирж уг уулзвараар хойш буюу Эх нялхсын автобусны уулзвараар хойш буюу Эх нялхсын автобусны буудал руу эргэсэн ба тэгэхэд манай эхнэр Шинэбаяр жолоо барьж явсан. Уг уулзвараар эргээд 20-30 метр газар явж байгаад 0746 УНӨ улсын дугаартай 54 номерын чиглэлийн автобусыг гүйцэд түрүүлэх оролдлого хийхэд уг автобус манай машиныг шүргэчихсэн. Тэгэхэд би машинаасаа хүү Мөнхтулгыг тэвэрч буугаад “Яагаад байгаа юм? Яаж яваад байгаа юм” гэж хэлсэн ба улмаар уг автобусны жолооч болох 35 орчим насны 175 см өндөр махлагдуу эрэгтэйтэй маргалдаж заамдалцсан. Дараагаар нь уг жолооч намайг баруун гараараа миний нүүр рүү нэг удаа цохисон удалгүй хажуугаас 25-30 орчим насны 170 см өндөр залуу намайг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж куртикний малгайгаар миний нүүрийг дараад уг 2 залуу миний нүүр, толгой хэсэг рүү 4-5 удаа дахиж цохисон. Тэр үед би хүүхдээ тэвэрч байсан. Удалгүй манай эхнэр болон Амарбаясгалан нар ирж салгасан. Уг автобус нь уулзвараар эргэхээс өмнө манай машиныг шахаад байсан мөн манай машиныг шүргэснээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Гэрч Ш.Шинэбаярын “... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Harrier маркийн 0209УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нөхөр Гантуул, хамаатны дүү Амарбаясгалан /13 настай/, болон Энхмөрөн /4 настай/, Мөнхтулга /1 настай/ нарын хамт Чингэлтэй дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эх нялхсын уулзвараас ертөнцийн зүгээр хойшоо явж байгаад 0746УНӨ улсын дугаартай 54 номерын чиглэлийн автобусыг гүйцэд түрүүлэх гэж байхад уг автобус миний машины зүүн хойд хэсгийг шүргэчихсэн. Тэгэхэд нь манай нөхөр Гантуул хүү Мөнхтулга /1 настай/ хүүхдээ тэвэрч буугаад “Яаж яваад байгаа юм бэ?” гэсэн. Тэгэхэд нь уг автобусны жолооч нэг залуугийн хамт бууж ирж манай нөхөртэй маргалдсан. Би тэр үед машиндаа хүүхдээ хараад байж байсан. Удалгүй зодоон болж манай нөхөр Гантуул нь хүү Мөнхтулгыг гартаа тэвэрч зогсож байхад нь уг автобусны жолооч, уг жолоочтой хамт явж байсан залуу нар Гантуулын нүүр лүү нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Дараагаар нь би машинаасаа бууж Гантуул дээр очиж хүү Мөнхтулгыг авч Энхмөрөнд өгч дараагаар нь Гантуулыг салгаж тэр 2 залуугаас холдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Амарбаясгалангийн “...өөрийн хамаатны эгч Шинэбаяр, ах Гантуул, 2 дүүгийн хамт ах Гантуулын гэр лүү ахын машинтай явж байсан бөгөөд Эх нялхсын уулзвараар хойшоо эргээд явж байхад хажуугаас нэг автобус манай машиныг шүргэчихсэн ... Гантуул ах дүү Мөнхтулгыг тэвэрч машинаас буусан араас нь Шинээ эгч машинаас буусан. Манай дүү машинаас гарах гээд байхаар нь утсаа өгч саатуулаад араас нь буусан бөгөөд тэгэхэд манай ах Гантуулыг куртикний малгайнаас нь доош дараад 2 эрэгтэй хүн нийлээд зодож байсан. Тэр үед Гантуул ах дүү Шинэбаярыг тэвэрч байсан ба Шинэбаяр эгч очиж дүүг салгаж авсан. Дараагаар нь Гантуул ахыг салгаж холдуулсан. Тэгэхэд тухайн 2 эрэгтэй Гантуул ахыг зодох гээд дайраад байсан. Тухайн 2 эрэгтэй хүн манай ахыг гараараа зодсон бужигналдаад байсан болохоор яг хэдэн удаа хаана нь цохисныг хэлж мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Гэрч Э.Гантөмөрийн  “...Эх нялхсын замын уулзварын хойд талд осол гарсан гэх дуудлага мэдээлэл хүлээн авч 16 цагийн үед очсон. Намайг очиход Harrier маркийн тээврийн хэрэгсэл, автобустай шүргэлдсэн байсан бөгөөд уг осол Harrier маркийн тээврийн хэрэгслийн буруу байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл автобусны урдуур чиг өөрчилж орсон байсан. Harrier маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн нөхөр гэх залуугийн нүүр нь цус болчихсон байдалтай байсан бөгөөд автобусны жолооч дүүтэйгээ нийлээд намайг зодчихлоо гэсэн. Намайг очиход зодоон дууссан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Жгийн “...Би тогтоолтой санал нийлж байна маргаан байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг гаргахгүй. Би уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

Шүүгдэгч Н.Жийн “...миний бие 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн 54 номерийн Яармаг-Баянхошуу чиглэлийн 0746 УНӨ улсын дугаартай автобусыг жолоодож явсан ба 18 цагийн орчимд Эх нялхасийн уулзвараар ертөнцийн зүгээр хойш эргээд явж байхад саарал өнгийн Harrier маркийн 0209 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан автобусны урдуур дайрч орсон ба тэгэхэд нь би зогсож амжилгүй уг тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг мөргөж зогссон. Намайг автобуснаасаа буугаад “яаж яваад байгаа юм бэ” гэхэд уг машинд сууж явсан залуу хүүхдээ тэвэрч гарч ирээд “пизда минь аятайхан яваарай, цувдааг чинь гойжуулна шүү” гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхэд нь би “чи миний цувдааг гойжуулдаг хэн бэ чиний буруу юм байгаа биз дээ” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 49 дүгээр тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3547 дугаартай дүгнэлтэд “Г.Гантуулын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн урд доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66/, хохирлын баримт / хх-ийн 61-62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-68/, хохирлын баримт /хх-61-62/,

шүүгдэгч нараас гаргасан хүсэлтүүд зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.Ж, Н.Ж нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхсын зүүн талын замын уулзварт хохирогч Г.Гантуултай “машин шүргэлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Гантуулын биед “Г.Гантуулын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хоёр талын хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн урд доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ тус тус бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Ж, Н.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.Ж, Н.Ж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирлоо шүүх хуралдааны дараа төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.Ж, Н.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, Н.Ж нарт тус бүр оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Г.Гантуул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 138.000 төгрөг /хх-ийн 61-62 дугаар тал/-ний баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн үед уг хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч нараас 138.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнууд овогт НЖ, Харнууд овогт НЖ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Жийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, Н.Ж нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, Н.Ж нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг  тус тус сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Ж, Н.Ж нараас хохирлын 138.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Гантуулд олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж, Н.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ