| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00386/и |
| Дугаар | 402 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 402
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00402 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Баянгол багт оршин суух, ...... дугаарын регистртэй, Д овогт Н-ийн С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 153/2018/00386/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.С нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Миний бие 1984 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд малчин болсон. 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар ажиллаж байсан. 1992 онд гэр бүл болсон. 1995 оноос өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 05 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт мал маллаж байна. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа бөгөөд хохироход хүрээд байна.
Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.С нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1139 дугаар албан бичиг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчид 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Засаг даргаас олгосон сайшаалын үнэмлэх /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1140 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1983, 1986, 1988 оны 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 19-22 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1141 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1989 оны 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг /хх-ийн 27, 51 дүгээр хуудас/,
- Хөдөө аж ахуйн нэгдэл, нэгдэл дундын үйлдвэр, хоршооллын байгууллагын хөрөнгө эзэмшсэн гэрчилгээ /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
- Н.С-ийн малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/,
-Гэрч Г.Түргэнбаярын ...Би 1957 онд төрсөн. 1966 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 5 дугаар анги хүртлээ сурсан. 1971 онд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар дунд сургуульд элсэн орж 1974 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл ажиллаж байсан. Н.С нь Бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тус нэгдэлд 1992 оныг хүртэл ажиллаж байгаад 1992 оноос эхлээд 1995 оныг хүртэл компанийн мал маллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Б.Цэрэндашийн ...Би 1955 онд төрсөн. 1973 онд цэргийн албанд татагдаж, 1976 онд цэргээс халагдаж ирсэн. 1976 оноос Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад 1980 оныг хүртэл намын үүрийн даргаар ажиллаж байсан. 1980 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад малчнаар, 1986 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын худалдаа бэлтгэлийн агентаар, 1992 оноос 1998 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад багийн даргаар тус тус ажиллаж байсан. Н.С нь 1976 оноос эхлээд Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадад малчнаар 1985 оныг хүртэл ажиллаж байсан. Ховд аймгийн Манхан суманд Баясгалант амьдрал нэгдэл байсан. Нэгдэл 1992 онд тарсан. Нэгдэл тараад Баясгалант амьдрал компани болсон. Тухайн үеийн нэгдлийн даргаар Ү.Цэдэнбал гэж хүн ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.С-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д овогт Н-ийн С-г 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Манай зам компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Н.С-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ