Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Баянбулаг багт оршин суух, ........ дугаарын регистртэй, Н овогт Б-ын А-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сары 04-ний өдөр 153/2018/04201/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1978 оноос 1981 оны 03 дугаар сарыг хүртэл эцэг Билалын туслах малчнаар, 1981 оны 03 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг хүртэл Буянтын ТАА-д мал малалж байсан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслээд намайг 1978 оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Буянтын тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1978 оноос 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.А нь 1978 оноос 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлХовд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1192 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10 дугаар хуудас/, Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шагнах тухай тушаал /хх-ийн 11 дүгээр хуудас/, Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 1978-1987 онуудын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 12-21 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 22-27 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

- хүсэлт гаргагчийн 1984 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

- хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/,

- БНМАУ-ыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн бат илэрхийлэл /хх-ийн 43 дугаар хуудас/,

- Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэл /хх-ийн 44-54 дүгээр хуудас/,

 

 

-Гэрч А.Жавахын ...Би 1958 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Б.А нь 1978 оны үед Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд эцэг эхийн хамт малчин болж байсан. 1978 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.Дарийгаа ...Би 1992 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг 1992 онд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нягтлан бодогчоор ажилд орж байхад Б.А нь тус тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Б.А нь 1992 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар, 1995 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн Бүтээл ХХК-д малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.А-ы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н овогт Б-ын А-ыг 1978 оноос 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ