| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00426/и |
| Дугаар | 404 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 404
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00404 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Гүвээ багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Т овогт Д-ын Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сары 06-ны өдөр 153/2018/00426/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр Хөдөө аж ахуйд гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад аав ээжийн хамт бог мал маллаж байсан. 1989 онд Хайсангийн Баярсайхантай гэр бүл болж Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад шилжин гэр бүлийн хамт нэгдлийн бог мал маллаж байгаад 1993 оны хавар нэгдэл тарахад хувьчлалаар мал авч хувийн аж ахуйтан болсон. Тэр цагаас хойш одоог хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр баг буюу Гүвээд мал маллан амьдарч байна.
Миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн, зарим баримт үрэгдсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр топгоолгох шаардлагатай болсон.
Иймд надад байгаа баримтуудыг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад хоньчин /бог мал/-оор, 1989 оны оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад хоньчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарыг хүртэл, 1992 оноос 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад хоньчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарыг хүртэл, 1992 оноос 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-7 дугаар хуудас/,
- хүсэлт гаргагчийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 8-19 дүгээр хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1233 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 1 дүгээр бригадын 1980 оноос 1987 он, Зэрэг сумын 1 дүгээр бригадын 1989 оноос 1992 онуудын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 20-32 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/,
-Гэрч Д.Лханаагийн ...Би 1947 онд төрсөн. 1962 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгссөн. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. 1967 оноос 1970 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1970 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Мөст суманд Туяа нэгдэл гэж байсан. Нэгдэл 1990 онд тарсан бөгөөд тараад ямар компани болсон талаар сайн санахгүй байна. Тухайн үеийн нэгдлийн даргаар Алтангэрэл, 1 дүгээр бригадын даргаар Ч.Баттөмөр, тоо бүртгэгчээр Хуяг-Очир, агентаар Нямдаш зэрэг хүмүүс ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Д.Галсандоржийн ...Би 1970 онд цэргийн албанд татагдаж, 1973 онд цэргээс халагдаж ирсэн. Улмаар 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Б нь 1989 онд манай Гүвээ багийн Х.Баярсайхантай гэр бүл болж Ховд аймгийн Мөст сумаас шилжиж ирсэн. Улмаар 1989 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Д-ын Быг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1-р бригадад хоньчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарыг хүртэл, 1992 оноос 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Бын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ