Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 406

 

     2018 оны 06 сарын 25 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00406

                        Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт оршин суух, ...... дугаарын регистртэй, Т овогт Д-ийн Хийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 153/2018/00424/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Х нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1968 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд Цэрэндоржийн Дулмаагийн том охин болж мэндэлсэн. 1984 оноос миний бие Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад хоньчноор ажиллаж эхэлсэн. Тухайн үед залуу байсан учир хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийлгэж байгаагүй ба миний ээж болох Цэрэндоржийн Дулмаагийн нэр дээр хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгддэг байсан.

Одоо би өндөр настны тэтгэвэр тогтоолгох болсон учир Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас малчинаар ажиллаж байсан тухайгаа шүүлгэхэд миний нэрээр 1984 оноос 1989 оныг хүртэл ажиллаж байсан тухай баримт олдохгүй байна. Миний ээж Дулмаа болон ах дүүс маань намайг бага байхад Хувьт хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд тэр нэрээр шүүлгэхэд бас л материал олдохгүй байна.

Харин Ховд аймгийн Архивын тасгаас 1984 оноос 1989 оыг хүртэл хоньчноор Зэрэг гол бригадад ажиллаж байсан тухай баримт миний ээж Ц.Дулмаагийн нэр дээрх материал олдсон. Энэ нь намайг ээжтэйгээ хамт хоньчиноор ажиллаж байсан үеийн материал юм.

Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Х нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1221 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1984 оноос 1987 он, 1990 онуудын 70 дугаар данс, цалингийн цэс /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Булгаагийн ...Би 1976 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Д.Х нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Манхан суманд мал маллаж амьдарч байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч С.Эрдэнэбаатарын ...Би 1968 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн 5 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1973 онд цэргийн албанд татагдаж, 1976 онд цэргээс халагдаж ирсэн. 1976 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадад аж ахуйн эрхлэгч, агентаар, 1978 оноос 1984 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын кино механикчаар, 1984 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ардын детутатуудын гүйцэтгэх захиргаанд зааварлагчаар, 1986 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд тооцооны нягтлан бодогч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан.Д.Х нь 1976 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1990 онд Б.Дандартай гэр бүл болж Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Хийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Д.Хийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясалант амьдрал нэгдэлд малчнаар ажилаж байсан үеийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Д-ийн Х-ийг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Зэрэг гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч Д.Х нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Хийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ