Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0337/Э |
Дугаар | 2022/ШЦТ/374 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/374
2022 04 25 2022/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Начин овогт НДд холбогдох эрүүгийн 2011 01592 0480 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай,
Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосон,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1024 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1020 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулсан, хэрэг хариуцах чадвартай,
Начин овогт НД /РД:......................................../.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны подвалд байрлах оёдлын цехээс иргэн Т.Шинэболорын Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 414.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Д нь:
2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны подвалд байрлах оёдлын цехээс иргэн Т.Шинэболорын Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 414.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Шинэболорын “...Өнөөдөр 18 цаг 20 минутын орчим ажил дээрээ ганцаараа ажлаа хийж байхад гаднаас үл таних 20 орчим настай, өндөр туранхай, хар хувцастай, нүдний шил толгой дээрээ тавьчихсан цэвэрхэн хувцастай залуу орж ирээд “4 ширхэг тамирын өмд хасуулах гэсэн юм, хэдээр хасах вэ” гэхээр нь “өмдийг чинь яаж хасахыг харж байгаад үнийг нь хэлнэ” гэтэл “би одоо хүнд захиадахъя” гээд утсаар яриад байсан. Тэгээд утсаар ярьж байгаа хүнээ ирж байна уу гээд, өмдөө захиж байгаа мэт дүр үзүүлээд 30 минут орчим орж гарсан ба тэгж байгаад гэнэт гараад явсан ба зөрөөд манай үсчин охин орж ирсэн. Тэгээд би утсаа байхгүй болсныг мэдсэн юм. Тэгээд би гараад дэлгүүрийн хяналтын камер шүүлгэхэд тэр орж ирсэн хар хувцастай залуу манай оёдлын газраас гараад хурдтай гүйж байгаа харагдсан ... Самсунг нөүт 8 загварын хар өнгөтэй утас байсан ба би тухайн үед 1.800.000 төгрөгөөр Солонгос улсаас захиалж авч байсан ... Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, хулгайд алдсан Самсунг нөүт 8 загварын гар утас, эсвэл хохирол болох 414.000 төгрөгийг барагдуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 414.000 /дөрвөн зуун арван дөрвөн мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 44-45 дугаар тал/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...би тэр хүүхдийн зургийг харвал танина. Манай ажил дээр тэр орой орж ирээд гараад явсан, би өөрөө зургийг нь угаалгаж авчирч өгсөн ...миний анх танай хэлтэс дээр гар утсаа алдсан гэх 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр орж ирээд миний гар утсыг аваад гараад яваад өгсөн залуу энэ 6 гэсэн дугаарын доор нь байгаа зураг мөн байна” гэжээ /хх-н 48-50 дугаар тал/,
Шүүгдэгч Н.Дгийн “...2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо явж байсан ба тэр хавиар хулгай хийчих газар хайгаад явж байтал ойрхон байрны подвалд оёдолчин, үсчин гэсэн газар онгорхой байсан юм. Тэгэхээр нь тийшээ ороход оёдлын газар онгорхой байсан ба уг газарт нэг 40 орчим насны эмэгтэй хүн юм оёод сууж байсан юм. Тэгэхээр нь би тэр хүнд гар утас байгаа байх гэж бодоод тэр хүнтэй уулзаад “өмд хасуулах гэсэн юм, манай найз одоо авчирч байгаа” гэж худлаа ярьсан. Тэгээд би хүлээлгийн сандал дээр сууж байтал тэр эгчийн юм оёж байсан ширээн дээр Самсунг нөүт-8 загварын гар утас байсан. Тэгээд би тэр эгчийн анхаарал сарнихыг нь хүлээгээд сууж байтал тэр эгч цаашаа хараад юм хийхээр нь би ширээн дээр нь байсан гар утсыг аваад гараад яваад өгсөн юм. Тэндээсээ би Тэди худалдааны төв ороод уг гар утсыг үл таних ченжид 200.000 орчим төгрөгөөр зарсан, би уг мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/,
Хоригдол шилжүүлэх тухай зөвшөөрөл, шилжүүлэх хуудас /хх-ийн 98-101 дүгээр тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 55-57, 58-61, 63-70 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны подвалд байрлах оёдлын цехээс иргэн Т.Шинэболорын Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 414.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Шинэболорын мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 44-45 дугаар тал/, Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 48-50 дугаар тал/, шүүгдэгч Н.Дгийн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар тал/, хоригдол шилжүүлэх тухай зөвшөөрөл, шилжүүлэх хуудас /хх-ийн 98-101 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлсийг нэр төрөл, шинж чанар, элэгдэл, хорогдол, зах зээлийн үнэлгээг нэг бүрчлэн тооцож, мөнгөн үнэлгээ тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 414.000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар байрны подвалд байрлах оёдлын цехээс иргэн Т.Шинэболорын Самсунг нөүт 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 414.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Н.Дгийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.Д нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, түүний өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг 2 дахин багасгаж өгнө үү” гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Дг “хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 31 хоног хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулах тооцуулах, шүүгдэгчээс 414.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Шинэболорт олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг 2 дахин багасгаж өгнө үү ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэснийг;
Мөн шүүгдэгч Н.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1020 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон тогтоолд өөрчлөлт оруулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1024 дүгээр шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1020 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял болгон тогтоолд өөрчлөлт оруулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн энэ хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 (дөчин хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Шинэболор нь хулгайд алдсан Samsung note 8 маркийн /нэг симтэй/ гар утсаа 2019 онд БНСУ-аас цоо шинээр нь 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан гэж мэдүүлсэн.
Харин “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд уг гар утас /хөрөнгө/-ийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 414.000 /дөрвөн зуун арван дөрвөн мянган төгрөг/-өөр үнэлсэн /хх-ийн 44-45 дугаар тал/-ийг хохирогч нь танилцаад гаргасан санал, хүсэлт байхгүй болно.
Иймд шүүгдэгч Н.Дгаас энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын 414.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Шинэболорт олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Начин овогт НДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас 414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1024 шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1020 дугаартай магадлалаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоолд өөрчлөлт оруулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дгийн энэ хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 (дөчин хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Дгаас хохирлын 414.000 (дөрвөн зуун арван дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороолол 18-2 тоотод оршин суух Харчин овогт Таравын Шинэболор (РД:НГ86010262)-т олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ