Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

  2022        04          22                                     2022/ШЦТ/372

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Н.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт НБд холбогдох эрүүгийн 2211 00004 0413 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 07 сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15 дугаар гудамж 8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Чухал хотхоны 606-4 тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: - Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд оногдох хөрөнгөөс 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 9 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд оногдох хөрөнгөөс 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хувьд оногдох хөрөнгөнөөс 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 2 сарын хорих хорих ялаар,

- Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан оногдуулсан 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 586 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 241 цагийг 30 хоногийн хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт НБ /РД:........................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт плаза” төвийн 1300 тоот өрөөнд иргэн Ч.Батхүүд “Raven coin” худалдаж авбал ашигтай гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 900 ам.доллар буюу 2.407.158 төгрөгийг залилан авсан гэмт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Б нь:

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт плаза” төвийн 1300 тоот өрөөнд иргэн Ч.Батхүүд “Raven coin” худалдаж авбал ашигтай гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 900 ам.доллар буюу 2.407.158 төгрөгийг залилан авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Ч.Батхүүгийн Хаан банкны 5925521052 дугаартай дансны хуулга  /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Хохирогч Ч.Батхүүгийн “...2019 оны 10 дугаар сард байхаа миний танил Намсрай гэдэг хүн надад Н.Баяр-Эрдэнийг танилцуулсан. Тэгээд Н.Баяр- Эрдэнэтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кинотеатрын дэргэд байхдаа уулзсан. Тухайн үед Баяр-Эрдэнэ нь өөрийгөө Нарлаг Монгол төрийн бус байгууллагын захирал ажилтай мөн өөрөөр нь дамжуулан Raven coin үйлдвэрлэдэг машиныг худалдан авах боломжтой ба тухайн машин 3 жилийн хугацаатай койн үйлдвэрлээд тэгээд та доллараар нь ашиг олох боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө тэтгэврийн зээлийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас 3.118.000 төгрөгийг аваад тэр өдрөө шууд бэлнээр 3.118.000 төгрөгийг бүгдийг Н.Бд өөрөөр нь бэлнээр нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ялалт плаза төвийн 1300 тоот өрөөнд байхад өгсөн. Н.Б мөнгийг авчихаад миний гар утсанд койны машинаа суулгаж өгнө гэж хэлчихээд суулгаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Таны койны түрийвчний нэвтрэх нэр, нууц үг гээд хэлэхээр нь би тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авч байсан. Тэмдэглэлийн дэвтэр дээр нууц үг, нэвтрэх нэрийг бичсэн зургийг хавтаст хэрэгт хавсаргасан болно. Одоо койны машин, койн хаана байгааг огт мэдэхгүй байна. Миний хувьд надаас авсан 3.118.000 төгрөгөө нөхөн төлүүлж авмаар байна. Н.Бэс койноо асуухаар койныг чинь суулгаж өгнө, таны түрийвчинд 4.000 байгаа гэж хэлээд байсан ч одоо хаана байгааг огт мэдэхгүй байна. Надад болон тэр Ялалт плаза дээр байсан Тугаа, Жамъяан гэх хүмүүст компьютер болон гар утас дээрээ койныг үзүүлж байсан гэсэн гэхдээ би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, хохирогч Ч.Батхүүгийн дахин өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад Баяр-Эрдэнэ койны машин өгнө гэж хэлж 2.400.000 төгрөгийг авчихаад ерөөсөө миний утсанд койны машиныг суулгаж өгөөгүй, харин бүр сүүлд 2022 оны 03 дугаар сард шоронгоос гарч ирчихээд суулгаж өгсөн боловч тэр лүү би өөрөө бас орж чадахгүй байгаа юм. Би койны машиныг 2019 оны 10 дугаар сарын 16-наас хойш Н.Бэс нэхэх гэтэл алга болоод хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь аргаа бараад цагдаад гомдол гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2020, 2021, 2022 оны 03 дугаар cap хүртэл огт Н.Бтэй уулзаагүй, уулзах уулзахгүй зугтаад, залгахаар утсаа авахгүй үнэхээр хэцүү байсан. Цагдаад гомдол гаргаад сая бүр хоригдож гарч ирчихээд миний утсанд binance гэх зүйлийг оруулж өгсөн боловч би өөрөө тэрэндээ орж чадахгүй байгаа. Н.Б хоригдож гарч ирчихээд надаас гомдолгүй гээд хэлчих гээд гуйгаад миний цахим түрийвчинд 5.100 ширхэг raven coin өгсөн байгаа. Энэ нь цагдаад хандсаны хүчинд өгсөн байгаа юм. Миний бие Н.Бтэй тохиролцоод одоо бол койноо авахаар болсон. Миний дансанд одоо 5.100 койн орсон байгаа. Миний хувьд одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-80 дугаар тал/,

Гэрч У.Цэрэнжавын “Манай өвгөн Батхүү Н.Б гэгчийг надад танилцуулсан. Н.Б нь тухайн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нисдэг машин гэдэг газрын хажуу талд байдаг хар өндөр байшингийн дотор сууж байсан. Тэгээд Н.Б нь манай өвгөн Ч.Батхүүд койны машин зарж байгаа гэсэн. Тэгээд койны машины төлбөрийг өгөхийг тулд манай өвгөн тэтгэврийн зээл авч Н.Бд өгсөн. Койны машин луугаа өвгөн бид хоёр хоёулаа орж үзээгүй. Анх Баяр-Эрдэнэ нь койны машины код, нууц үгийг бичиж өгсөн ба өвгөний гар утас дээр койны машин суулгаж өгсөнийг мэдэхгүй байна. Миний бодлоор Н.Б өөрөө өвгөнд нууц үг хийж өгсөн болохоор тэр койны машин руу өөрөө нууцаар нэвтрээд олборлосон койныг авч ашиглаж байсан байж магадгүй. Одоо өвгөний гар утас койны машин гэх зүйл байхгүй. Миний хувьд Н.Бэс 900 доллартай тэнцэх хэмжээний мөнгөө нэхэж байна. Тэтгэвэрийн зээлээ төлж байна гээд зээлийн хүү төлсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 31-43, 93-180 тал/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 88, 182/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 184-186 тал/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ялалт плаза” төвийн 1300 тоот өрөөнд иргэн Ч.Батхүүд “Raven coin” худалдаж авбал ашигтай гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 900 ам.доллар буюу 2.407.158 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын 900 ам.доллар буюу 2.407.158 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Ч.Батхүүгээс: “миний бие Н.Бтэй тохиролцоод одоо бол койноо авахаар болсон. Миний дансанд одоо 5.100 койн орсон байгаа. Миний хувьд одоо гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн байх ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг мөн гаргажээ.

Иймд шүүгдэгч Н.Баяр-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт НБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын 900 ам.доллар буюу 2.407.158 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ