Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

 

 

 

 

  2022        04          20                                     2022/ШЦТ/368

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Г.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ГЭт холбогдох эрүүгийн 2211 00220 0590 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол Жалханц хутагт Дамдинбазар гудамж 55 дугаар байр 39 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3/б-519 тоотод оршин сууж байгаа гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт ГЭ /РД:........................................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх авто замын уулзвар дээр иргэн Б.Итгэлтэй “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэж маргалдан улмаар түүнийг гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Э нь:

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх авто замын уулзвар дээр иргэн Б.Итгэлтэй “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэж маргалдан улмаар түүнийг гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Итгэлийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өрхийн эмнэлэг орох гээд явж байгаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо цаг уулзварын ойролцоо хүүхдийн хамт ертөнцийн зүгээр хойноос урд зүгт гарцаар зам гарч байтал тухайн автомашин гарцан дээр зам хаагаад зогсож байхад нь араар нь тойроод гарч байхдаа “чи улаан гэрлээр явлаа ш дээ” гэхэд “чи өөрөө улаан гэрлээр явж байна” гээд араас янз бүрээр хараагаад байхаар нь буцаж очоод хаалгыг нь онгойлгоод “юу болсон гэнээ” гэхэд “та өөрөө улаан гэрлээр гарсан” гэж гүтгэхээр нь уурандаа халаасанд байсан түлхүүрээ автомашиных нь урд хаалганы цонх руу шидсэн. Тэгээд зам гараад явах гэж байтал араас ирээд гараас барьсан тэгээд “тавь” гэхэд “тавихгүй” гэж байгаад манай хүүхдийн толгой руу гарынхаа үзүүрээр цохичихсон тэгэхээр “чи миний хүүхдийг цохилоо” гээд барьж явсан хоосон усны саваараа гар луу нь цохитол зөрүүлээд шууд миний баруун нүд рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2392 дугаартай “...Б.Итгэлийн биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Шүүгдэгч Г.Эын “...Би 2022 оны 01 сарын 28-ны өдөр Урт цагааны уулзвараас ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэх гээд явган хүний гарц өнгөрөөд зогсож байтал уг явган хүний гарцаар гарч байсан танихгүй хүн миний автомашины хойд талын буфер уруу өшиглөөд яваад өгсөн  ... Тэгээд би автомашиныхаа цонхыг онгойлгоод та яаж байна гэтэл чиний сэгийг яасан ч яадаг юм гээд миний автомашин хаалгыг 2-3 удаа савсан. Тэгээд миний хацар руу гараараа тулгаад ална шүү хоолойг чинь хэрчинэ гээд байхаар нь хаалгаа түгжсэн. Тэгтэл тэр хүн газраас юм хайж байгаад гэнэт халааснаасаа түлхүүрээ гаргаж ирээд миний автомашины жолооч талын хаалга руу шидсэн ... тэгэхээр нь би автомашинаасаа бууж очоод та хүний эд хөрөнгийг яаж байгаа юм бэ гэхэд чиний сэгийг ...яасан ч яадаг юм гээд над руу дайрч байгаад нэг дэлгүүр рүү орсон. Тэр үед нь би гадаа хүлээж байгаад гарч ирэхээр ...уулзаад 0,5 литрийн ус авч гарч ирээд тухайн усныхаа бөглөөтэй талаар нь миний гар луу цохисон /2 гар уруу/ тэгээд ус нь асгараад дууссаны дараа баруун гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа намайг цохисон газарт нь цохисон. Би тухайн үед цагдаа дуудсан байсан ...тэгээд савтай усаа над руу шидэхээр надад ойгоод зам руу унахаар буцаж очоод тухайн саваа аваад ...шидээд байсан. Энэ үед цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж авсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд мөн орилоод байсан. Миний автомашинд учирсан хохирлын 150.000 төгрөгийг тухайн хүн 2022 оны 02 сарын дундуур надад өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,   

“Кости-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Тоёота приус 30” маркийн 4749 УАС улсын дугаартай автомашины эвдрэл гэмтлийг 150,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 42/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 292 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Г.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газрын дэргэдэх авто замын уулзвар дээр иргэн Б.Итгэлтэй “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэж маргалдан улмаар түүнийг гараараа цохиж биед нь тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

“Кости-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Тоёота приус 30” маркийн 4749 УАС улсын дугаартай автомашины эвдрэл гэмтлийг 150,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хохирогч нь шүүгдэгчид уг автомашины эвдрэл гэмтлийн 150.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Хохирогч Б.Итгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр “гомдол, саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ГЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ