| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00425/и |
| Дугаар | 409 |
| Огноо | 2018-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 409
| 2018 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2018/00409 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум, 2 дугаар багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Х овогт М О-ийн хүсэлттэй Б.Х хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 153/2018/00425/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын иргэн Б-ын Х-тэй 2008 онд танилцаж, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэг гэрт орж түүнээс хойш хамтын амьдралтай байсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан тул том хүү О.Ө-ыг өөрийнхөө нэрээр овоглосон. Б.Х 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар нас барах үед би 4 сартай жирэмсэн байж байгаад бага хүү О.Б-ыг 2016 оны 12 дугаар сарын 17- ны өдөр төрүүлж өөрийнхөө нэрээр овоглосон юм. Б.Х нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутагт мориноос унасны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч зуурдаар нас барсан. Ингээд хүү О.Ө, хүү О. нарт хагас өнчний тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй учир тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Б-ын Х-тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.О нь талийгаач Б.Х хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
........ дугаарын регистртэй, Т бургууд овогт Б-ын Х нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нас барсны бүртгэлийн 8449000009 дугаарт бүртгэсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36/002510 дугаартай лавлагаа /хх-ийн 10 дугаар хуудас/, хүсэлт гаргагчийн тайлбар, Б.Б, М.Б нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч М.О, талийгаач Б.Х нар нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Бат-Орших, 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү О.Өлзий-Орших нар төрсөн болох нь Г№66, 8419000003 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/141 тоот албан бичиг, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/168 дугаар албан бичиг, өрхийн эмчийн тодорхойлолт, Ховд аймгийн Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тодорхойлолт, хүсэлт гаргагч М.О-ийн Б.Х-тэй хамт авахуулсан гэрэл зураг,
Гэрч Б.Б-ны ...М.О нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд Б.Х-тэй хамтран амьдарч байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийсэн. Б.Х нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мориноос унаж нас барсан бөгөөд эхнэр М.О нь тухайн үед жирэмсэн байсан... гэх тодорхойлолт,
Гэрч М.Б-ийн ... .О нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлээд Б.Х-тэй хамтран амьдарч байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийсэн. Б.Х нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мориноос унаж нас барсан. Эхнэр М.О нь тухайн үед 4 сартай жирэмсэн байсан... гэх тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х овогт М-ын О /....... /, Т овогт Б-ын Х /...../ нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ