| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00299/и |
| Дугаар | 420 |
| Огноо | 2018-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 420
| 2018 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2018/00420 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ......... дугаарын регистртэй, Ж ******* овогт Б-ын С-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 153/2018/00299/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2008 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад 2011 онд Ховд аймгийн Цагдаагийн газарт Хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж 2012 оны 10 дугаар сард Ховд аймгийн Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар тоймлогдон, 2013 оны 5 дугаар сард Алтай сумаас Ховд сум дахь цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж, 2018 оны 2 дугаар сараас Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын харуулын цагдаагаар тус тус ажиллаж байна. Ховд аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх шүүгчийн аюулгүй байдлын харуулын цагдаа, ахлагч Б.С миний бие Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан аймгаас бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил 5 жил тутамд олгодог. Миний бие Сум орон нутагт тасралтгүй ажилласан боловч 2012 оны дугаар сард Ховд аймгаас Алтай сумын хэсгийн цагдаагаар томилсон тушаал архивт олдохгүй байгаа тул урамшилд хамрагдах боломжгүй байна. Иймд миний 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 5 дугаар сард Алтай сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.С нь 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байсан болох нь
- Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5б/1668 тоот албан бичиг /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6а/399 дугаар албан бичиг /хх-ийн 5 дугаар хуудас/
- Ховд аймгийн Цагдаагийн газрын ажилтан албан хаагчийн дэлгэрэнгүй анкетын хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19 дугаар тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 21/3575 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Болат овогтой С-ийн 2013 оноос 2017 оны цалингийн тодорхойлолт /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/,
- Цагдаагийн ахлагч Т.Батмөнх, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.*******, Увс аймгийн Бөхмөрөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Даваасамбуу, цагдаагийн дэслэгч Б.******* нарын илтгэх хуудас /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
- Ховд аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч, Б.Сийн 2013 оноос 2017 оны цалингийн тодорхойлолт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
- Ховд аймаг, Ховд сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Ховд аймаг, Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/111 дугаартай тодорхойлолт /хх-ийн 20 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн Алтай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Сийн 2013 оны 04 дүгээр сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн Алтай сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Сийн 2013 оны хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан /хх-ийн 25-29 дүгээр хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар томилох тухай тушаал /хх-ийн 37 дугаар хуудас /,
- Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/53 дугаартай ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Гэрч Г.*******ын ...Би 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газрын Алтай сумын хэсгийн төлөөлөгчөөр, 2014 оны 06 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр, 2015 оны 06 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс Ховд аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр тус тус ажиллаж байсан. Б.С нь намайг Ховд аймгийн Алтай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газрын Алтай сумын хэсгийн цагдаагаар надтай хамт ажиллаж байсан. 2013 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Ховд сумын Цагдаагийн хэлтэст хэсгийн цагдаагаар ажиллахаар шилжсэн .... гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч Б.*******ын ...Би 2012 оноос 2015 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, 2015 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэл архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, 2017 оны 03 дугаар сараас эхлээд одоог хүртэл Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, мөрдөгчөөр ажиллаж байсан. Намайг Ховд аймгийн Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байхад Б.С нь хэв журмын тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад Ховд аймгийн Цагдаагийн газрын Алтай сум дахь хэсгийн цагдаагаар томилогдон ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж овогт Б-ын С-ийг 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 05 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Алтай сумын Цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ