Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат, 

шүүгдэгч Б.Нармандах нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Базарын Нармандахад холбогдох эрүүгийн 201619000729 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Базарын Нармандах /РД:НЫ66051877/ гэв.

           

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Нармандах нь Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Холбоо толгой гэх газарт 2016 оны 09 сарын 27-ны өдөр “хуц ухна ялгасангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Д.Эрдэнэчулууныг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Эрдэнэчулуун хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 сарын 27-ны өдөр Баянхангай сум гуанзнаас урагш холбоо толгой гэх газар хуц ухна хариулж байгаад Нармандахын хоньтой нийлүүлж маргаан үүсгэсэн. Тэгээд Нармандахын гэрт очоод манай хуц ухна танай хоньтой нийлээд байна салгаж авмаар байна гэсэн. Нармандахын малчин бид хоёр хамт яваад малаа ялгаад дийлэхгүй орхиод би үхрээ хураах гээд явсан юм. Тэндээс буцаад явж байтал Нармандах өөдөөс ирж яваад надтай чи хүүхэд морьноос унагаасан байна гээд ташуураар хоёроос гурван удаа цохисон. Тэгэхээр нь би морьноос буугаад та яагаад байгаа юм бэ намайг зодоод гэсэн чинь уурганы бөгсөөр нүд рүү чичсээр яваад өгсөн. Миний нүд хавдаад юм харахгүй болохоор нь гэр лүүгээ яваад сумын эмч ирээд миний нүдийг боож өгөөд тариа хийж өгсөн. Тэндээс цагдаа очиж Нармандахыг авчирсан. Нүд хөхөрсөн хавдсан нүдний зүүн хэсэгт язарсан байсан. Маргалдаж байгаагүй. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Надад гомдол байхгүй байна. Би хохирлоо барагдуулсан. Миний бие зүгээр болсон байгаа. 435000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол барагдуулсан надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-11 тал/,

 

Гэрч Г.Батжаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “Дүгэрсүрэнгийн Эрдэнэчулуунтай 4 жилийн өмнө танилцаж байсан ба манай бог малыг маллаад манайд байж байдаг хүн. Тогтсон цалин байхгүй би жилд хэдэн толгой мал өгчихдөг юм. Гэрийн хаягийг нь би сайн мэдэхгүй. Д.Эрдэнчулуун нь хүнд гэмгүй томоотой хүнтэй муудалцаад байдаггүй хүн дээ” гэсэн мэдүүлэг /хх-12 тал/,

 

-Төв Баянхангай сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-3 тал/,

           

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн №13625 дугаар шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд/:

            1.Эрдэнэчулууны биед зүүн зовхины дотор хэсэгт шарх, 2 зовхины дээд, доод цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-15 тал/,

           

-шүүгдэгч Б.Нармандахыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-25-26 тал/, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар /хх-29-30 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч Б.Нармандахын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-31 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Нармандах нь Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Холбоо толгой гэх газарт 2016 оны 09 сарын 27-ны өдөр “хуц ухна ялгасангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Д.Эрдэнэчулууныг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн №13625 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Эрдэнэчулууны хэрэг бүртгэлтийн шатан өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Нармандахын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Нармандахыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.

 

            Шүүгдэгч Б.Нармандахад холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Нармандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

Хохирлын талаар:

            Хохирогч Д.Эрдэнэчулуун нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх 1 хуудас эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 290, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Базарын Нармандахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Нармандахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Б.Нармандах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Б.Нармандахад авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нармандахад оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ