Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0160

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АБТ-” ХХК нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г

Нэхэмжлэгч: “АБТ-” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О, Г.Б-

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21220000041 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын  тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-, хариуцагч Ц.О, Г.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0505/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.2 дахь хэсгийн 47.2.1, 47.5, 47.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн НА-21220000041 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын  тэмдэглэх хэсгийн 1.1, 1.2, 2.1, 2.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "... уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч тус 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол гаргах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан, хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй, ... Мөн дээр тайлбарласан хуулийн зохицуулалтын өөрчлөлтүүдийн агуулгаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнө ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл өөрийн талбайгаас биш бусдын уурхайн эдэлбэрээс худалдахаар ачуулсан аль аль тохиолдолд ялгаагүй ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар зохицуулсан байна гэж дүгнэлээ" гэжээ.

            Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.1. тухайн уурхайн элбэрт оршиж байгаа ашилт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах" гэж, 35 дугаар зүйл-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ" гэж заасан байдаг.

            Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд тухайн зөвшөөрөлтэй этгээд л олборлолт, ашиглалт явуулах эрхтэй улмаар олборлож, борлуулсан, ашигласан ашигт малтмалдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлж тайлагнах үүрэгтэй.

            Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон 2019 оны 03 дугаар сарын 26-ныг хүртэл үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг ийнхүү шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

            2.2. Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... “АБТ-” ХХК-ийн дотоодоос худалдан авсан жоншны тайлангаас үзэхэд “М” ХХК-аас өөр цахим тайлангийн e-tax.mta.mn системд илгээн баталгаажуулсан АМНАТ төлөгчийн мэдээлэл байхгүй байсан, бусад иргэн аж ахуйн нэгжээс төлсөн төлбөрийн баримт, болон суутган төлсөн тайлан мэдээ байхгүй байсан,... гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна" гэжээ.

            Гэтэл энэхүү үндэслэлд дурдсан "цахим тайлангийн e-tax.mta.mn системд илгээн баталгаажуулсан АМНАТ төлөгчийн мэдээлэл, бусад иргэн аж ахуйн нэгжээс төлсөн төлбөрийн баримт, болон суутган төлсөн тайлан мэдээ" гэдэг нэр томьёо шаардлага, үндэслэл нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хуульд нэмж оруулсан тус хуулийн 47.7, 47.18, 47.19-д заасан шаардлагууд юм.

            Үүнээс үзэхэд шүүх шинээр батлагдан гарсан хуулийг буцаан хэрэглэсэн, нөгөө талаас шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн дүгнэлт гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс бэлтгэн нийлүүлэгчдийн төлсөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг манайд нөхөн ногдуулсан төлбөрөөс хасч тооцоогүй гэж нэхэмжлэлд дурдсан бол хариуцагч талын татварын байцаагч нар хасалт хийсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч огт хасалт хийх үндэслэлгүй гэж зарчмын өөр өөр байр суурь илэрхийлж байсныг шүүх дүгнэж дүгнэлт гаргасангүй.

            2.3. Нэхэмжлэгчийн зүгээс дэвшүүсэн экспортод гаргасан ашигт малтмалын жишиг үнийг тооцохдоо тухайн бүрдүүлэлт хийсэн өдрийн Монголбанкны ханшаар тооцоогүй, сарын дунджаар тооцсон нь хууль зөрчсөн гэсэн гомдлыг шүүх хэлэлцсэн боловч дүгнэлт гаргалгүй орхигдуулсан.

             Хэдийгээр Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/164, 2021 оны А/134 тоот тушаалаар баталсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ /ТТ-15В/ тайланд "Монголбанкнаас зарласан ам.долларын сарын дундаж ханш" гэсэн багана байгаа хэдий ч энэ нь 2019 оны 9 дүгээр сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 30-нд батлагдаж хэрэгжсэн журам маягтууд.

            Энэ шинэ журмыг 2018-2019 онуудад хэрэглэх нь хууль бус. Эдгээр журмын заалтууд ч хууль зөрчсөн байх магадлалтай. Учир нь өнөө мөрдөж байгаа Татварын ерөнхий хуулийн Татварын тайлан үйлдэх, тушаах-29 дугаар зүйлийн 29.1-д “татварын тайланд тусгах, бүртгэх төлбөр тооцоо гадаад валютаар хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож төгрөгөөр илэрхийлэх" гэсэн зөвхөн ганц заалт байдаг. Харин 2018-2019 оны хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.6-д "Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг  төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ" гэсэн заалт л үйлчилж байсан. Нэхэмжлэгчийн ханшийн тооцоог хийсэн тооцоолол нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан.

            2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гаргасан шаардлага болох нэхэмжлэгчийн 2018-2020 онуудын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцохдоо нэгж агуулгад ногдох арга буюу хувь тэнцүүлэн тооцдог аргачлалаар тооцсон нь хууль бус байна гэсэн шаардлагад шүүх дүгнэлт өгөөгүй.             Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 342 тоот тогтоолоор баталсан " Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 2.2-т Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай бол нийтэд мэдээлсэн агуулгын хувиас нэгж агуулгад ногдох үнэд үндэслэн хувь тэнцүүлэх замаар борлуулалтын үнэлгээг тооцно” гэсэн заалт байдаг.

            Гэвч уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 сарын 30-ны 04 тогтоолд Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүйг тогтоож улмаар Засгийн газрын 2021 оны 174 тоот тогтоолоор хүчинүй болсон. Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны 465 тоот тогтоолоор дээрх хүчингүй болсон журмыг шинэчлэн баталж мөрдүүлсэн.

            Татварын улсын байцаагчийн үйлдсэн Нөхөн ногдуулалтын акт нь тооцооллын болоод хууль хэрэглээний алдаатай байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул үндэслэл тооцооллыг нягтлах шаардлагатай гэж нэхэмжлэгчийн зүгээс шүүх хурлын явцад удаа дараа тайлбарласан. Хэдийгээр валютын ханшаар хөрвүүлэн тооцох, нэгж агуулгад ногдох хувиар тооцох эрх хэмжээний талаар шүүх хурлын үед хэлэлцсэн боловч дүгнэлт гаргалгүй орхигдуулсан.

            2.5. Нэхэмжлэгч “АБТ-” ХХК нь экспортод гаргасан жоншны үнийг олон улсын зах зээлд суурилсан жишиг үнээр тооцож, улмаар хэт өндөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа эрхзүйн актууд, Засгийн газрын тогтоолууд нь хууль бус байгааг тогтоож хүчингүй быолгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Энэхүү гомдлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан 7 компани хамтран нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

            2. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татвар, хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.О, Г.Б- нар нь “АБТ-” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  НА-21220000041 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар 23.708.039.028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны  үндсэн төлбөр ногдуулаагүй, 8.415.886.238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй, 23.708.039.028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй, 8.415.886.238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй, 136.874.635.30 төгрөгийн төлбөрийг хуулийн хугацаанд нь төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд нийт 3.862.982.969.25 төгрөгийн нөхөн татвар, 1.219.837.986.43 төгрөгийн торгууль, 799.971.520.91 төгрөгийн алданги, нийт 5.882.792.476.59 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэгчээс “... Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны хуралдааны 04 тоот тогтоолоор хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгосон нь хууль бус, ... зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдсөн, ... Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг мөрдөөгүй, ... хүчингүй болгосон “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг үндэслэсэн, ... “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим аргачлал”-ыг дурдсан нь АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ, жишиг үнэтэй холбоогүй, харин өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй холбоотой, ... Засгийн газрын 2011 оны 193 тоот тогтоолын жонш, жоншны баяжмалтай холбоотой заалтууд нь Засгийн газрын 2013 оны 131, 2015 оны 488 тоот тогтоолоор тус тус хүчингүй болсон, ... 2019-2020 онд өөрсдийн талбайд олборлолт хийгээгүй гар аргаар жонш олборлогч нөхөрлөл, хувь хүмүүсээс худалдан авалт хийж, зохих боловсруулалт хийж экспортолсон. Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцох үүрэгтэй байтал энэ тооцооллыг хийгээгүй, ... жишиг үнээс АМНАТ тооцохдоо Монгол банкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон, ... Засгийн газрын 2015 оны 488 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.4 дэх заалтын 6-д заасан "Хайлуур жоншны баяжмал"-ын ангиллаар тооцоогүй ...” гэсэн үндэслэлээр дээрх нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан байна.  

            4. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тодруулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал:

            4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

            4.2. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 1.1 дэх хэсгийн “...  нийт 23.708.039.028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулаагүй ...”, 1.2 дахь хэсгийн “.... нийт 8.415.886.238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй ...”, 2.1 дэх хэсгийн “... нийт 23.708.039.028.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй ...”, 2.2 дахь хэсгийн “... нийт 8.415.886.238.08 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй, төсөвт төлөөгүй ...” гэх хэсгүүдтэй холбогдуулан нэхэмжлэгчээс  “... хүчингүй болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1, 47.3.2 дахь заалтыг үндэслэл болгосон, ... зах зээлийн үнэ буюу гэрээний үнийг мөрдсөн, ... Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг мөрдөөгүй, ... хүчингүй болгосон “АМНАТ-н хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ыг үндэслэсэн, ... Засгийн газрын 2011 оны 193 тоот тогтоолын жонш, жоншны баяжмалтай холбоотой заалтууд нь Засгийн газрын 2013 оны 131, 2015 оны 488 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгосон, ... 2019-2020 онд өөрсдийн талбайд олборлолт хийгээгүй гар аргаар жонш олборлогч нөхөрлөл, хувь хүмүүсээс худалдан авалт хийж, зохих боловсруулалт хийж экспортолсон, ... өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцох үүрэгтэй. Энэ тооцооллыг хийгээгүй, ... Монголбанкны сарын дундаж ханшийг авч тооцоолсон, ... Засгийн газрын 2015 оны 488 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.4 дэх заалтын 6-д заасан "Хайлуур жоншны баяжмал"-ын ангиллаар тооцоогүй ...” гэж нэхэмжлэгчээс маргасан байхад эдгээр үндэслэл тус бүрийн тухайд үндэслэлтэй эсэх, эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэхэд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй байна.

            4.3. Мөн талуудын маргааны зүйл нь хариуцагч татварын байцаагч нараас нэхэмжлэгч “АБТ-” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж тайлант хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчил үйлдсэн хэмээн үзэж акт тогтоосон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл экспортлогч гэж үзсэн эсэх, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд холбогдох өөрчлөлт удаа дараа /2019 оны 03 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр/ орсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн 2018-2020 оны зөрчилд уг өөрчлөлт орсон хуулийн зүйл заалтын аль зохицуулалт үйлчлэх эсэхийг ялгаж, бүрэн дүгнэхээр байхад анхан шатны шүүх “... Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнө ч  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл өөрийн талбайгаар биш бусдын уурхайн эдэлбэрээс худалдахаар ачуулсан аль аль тохиолдолд  ялгаагүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар зохицуулсан, ... гэрээний үнээр бус харин харин олон улсын зах зээлийн үнийг баримтлан төлбөр тогтоосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, ... экспортод гаргасан хайлуур жоншны хүдэр, баяжмалын агуулгын хувьд үндэслэн акт тогтоосон нь үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг  хийж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус, дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

            4.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... 2019-2020 онд өөрсдийн талбайд олборлолт хийгээгүй “М-” ХХК болон гар аргаар жонш олборлогч нөхөрлөл, хувь хүмүүсээс худалдан авалт хийж, зохих боловсруулалт хийж экспортолсон, энэ талаарх баримтууд байгаа боловч байцаагч нар аваагүй” гэж тайлбарлан маргаж, хариуцагчаас “... “М-” ХХК-ийн ногдуулж төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын цахим тайлангийн системд илгээж, баталгаажуулсан тайланг үндэслэн хасч тооцсон ...” гэж тайлбарласан байх боловч энэ талаар холбогдох тооцоолол хэрэгт авагдаагүй, бусад гар аргаар олборлогчдоос ашигт малтмал худалдан авсан эсэх талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, холбогдох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            4.5. Мөн анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй “... бүрдүүлэлт хийсэн өдрийн Монголбанкны ханшаар тооцоогүй, сарын дунджаар тооцсон,... хувь тэнцүүлэн тооцдог аргачлалаар тооцсон нь хууль бус, ... бэлтгэн нийлүүлэгчдийн төлсөн  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хасаж тооцоогүй”-д дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.  

            4.6. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчаас Монголбанкны сарын дундаж ханшаар тооцсон нь үндэслэлтэй эсэх, гар аргаар жонш олборлогч нөхөрлөлүүдийн төлсөн гэх татварыг хасаж тооцох байсан эсэх, нэхэмжлэгчийн энэ талаар маргасан нь үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байтал энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагдалтай байна. 

            5. Иймээс шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 819 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ