Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 422

 

 

2018 оны 07 сарын 06 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00422

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Баянхайрхан багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Х овогт Б-ны Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 153/2018/00337/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д 1988 оны 1 сард ажилд орж, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын НААҮ-д оёдолчноор ажилласан. Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д 1988 оны 1 сард ажилд орж 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Чандмань сумын НААҮ-д оёдолчноор ажилласан жил Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байгаа. Иймд миний 1988-1991 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт ажиллаж амьдардаг бөгөөд хур бороо ихтэй, ар гэр бүл муутай учир дахин дахин шүүхэд хүрэлцэн ирэх нөхцөл боломж муутай байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ц нь 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д оёдолчноор ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1014 дугаартай албан бичиг /хх-ийн 8 дугаар хуудас/,

- НААҮ-ийн газрын захиргаанаас хүсэлт гаргагчид олгосон сайшаалын үнэмлэхийн эх хувь /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Ховд СХ-ийн НААҮ-ийн газрын захиргаанаас хүсэлт гаргагчид олгосон баярын бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 33 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Чандмань эрүүл мэндийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 311382 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь /хх-ийн 38-61 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Отгонбулагийн ...Би 1973 оны хавар Ховд аймгийн Булган сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Булган сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд орж, 1975 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. 1975 оны 10 дугаар сард нөхөр Б.Зундуйжамцтай гэр бүл болж Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад шилжин ажилласан. 1978 оны 09 дүгээр сарын үед манайх Ховд аймгийн Чандмань сум руу шилжсэн. Ховд аймгийн Чандмань сумын Ахуй үйлчилгээний цэгт оёдолчноор ажилд орж, 1990 оныг хүртэл ажилласан. 1980-аад оны эхэн үед Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв гэдэг нэртэй болсон. Б.Ц нь 1988 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж, 1990 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Т.Энхээгийн ...Би Ховд аймгийн Мөст сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгссөн. Ховд аймгийн Чандмань сумын нийтийн ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1986 оноос оёдолчноор ажилд орж, 1990 оныг дуустал ажиллаж байсан. Б.Ц нь 1988 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Чандмань сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж, 1990 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Цийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Б-ны Ц-ийг 1988 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын сумын НААҮ-д оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ