Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 424

 

2018 оны 07 сарын 06 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00424

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, *******аар баг, Жаргалантын ******* тоотод оршин суух, ....... дугаарын регистртэй, ******* овогт Ч-ын П-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 153/2018/*******/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.П  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар цэргийн албанд татагдаж, Ховд аймгийн Цэргийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан. 1994 оны 04 дүгээр сард Ховд аймагт байгуулагдсан цагдаагийн дамжаанд суралцаж, 1994 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төгссөн. 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* сумын цагдаагаар, 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Дуут суманд цагдаагаар 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* аймгийн Цагдаагийн хэлстийн мэдэлд шилжиж хэсгийн төлөөлөгч, жижүүрийн офицер зэрэг ажлуудыг тасралтгүй хийж гүйцэтгэж байсан. Миний 1996 оны 01 дүгээр сараас 1996 оны 07 дугаар сарыг хүртэл цалингийн түүвэр, 1994 оны 05 дугаар сард ажилд томилсон тушаал олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд намайг 1994 оноос 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие зайлшгүй шаардлагатай ажил гарсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ч.П нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.П нь 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 1994 оны Ховд дахь Цагдаагийн дамжааны төгсөлтийн гэрэл зураг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн Цагдаагийн сургуулийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2264 дугаар хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хх-ийн 7 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1994 оны цалингийн цэс /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1069 дугаартай албан бичиг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 983 дугаартай албан бичиг /хх-ийн 10 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19/295 дугаартай албан бичиг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19/297 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Б.*******ийн ... “Би 1990 оноос 1992 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1994 оноос 1996 оныг хүртэл Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар, 1997 оноос 2006 оныг хүртэл Ховд аймгийн Гурвалжин холбоо харуул хамгаалалтын хоршоонд хамгаалагчаар, 2007 оноос 2018 оныг хүртэл Хаан банкны Ховд салбарт жолоочоор ажиллаж байна. Ч.П нь 1990 оноос 1992 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1994 онд баруун 5 аймгийн цагдаагийн курс Ховд аймагт зохион байгуулагдсан. 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бидний тушаал гарч Ч.П нь дэд ахлагч цолтойгоор Ховд аймгийн ******* суманд цагдаагаар томилогдон ажилласан....” гэх гэрчийн мэдүүлэг,

Иргэн Б*******ийн “...Би 1994 оноос 2017 оныг хүртэл Ховд аймгийн Замын цагдаагийн тасагт цагдаагаар ажиллаж байсан. Ч.П нь бид хоёр 1994 онд Цагдаагийн дамжаа хамтдаа төгсөж байсан. Улмаар 1994 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бидний тушаал гарч Ч.П нь дэд ахлагч цолтойгоор Ховд аймгийн ******* суманд цагдаагаар томилогдон ажилласан. Яг хэдэн оныг хүртэл Ховд аймгийн ******* суманд цагдаагаар ажилласан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Дуут суманд бас ажиллаж байгаад 2000 оны үед ******* аймаг руу шилжсэн...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Пын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овогт Ч-ын П-ыг 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ч.Пын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ