Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

 

   2022        04         12                                   2022/ШЦТ/340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч О.О /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огторгуй овогт ООд холбогдох эрүүгийн 2211 00000 0591 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Их уул сум 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-90 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Огторгуй овогт ОО /РД:..................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус бүр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орон зай” худалдааны төвийн 3 дугаар давхрын С-3 дугаартай “Нано шоп” нэртэй компьютер худалдааны дэлгүүрийн лангуунаас хохирогч Ш.Гомбожавын эзэмшлийн “Самсунг Ай-7”-той 10 дугаар үеийн 2 ширхэг нөтбүүкийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.О нь:

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус бүр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орон зай” худалдааны төвийн 3 дугаар давхрын С-3 дугаартай “Нано шоп” нэртэй компьютер худалдааны дэлгүүрийн лангуунаас хохирогч Ш.Гомбожавын эзэмшлийн “Самсунг Ай-7”-той 10 дугаар үеийн 2 ширхэг нөтбүүкийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Ш.Гомбожавын“...Би 2016 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах орон зай худалдааны төв дээр С-3 дугаар лангуун дээр Нано шоп нэртэй компьютер худалдааны дэлгүүрийг ажиллуулж байна. Манай лангуу нийтдээ 6 хүн ажилладаг бөгөөд өдөрт 3 хүн нь ажилладаг. Тэгээд бараагаа долоо хоног тутам тоолдог хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тоолоход манай лангууны бараа бүрэн байсан бөгөөд 03 дугаар сарын 07-ны өдөр бараагаа тоолсон чинь Samsung I7 той 10 дугаар үеийн 1 ширхэг нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дахин бараагаа тоолсон чинь Samsung I7 той 10 дугаар үеийн нөүтбүүк дахиад дутсан байсан. Тухайн хоёр нөүтбүүк нь нэг лангуун дээр байсан. Эхэнд алдагдсан нөүтбүүкийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай таньдаг ах Болдбаатар /96088585/ нь манай дэлгүүрээс орж ирээд саарал өнгийн Samsung I7 той нөүтбүүкний цэнэглэгч байна уу гэж асуусан. Тэгэхлээр нь би цэнэглэгч гаргаж ирээд нөүтбүүкийг нь асаасан чинь тэр нь манай үйлдлийн систем байсан болохоор сериал кодыг шалгаж үзсэн чинь манайхаас алга болсон нөүтбүүк мөн байсан. Тухайн нөүтбүүк нь зарсан бүртгэл дээр бүртгэгдээгүй байсан тухайн нөүтбүүкний сериал нь 1DPJ91CN600405N гэсэн сериал дугаар нь таарч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-с ирсэн нөүтбүүк байсан. Тус нөүтбүүк нь лангуун дээр 2.590.000 төгрөгөөр худалдаалагдаж байсан одоо энэ үнэлгээгээр үнэлнэ. Болдбаатар ах тухайн нөүтбүүкийг худалдан авах гэж 85502028 гэсэн дугаарын гар утсаар холбогдож 1.370.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 5897208898 тоот данс руу мөнгө шилжүүлээд Сансрын Түнэл орчмоос очиж авсан гэсэн. Нөүтбүүк зарсан хүн нь 20 орчим насны эрэгтэй хүн байсан тэр өөрийгөө оюутан гэж хэлж байсан. Би Болдбаатар ахын хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо би нөүтбүүк хулгайлсан хүнээс 1.370.000 төгрөг нэхэмжилнэ ...Очирсүм нь нөүтбүүк авсан мөнгө болох 1.370.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр миний дансанд шилжүүлж, намайг хохиролгүй болгосон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,

Гэрч Г.Болдбаатарын “...би 2022 оны 03 дугаар сарын эхээр Нөүтбүүк худалдан авахаар хайж эхэлсэн. Манай хүү Б.Зоригт-Отгон энэ жил хугацаат цэргийн алба хаагаад ирсэн. Одоо Ард даатгал ХХК-д ажиллаж байгаа бөгөөд ажлын шаардлагаар нөүтбүүк хэрэгтэй болсон. Тэгээд би Нарантуул олон улсын худалдааны төвөөс гэр лүүгээ явах замд байрлах ломбардуудаас зарах нөүтбүүк байна уу гэж асуугаад өөрийн гар утасны дугаарыг үлдээсэн яг хэдэн ломбарданд гар утасны дугаараа үлдээснийг санахгүй байна. Тэгсэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний 96088585 дугаарын гар утас руу 85502028 дугаарын гар утсаар над руу залгаад та нөүтбүүк худалдан авах гэж байгаа юм уу гэж асуухаар нь би ямар үзүүлэлттэй нөүтбүүк бэ гэж асуусан чинь Samsung I7 той 10 дугаар үеийн нөүтбүүк байна гэж хэлэхээр нь би за наад нөүтбүүкийг чинь үзье гэж хэлсэн чинь тэр залуу би дөхүүлээд өгье гэж хэлээд бид хоёр сансрын колонкийн буудал дээр уулзсан. Тэгээд би тэр нөүтбүүкийг асаагаад шалгаж үзсэн. Тэгээд цэнэглэгчийн үзсэн чинь таарахгүй өөр цэнэглэгч байсан. Тэгсэн тэр залуу би сая яарч байгаад эгчийн цэнэглэгчийг аваад ирсэн байна. Би танд маргааш цэнэглэгч өгнө гэж хэлсэн. Тэгэхлээр нь би одоо цуг яваад цэнэглэгчийг нь авч болох уу гэсэн чинь тэр залуу манай гэр нисэхэд байдаг гэж хэлсэн. Тэгэхлээр нь би цэнэглэгчний мөнгийг нь хасна гэж хэлсэн чинь тэр залуу тэгээ болно гэж хэлээд 50.000 төгрөг хасаад 1.370.000 төгрөгөөр худалдан авахаар болоод тэр залуугийн 5897208897 тоот данс руу мөнгө шилжүүлээд нөүтбүүкээ аваад явсан. Тэгээд тэр өдрөө худалдан авсан нөүтбүүкээ форматлуулах гээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Орон зай худалдааны төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах Нано шоп дээр ирээд Ш.Гомбожавтай уулзсан чинь энэ манайд зарагдаж байгаа нөүтбүүктэй адилхан юм байна гэж хэлээд тухайн нөүтбүүкний сериалыг үзсэн чинь тэнд зарагдаж байсан нөүтбүүктэй сериал нь таарсан. Тэгээд Ш.Гомбожав лангуун дээр байгаа нөүтбүүкээ хайгаад олоогүй. Тэгсэн Ш.Гомбожав энэ нөүтбүүк хулгайд алдагдсан байна хяналтын камерын бичлэгээ үзэхээр болсон. Тэгэхлээр нь би нөүтбүүкээ Ш.Гомбожавд үлдээсэн. Миний нөүтбүүк худалдан авсан хүн 20-23 орчим настай, 160-165 орчим см өндөртэй, туранхай, бор царайтай эрэгтэй хүн байсан. Би өмсөж явсан хувцсыг нь анзаараагүй. Ш.Гомбожав надад хэлэхдээ энэ манайхаас алдагдсан нөүтбүүк юм шиг байна тийм учраас Цагдаагийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй юм байна таны хохирол мөнгийг барагдуулж өгнө гэж хэлсэн .. миний нөүтбүүк худалдаж авсан мөнгө болох 1.370.000 төгрөгийг Гомбожав надад өгсөн ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10-11 дах тал/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.590.000 /хоёр сая таван зуун ерөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв гэжээ /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.590.000 /хоёр сая таван зуун ерөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв гэжээ /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Шүүгдэгч О.Оийн “...Тэгээд тэр мөнгөөрөө өрөө дарах гээд цахимаар мөрийтэй покер тоглосон боловч алдсан. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би хүний машинтай гадуур явж байгаад машин мөргөж 350.000 төгрөгийн өрөнд орсон өрөнд орсон. Тэгээд надад мөнгөний хэрэгцээ шаардпагатай болсон ба 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн нөүтбүүкийн Ломбарднаас авах гэтэл мөн л мөнгө олдохгүй байсан тул найзуудаасаа мөнгө зээлээд хямд нөүтбүүк авах бодолтой Чингэлтэй дүүрэг 1-г хороо Орон зай худалдааны төвийн 3 давхарт байх Нано шоп гэх нэртэй комьпютер худалдааны дэлгүүр лүү ороход худалдагч нь гээд нэг өндөс ганцаараа хүмүүст нөүтбүүк зараад зогсож байсан тэгэхээр нь би цаад талд босоо шилэн лангуу руу очоод нөүтбүүк сонирхож байтал хаалга нь онгорхой байсан ба худалдагч ах цаад талынхаа өрөө рүү ороод яваад өгсөн. Тэгээд надад хулгай хийх сэдэл төрөөд лангуунд байх Samsung маркийн саарал өнгийн нөүтбүүкийг аваад өөрийн барьж явсан цүнхэндээ хийсэн ба яг цүнхэндээ хийсний  дараа худалдагч нь орж ирсэн болохоор мэдээгүй. Тэгээд би худалдагч ахаас нөүтбүүкний үнэ асууж байгаад гараад явсан. Ингээд би хулгайлсан нөүтбкүүкээ аваад өөрийн нөүтбүүкээ барьцаанд тавьсан халдвартад байрлах Сайн ломбард руу очоод ажилтан эгчээс нь нөүтбүүк худалдаж авах хүн байгаа юу гэж асуухад надад Болдбаатар гэх хүний 96088585 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би утас руу нь ярьж нөүтбүүк худалдаж авах уу Samsung маркийн саарал өнгийн I7 үзүүлэлтэй 10 дугаар үеийн нөүтбүүк байна гэхэд үзье гэсэн. Ингээд тухайн Болдбаатар гэдэг хүнтэй тэр өдрөө Сансарын клонкын автобусны буудал дээр уулзаад хулгайлсан нөүтбүүкээ 1.370.000 төгрөгөөр зарсан цэнэглэгч байхгүй байсан болохоор 50.000 төгрөг хасаад зарсан. Мөнгийг өөрийн Хаан банкны 5897208897 тоот дансаар авсан. Уг мөнгөнөөс машин мөргөсөн өр болох 350.000 төгрөгийг өгөөд poket зээлийн аппликейшнээс зээлсэн 180.000 төгрөгийг төлөөд үлдсэн мөнгөөрөө өөрийн нөүтбүүкээ авах гэтэл хүрэхгүй байсан болохоор цахим покер тоглоод алдсан байдаг.  Тэгээд би өрөө дараад нөүтбүүкээ авч чадаагүй болохоор 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин Орон зай худалдааны төвийн Нано шоп руу дахин нөүтбүүк хулгайлахаар очсон. Намайг очиход хоёр худалдагч нэг цэвэрлэгч эгч байсан ба цэвэрлэгч нь цааш хараад тоос арчиж байсан харин нөгөө хоёр худалдагч нь комьпютер дээрээ юм хийгээд бас намайг анзаарахгүй байсан. Ингээд би яг өмнө нь хулгайлж байсан шигээ цаад талд байх босоо шилэн лангуунаас бас л өмнө нь хулгайлж байсан Samsung маркийн саарал өнгийн I7 үзүүлэлттэй 10 дугаар үеийн нөүтбүүкийг аваад цүнхэндээ хийгээд хулгайлан гарсан. Хулгайлсан нөүтбүүкээ өөрөө ашиглахаар болж харин өөрийн ломбарданд тавьсан нөүтбүүкээ зээл чөлөөлнө гэсэн хүнтэй зарын дагуу холбогдоод 1.300.000 төгрөгөөр зарахаар болж ломбарднаас 1.100.000 төгрөгөөр чөлөөлүүлээд 200.000 төгрөгийг өөртөө авч 50.000 төгрөгөөр нь хулгайлсан нөүтбүүкэндээ цэнэглэгч аваад үлдсэн мөнгийг нь хувьдаа зарцуулсан байдаг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад миний хулгайлсан нөүтбүүкийг худалдаж авсан Болдбаатар ах над руу залгаад ах нь цэнэглэгч болохгүй байна, чи ахдаа цэнэглэгчээ өгчихөө 50.000 төгрөг өгье гээд манай гэрийг заалгаад гэрийн гадаа ирчихлээ гэж залгасан. Тэгээд би гэрээсээ гараад очиход Болдбаатар ах биш хоёр цагдаа ирээд чи нөүтбүүк хулгай хийсэн үү гэхээр нь би хэргээ хүлээгээд би Орон зай худалдааны төвөөс 2 ширхэг нөүтбүүк хулгайлаад нэгийг нь зараад нөгөөг нь хэрэглэж байгаа, одоо гэрт байгаа гээд гэр лүүгээ дагуулж ороод хулгайлсан нөүтбүүкээ аваад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирээд хулгайлсан нөүтбүүкээ хүлээлгэн өгсөн. Мөн зарсан нөүтбүүкнийхээ мөнгө болох 1,370.000 төгрөгийг Нано шоп дэлгүүрийн захирал болох Гомбожав гэх хүний 5114187110 тоот Хаан банкны данс руу шилжүүлж ямар нэгэн хохиролгүй болгосон байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 41/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 43/, хохирол төлсөн баримт /хх 38/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 122 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч О.О нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус бүр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орон зай” худалдааны төвийн 3 дугаар давхрын С-3 дугаартай “Нано шоп” нэртэй компьютер худалдааны дэлгүүрийн лангуунаас хохирогч Ш.Гомбожавын эзэмшлийн “Самсунг Ай-7”-той 10 дугаар үеийн 2 ширхэг нөтбүүкийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Ш.Гомбожав нь “...2  нөүтбүүк болон өөрөөс гарсан 1.370.000 төгрөгөө буцааж авсан. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч О.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Огторгуй овогт ООийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ