Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0663/Э |
Дугаар | 2022/ШЦТ/695 |
Огноо | 2022-08-30 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/695
2022 08 30 2022/ШЦТ/695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Ц.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Омбо овогт ЦБд холбогдох эрүүгийн 2211 01031 1379 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, МАК ХХК-нд өрмийн мастер ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 8 гудамж 209 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат-2 1-1-30 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Омбо овогт ЦБ /РД:........................................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич караокед үйлчлүүлж байхдаа пивоны шил шидэж Самсунг UHD загварын 50 инчийн зурагт хагалж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б нь:
2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич караокед үйлчлүүлж байхдаа пивоны шил шидэж Самсунг UHD загварын 50 инчийн зурагт хагалж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч О.Нарангэрэлийн “...би өөрийн ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Рич нэртэй караокед байж байтал 2022 оны 06 дугаар сарын 17-ны 20 цагийн орчим манай буудалд бууж байрласан байсан 4 хүн караокены өрөөнд тавуулаа болж орж ирсэн. Тухайн үед сул байсан 2 номерын өрөө рүү оруулсан. Тэгтэл 20 цаг 30 минутын орчим санагдаж байна. 2 номерын өрөөнд орсон хүмүүс хоорондоо муудалцаад маргаад байхаар нь 3 хүнийг нь хөөж гаргасан тухайн үед өрөөнд нэг эрэгтэй нэг эмэгтэй 2 хүн үлдсэн. Өрөөний цаг нь дуусах үед би өөрөө тухайн өрөөнд ортол өрөөний зурагтыг хагалсан байсан. Тэр үед би зурагт хагалчихсан байна гэж хэлсэн яг тэр үед текэн дээр өөр хүмүүс ирээд гарах гэж байсан ба би тухайн хүмүүсээс тооцоог нь аваад буцаад өрөөнд нь ортол хүн байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Виннер Вэй ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-24 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.Бийн гэрчээр өгсөн“... Тухайн үед манай найз болох Ганбат, Нарангэрэл нар Чингэлтэй дүүрэгт байх зочид буудалд байхад нь явж очсон. Тэгээд бид Рич нэртэй зочид буудлын доод талд байх караоке руу орсон. Караокены өрөөнд орж байж байгаад найз эмэгтэй болох Оргилтамиртай маргалдсан бөгөөд уурандаа ширээн дээр байсан пивоны шилийг авч шидэх явцад ширээн дээр ойгоод өрөөнд байсан зурагтыг гэмтээчихсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/, мөн түүний яллагдагчаар өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна асууж тодруулах зүйл байхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн хохирогч О.Нарангэрэлийн эзэмшлийнх гэх зурагтны мөнгө, орлого тасалдуулсан гээд нийт 1.812.000 төгрөгийг бүрэн барагдуулсан байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 65/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич караокед үйлчлүүлж байхдаа пивоны шил шидэж Самсунг UHD загварын 50 инчийн зурагт хагалж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд зүйлийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй хэдий ч шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзсан, энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед “Виннэр Вэй” ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээгээр Самсунг брэндийн 50 инчийн UHD зурагт 1.600.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчид 1.812.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга /хх-ийн 61 дүгээр тал/-р нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Батдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Омбо овогт ЦБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ