Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/568

 

 

 

 

 

  2022        06          28                                     2022/ШЦТ/568

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Д.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галдан Бошигт овогт ДОд холбогдох эрүүгийн 2211 00000 1270 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-55 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Галдан Бошигт овогт ДО /РД:.................................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод А.Цэрэннадмидтай маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж, түлхэж унаган биед нь баруун дээд, доод зовхи, хацар, нүдний алимны салст, цээж, баруун бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун шагайны үенд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О нь согтуугаар;

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод А.Цэрэннадмидтай маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж, түлхэж унаган биед нь баруун дээд, доод зовхи, хацар, нүдний алимны салст, цээж, баруун бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун шагайны үенд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Нарантуул зах дээр ажилладаг байсан. Манай нөхөр өнгөрөөд олон жил болж байгаа. Манай хоёр бага хүүхэд эзэнгүй өнжөөд байгаа учраас би дүүгийндээ аваачиж өгсөн. Би нэг орой ажлаасаа ирэхэд манай цонхыг хагалсан байсан. Би цонхоо шиллүүлтлээ би танайд амьдарчихъя гэж хэлсэн. Би өдөр болгон шуудайгаар мод аваад байх хэцүү байна гэхэд будаа агшаагч болон плитка ашиглуулсан. Би бараагаа хурааж дуусгаад 10 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Тэр үед Баярмандах болон Учрал, Цэрэннадмид нар байсан. Би гэртээ орж унтах гэж байхад гаднаас Баярмандах нь орж ирээд Одноо миний дүү ахдаа ганц юм аваад өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэр үед нимгэн хувцастай явж байсан учраас Цэрэннадмидаас цамц өгөөч гэж хэлсэн ... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч А.Цэрэннадмидын “...Би хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод амьдардаг манай хөрш Одончулуун манай байшингийн цонх хагарчихсан танайд хэсэг хамт амьдаръя гээд манайд гэрийнхээ юмнуудыг зөөж оруулж ирээд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хамт амьдарч байсан юм. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод нөхөр Баярмандах найз Төмөрсүхийн хамтаар байж байтал Одончулуун зах дээр бараа зардаг тэгээд орой 20 цагийн орчим ирсэн бид хэд тэгээд гэрт байсан Хараа гэх нэртэй 0.75 л савалгаатай архи бид дөрөв хувааж уугаад Одончулуун дахиж дэлгүүр ороод нэг шил юм аваад ирье гээд гараад нэг шил ногоон шилтэй архи авч ирээд тэрийгээ ууж амжаагүй нөхөр бие засах гээд гарсан байтал Одончулуун надад хандан чиний наад хүүхэд нөхрийн чинь хүүхэд биз дээ гичий минь гээд бид хоёр маргалдаад би зайл гэтэл тэгвэл миний юмнуудыг одоо хүргээд өгөөдөх гэхээр нь би чадахгүй яах гэж анхнаасаа авч ирсэн юм маргааш өөрөө авахгүй юу гэтэл уурлаад Одончулуун миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад Төмөрсүх хажуунаас бид хоёрыг салгаад байж байтал Одончулуун дахиж миний үснээс зулгаагаад татаад намайг зуух ор хоёрын хооронд унагаасан би босоод иртэл аймаар хурдан миний баруун хацар хавдсан тэгээд нүдэнд цус хураад хамарнаас хацарнаас цус гарсан. Төмөрсүх салгаад Одончулуун битгий айл амьтанд гай болоод бай юмаа ав гээд хөөгөөд гаргасан удалгүй Одончулуун нэг залуу дагуулж орж ирээд зурагт, будаа агшаагч, тогоогоо аваад явсан, нөхөр гаднаас орж ирээд намайг хараад шууд цагдаа дууд гээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Гэрч М.Баярмандахын “...2022 оны 05 дугаар сарын 22-ны Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод эхнэр Цэрэннадмид, найз Төмөрсүх нарын хамт байж байтал орой гаднаас Одончулуун халамцуу орж ирсэн. Тэгээд бид хэд нэг шил архи хувааж уугаад байж байтал Одончулуун гэнэт маргааш манай хүүхэд ирнэ манай юмнуудыг гэрлүү оруулаад өг гээд байсан. Би тэгээд юу яриад байгаа юм бэ харанхуй шөнө согтуу хүмүүс хагалчихвал яах юм маргааш болъё гэтэл Одончулуун Цэрэннадмид руу дайраад миний гэдэс гүйлгээд гарч 00 орох гэж байтал Одончулуун Цэрэннадмидад чиний гэдсэнд байгаа хүүхэд чинь нөхрийн чинь хүүхэд биш биздээ гэж байсан би тэгээд гарсны хойно хэрүүл болж байсан би тоогоогүй тэгээд 00-д сууж байтал Төмөрсүх гарч ирээд энэ хоёр зодолдоод байна гэсэн би битгий тоо гэчихээд ороод иртэл Цэрэннадмидийн нүүр нь хавдчихсан байсан. Би тэгээд цагдаа дууд гэж хэлээд дуудуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7556 дугаартай дүгнэлтэнд: “А.Цэрэннадмидын биед баруун дээд, доод зовхи, хацар, нүдний алимны салст, цээж, баруун бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Оы “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нарантуул худалдааны төвд хүний лангуун дээр туслахаар зогсдог юм. Орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод Баярмандахын гэрт очиход Цэрэннадмид, Баярмандах, Төмөрсүх, Учрал архи уучихсан согтуу байсан удалгүй араас Содномцэрэн ах орж ирээд намайг архи аваад өгөөч гэхээр нь би Содномцэрэн ахтай хамт дэлгүүр орж 0,75л савалгаатай ногоон шилтэй архи авч ирээд тэр архинаасаа дээрээс нь нэг нэг уугаад байж байтал Цэрэннадмид намайг нөхрийнхөө куртик өмсөж дэлгүүр явсан гээд надруу дайраад үсдэхээр нь би бас зөрүүлээд үсдэлцээд бид хоёр хамтдаа ор, гал тогооны шүүгээ хоёрын завсраар унасан ... Цэрэннадмидын биед баруун дээд, доод зовхи, хацар, нүдний алимны салст, цээж, раруун бугалга, шуу, хэвлийд цус хурал, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал, баруун рацарт зулгаралт гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, шүүгдэгч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх 51-52/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 234 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Д.О нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-59 тоотод А.Цэрэннадмидтай маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж, түлхэж унаган биед нь баруун дээд, доод зовхи, хацар, нүдний алимны салст, цээж, баруун бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун шагайны үенд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч А.Цэрэннадмид нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 51 дүгээр тал/-дээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаар дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Галдан Бошигт овогт ДОыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.  Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ