Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 00191

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нарын

                          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/01171 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Мэндсайханд холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг 24.342.570 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Туяа, М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд, хариуцагч М.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Мэндсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Найдан, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Туяа, М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Туяа би 1993 онд хариуцагч М.Мэндсайхантай гэр бүл болж улмаар гэр бүлийн хамтын амьдрал үргэлжлэх боломжгүй болж 2001 онд гэрлэлтээ цуцлуулж түүний дараа 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №47 тоот хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүү М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нарт хариуцагч М.Мэндсайханаас хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь хариуцагч М.Мэндсайхан хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлж, ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоо нуун дарагдуулж байсан. Хүүхдийн тэтгэлэгийг бөөнд нь төлнө гэх хариуцагчийн үгэнд олон жил хууртаж үүний хажуугаар миний бие хүүхдүүдээ өсгөх тухай бодож өнөөг хүрсэн. Хүүхдүүддээ чанартай боловсрол олгох, эзэмшүүлэхийн тулд хүүхдийн тэтгэлэг болох мөнгийг гаргуулж авах тулгамдсан шаардлага гарч байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу хүүхдийн тэтгэлэг, алданги 27.827.070 төгрөгөөс төлөгдсөн 3.484.500 төгрөгийг хасч 24.342.570 төгрөгийг нөхөн гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн баримтаар 3.768.800 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой байсан тэтгэлэг 14.782.580 төгрөгийг нэхэмжилж байна, алдангийг заавал гаргуулах албагүй гэжээ.

Хариуцагч М.Мэндсайхан шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Миний бие нь иргэн Д.Туяатай 1993 онд гэр бүл болж хамт амьдарч байгаад 2001 оны 11 дүгээр сард гэр бүлийн таарамжгүй байдлын улмаас гэрлэлтээ цуцлуулж том хүү М.Цэнд-Аюушийг миний бие, бага хүү М.Шинэцэндийг эх Д.Туяа асрамжиндаа авч өсгөж хүмүүжүүлэхээр болж шүүхийн шийдвэр гарсан боловч Д.Туяа нь дахин шүүхэд гомдол гаргасны улмаас 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээр том хүү М.Цэнд-Аюушийг эх Д.Туяагийн асрамжинд үлдээсэн тул миний бие 2 хүүхдийнхээ тэтгэмжийг хууль тогтоомжийн хүрээнд цалингаасаа өгсөөр ирсэн билээ. Гэтэл 2016 онд ажилгүй болсон тул хүүхдийн тэтгэмжийн асуудал цаг хугацаандаа төлөгдөхгүй тасалдсан. Энэ үеэр Д.Туяа нь тэтгэмжийн мөнгийг гаргуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсаны дагуу 2016 оны 4 дүгээр сард хүүхдийн тэтгэмж төлөх харилцан тохиролцсон хэлцэл байгуулж уг хэлцлийнхээ дагуу төлбөрийг хугацаанд нь төлж дуусгасан.

Гэтэл 2017 оны 3 дугаар сард дахин сэргээсэн гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэн гүйцэтгэх ажиллагааг явуулсныг зогсоохоор хуулийн дагуу хөөцөлдөж байж Монгол Улсын аль нэг шатны шүүхийн шийдвэргүйгээр хууль зөрчиж ажиллагаа явуулж байсныг тогтоож Нийслэлийн ШШГА-наас авч байсан арга хэмжээг цуцлуулсан билээ. Миний амьдарч байгаа хашаа байшинг хүртэл хурааж авахаар битүүмжилсэн хууль бус үйл ажиллагааг Д.Туяагийн хүсэлтээр явуулж иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байсан болох нь тогтоогдсон. Д.Туяа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг ашиглах гэсэн хорон санаа нь бүтэлгүй болонгуут Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2017 онд нэхэмжлэл гаргаж надаас 1.990.000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00302 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган Д.Туяад 1.999.000 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу 1.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сард Хаан банкны 5095017972 тоот дансанд өмгөөлөгчөөрөө дамжуулан шилжүүлснийг Д.Туяа хүлээн авсан.

Дараах хууль эрх зүйн үндэслэлээр Д.Туяагийн нэхэмжлэлийг шүүх хүлээж авах үндэслэлгүй болох нь тодорхой байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00302 тоот шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчин Д.Туяа нь нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хүлээн авсан нь буруу байна.

Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор хуулинд заасны дагуу бага хүү М.Шинэцэнд нь 18 нас хүрч эр цэргийн алба хааж байгаа бөгөөд үлдсэн төлбөрийг цэргээс халагдахад нь хүү М.Шинэцэндэд өгснөөр миний тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болж байгаа бөгөөд өмнө өгсөн 1.000.000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй тул үлдэгдлийг хүүдээ өөрт нь өгөхөөр тохиролцсон болно.

Иймд Д.Туяагийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2. энэ хуулийн 14-р зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн, 65.1.6. нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01171 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч М.Мэндсайханаас 8 826 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Шинэцэндэд, 5 122 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цэнд-Аюушд тус тус олгож, нэхэмжлэгч Д.Туяа болон нэхэмжлэлийн шаардлагаас 10 393 970 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Мэндсайханаас 227 693 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Туяа, М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч М.Мэндсайханаас 13.948.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч бид хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу төлөгдөөгүй дээрх тэтгэлэг болох 13.948.600 төгрөгөөс алданги тооцож 50 хувиар алданги 6.974.300 төгрөгийн алдангийг гаргуулан өгөх шаардлагаа дэмжиж байгаа тул хариуцагч М.Мэндсайханаас нийт 20.922.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Мэндсайхан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь зөвхөн нэг талыг барьж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн олбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж, дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийг хангахад чиглэгдсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Туяа бид хоёрын хооронд шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан "Хүүхдийн тэтгэмж төлөх харилцан тохиролцсон хэлцэл" ийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх талаар шүүх санаачилга огт гаргалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар үнэлээгүй нь иргэн бүрийн эрх ашгийг хуулийн хүрээнд тэгш хангах зарчим алдагдахад хүргэсэн байна. Уг хэлцлийн 3-т "Энэ хэлцэл нь хүүхдийг насанд хүртэл үргэлжилнэ" гэж заасан бөгөөд энэхүү заалтын хүрээнд хүү М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нар нь 18 нас хүрсэн байгааг харгалзан үзээгүй байна.

Нэхэмжпэгч М.Шинэцэнд нь хоёр өөр овогтой улсын бүртгэлд бүртгэлтэй байгааг шүүх нягталж үзсэнгүй. Нэхэмжпэгч Д.Туяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т "Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно" гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: М.Шинэцэндийн шүүхэд гаргаж өгсөн иргэний бичиг баримт нь Харчин овогт Мэндсайханы Шинэцэнд гэж байгаа боловч Эрдэнэт үйлдвэрийн Технологийн дээд сургуулиас гаргаж өгсөн тодорхойлолтод Тогтохбаяр овогтой Шинэцэнд гэсэн бүртгэлтэй байгаа нь дээрх зүйл заалтыг зөрчиж хууль бусаар нотлох баримтыг бүрдүүлж өгсөн гэж үзэхэд хүргэж байна. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т "тэтгүүлэгч хүүхэд ...18 нас хүрсэн" эсвэл бусдад үрчлэгдсэн бол тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох тухай заасан байгааг шүүхээс харгалзаж үзэхийг хүсч байна. Шүүхээс тэтгэмжийн хэмжээг гаргахдаа нэхэмжлэлд хамрагдах оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямарч үндэслэлгүй хийсвэрээр тооцож гаргасан бөгөөд тухайн онуудад миний зүгээс хүүхдүүдэд өгч байсан мөнгийг нарийн тооцоогүй нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоог хийсвэрээр үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Зүй нь тухайн нэхэмжлэлийн хугацаанд хамрагдах онуудад Засгийн газрын ямар тогтоол шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдээр тогтоож байсныг баримт нотолгоотой гаргаж нарийн тооцох байсныг анхан шатны шүүхээс хийгээгүй цугласан нотлох баримтын хүрээнд хийсвэр тооцоо гаргаж иргэн миний амьдралд хүндрэл учруулж байна гэж үзэж байна. Анхан шатны шийдвэрт "Энэ тэтгэлэг том хүү М.Цэнд-Аюушийн биеийн эрүүл мэнд, цаашдын эмчилгээнд болон М.Шинэцэндийн сурч боловсроход зайлшгүй олгогдох ёстой мөнгө..." гэж заасан байх бөгөөд М.Цэнд-Аюуш ямар өвчтэй цаашид ямар эмчилгээ хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй байтал шүүх энэхүү хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нар нь хариуцагч М.Мэндсайханаас шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой хүүхдийн тэтгэлэгт дутуу төлсөн 24.342.570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг 14.782.580 төгрөг гаргуулахаар багасгасан боловч хариуцагч М.Мэндсайхан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Д.Туяа М.Мэндсайхан нар нь 1993 онд гэр бүл болж 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү М.Цэнд-Аюуш, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү М.Шинэцэнд нар төржээ.

2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн 906 дугаар шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, хүү М.Шинэцэндийг эх Д.Туяагийн асрамжинд үлдээж, 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр хүү М.Цэнд-Аюушийг эх Д.Туяагийн асрамжинд үлдээхээр өөрчилж, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд нарыг эцэг М.Мэндсайханаар тэжээн тэтгүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч М.Мэндсайхан нь шүүхийн шийдвэрээр 2 хүүхдийн тэтгэлэгт нийт 3.768.800 төгрөг төлсөн, 2004 оноос хойш 2 хүүхдийг насанд хүртэл төлөх хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй хуулинд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч М.Мэндсайханаас хүн амын амьжиргааны доод түвшинг тухайн бүс нутагт /хангайн бүс/ тогтоосон хэмжээгээр тэтгэлэг төлөөгүй хугацаагаар тооцон хүү М.Цэнд-Аюушд 5.803.200 төгрөг хүү М.Шинэцэндэд 12.454.200 төгрөг тус тус олгох үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлөгдсөн 3.768.800 төгрөг, бэлнээр өгсөн 540.000 төгрөгийг хасч тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан тэжээн тэтгэх үүрэг тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн бол дуусгавар болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох болоогүй байхад дутуу төлсөн, төлөх ёстой тэтгэлгийг гаргуулах шаардлага тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

Нөгөө талаар хариуцагч М.Мэндсайхан нь харьяаллын талаар маргаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаар шүүхийн онцгой харьяалал тогтоосон тул нэхэмжлэгчийн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасныг буруутгах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн алдангиа дэмжээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх бөгөөд давж заалдах гомдол гаргахдаа алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд болон хариуцагч М.Мэндсайхан нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/01171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш, М.Шинэцэнд, хариуцагч М.Мэндсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.000 төгрөгийг, хариуцагч М.Мэндсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ