Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2020/02484/И |
Дугаар | 001/ХТ2021/00719 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2021/00719
Ж.Очбадрахын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаар магадлалтай,
Ж.Очбадрахын нэхэмжлэлтэй,
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Очбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр УБДС ТӨХК-д Автомашин механизмын жолоочоор ажилд орсон бөгөөд, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг даалгаврыг биелүүлж, элдэв зөрчил гаргалгүй ажиллаж байсан. 2020 оны 2 дугаар сард цагаан сарын амралтын өдрүүдийг тохиолдуулан нутагтаа очиж аав ээжтэйгээ золгохоор чөлөө авч явсан боловч Улсын онцгой комиссын шийдвэр гарч, Дорнод аймагт хөл хорио тогтоосноос болж 7 хоног ажилдаа ирж чадаагүй. Гэтэл энэхүү хүндэтгэх шалтгааныг харгалзалгүй ажил тасалсан гэж буруутган шалтаглаж 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр жолоочийн ажлын байрнаас чөлөөлж, сантехникийн слесарь болгосон. Улмаар ээлжийн амралтаа авсан ба, ээлжийн амралттай байх хугацаанд ажлын байран дээр сургалтад суулгаж, шалгалт авах нэрээр уг ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэн, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б/139 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдэлгүй ажлаас халсан. Эхний шалгалтаа амжилттай өгсөн хэдий ч, дахин шалгалт авч зориуд унагааж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн. Иймд намайг Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчин ажлаас үндэслэлгүйгээр халсан тул слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Очбадрах нь УБДС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/158 тоот тушаалаар тус компанийн Хангамж үйлчилгээний албаны Автомашин механизмын жолоочийн ажлын байранд туршилтын хугацаагаар томилогдож, улмаар мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/277 тоот тушаалаар жинхлэн ажилласан билээ. Ж.Очбадрах нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Автомашин механизмын жолоочоор ажиллах хугацаандаа албан ёсны чөлөө зөвшөөрөлгүй ажил таслах, зан харилцааны доголдол гаргах, дээд шатны удирдах ажилтны үгэнд ордоггүй, өгсөн үүрэг даалгавар хангалттай биелүүлдэггүй, хариуцсан машиндаа засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэггүй зэрэг алдаа дутагдал удаа дараа гаргаж, албаны хамт олны болон захирлын зөвлөлийн хурлаар удаад араа яригдаж байсан. 2020 оны 3 дугаар сарын 23-ны Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр жолооч Ж.Очбадрахын ажлын байрыг өөрчилж, Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесариар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тэрээр слесариар ажиллах хугацаанд мэргэжлийн шалгалтад удаа дараа хангалтгүй үнэлгээ авч, тухайн ажлын байранд ажиллагсдын мэдлэг ур чадварын шалгуурт тэнцээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр слесарь Ж.Очбадрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гарч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.Очбадрахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Очбадрахыг УБДС ТӨХК-ийн Дамжуулах сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний албаны Дулааны шугам хоолойн слесарийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УБДС ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,667,084 /дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянга наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Очбадрахад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Очбадрахын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч УБДС ТӨХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч УБДС ТӨХК-иас 89,623 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 623 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9-р сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Очбадрах нь тус компанид 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр жолоочоор ажилд орсон бөгөөд сахилгын зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/85 дугаар тушаалаар цуцалсан болно.
Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар Ж.Очбадрахыг дамжуулах сүлжээний шугам хоолойн слесариар туршилтын хоёр сарын хугацаатай томилж, дагалдан суралцах хөтөлбөрийг судлуулан шалгалтад хамруулахыг албаны даргад даалгасан байдаг. Улмаар шалгалтын комисс Ж. Очбадрахаас 2020 оны 4 дүгээр сарын 13, 4 дүгээр сарын 17, 4 дүгээр сарын 27 болон 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд дараалан шалгалтууд авч, түүнийг дагалдан суралцах хөтөлбөрийг судлаагүй, наад захын мэдлэггүй хангалтгүй дүн үзүүлсэн гэж шалгалтын комиссын дүгнэсэн байдаг./ хх- 37,44,45/ Ж.Очбадрахыг хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байхад нь сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор албан тушаалыг нь өөрчилсөн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах бөгөөд УБДС ТӨХК-ийн захирлын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Очбадрахыг шугам хоолойн слесарийн ажлаас чөлөөлсөн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж гаргасан гэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар дүгнэлт гаргажээ.
Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/85 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Очбадрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231-т заасны дагуу 2 сарын туршилтын хугацаатай томилсноор шинээр хөдөлмөрийн, харилцаа үүссэн байдаг ба нэхэмжлэгч нь жолоочийн ажлаас халсан гаргаагүй, гомдол гаргах хугацаа хэтэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.1-т заасныг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусахад 5 /тав/ хоног дутуу байхад хөдөлмөрийн Гэрээг цуцалсан болно. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9-р саарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Ж.Очбадрах нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д холбогдуулан слесарын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ж.Очбадрах нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 2018.06.21-ний өдрөөс эхлэн аж ахуй, үйлчилгээний албаны жолоочоор ажиллаж байсан ба ажил олгогч 2020.03.24-ний өдөр түүнийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, дамжуулах сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний албанд дулааны шугам хоолойн слесариар шилжүүлсэн, энэ талаар маргаагүй байна.
Үүний дараа хариуцагч нь 2020.05.20-ны өдөр Б/139 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. дах заалтыг үндэслэн мэргэжил, мэдлэг, ур чадварын хувьд тэнцэхгүй гэжээ.
Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй болно. Гагцхүү ажилтны ийнхүү гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байдал нь энэ талаар үнэлэлт өгөх эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон байх учиртай.
Ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг ажилтныг ажлаас халах үндэслэл болгох нь буруу.
Түүнчлэн хуулийн дээрх зохицуулалтаар ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалдаа тусгасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн ажил олгогчийн тушаал эрх бүхий этгээдийн дүгнэлтэд үндэслээгүй, шалгалтын комиссын хурлын тэмдэглэл, шалгалтын хуудас гэх баримт нэхэмжлэгчийн мэргэжил ур чадварыг тодорхойлох үндэслэл биш гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.Очбадрахыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг слесарийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зөв тооцоолон хариуцагчаас 4,667,084 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 11-ний өдрийн 113 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөрийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
Х.ЭРДЭНЭСУВД