| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0113/Э |
| Дугаар | 306 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 306
Ж.Г холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ууганбаатар,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Год холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Дэгрээт овгийн Ж.Г, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;
Ж.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны 6 дугаар байрны 01 тоот хаалганы үүдэнд иргэн С.Гыг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний цээжин тус газар нь хоёр удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, Ж.Гыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Год оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон бүгд 491 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Гын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 23 см урттай хүрэн модон бариултай металл хутга 1 ширхэг, 26.5 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг, шүүгдэгч Ж.Гын хэрэг болсон өдөр өмсөж явсан гэх цагаан өнгийн үслэг дотортой юүдэнтэй куртик 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, юүдэнтэй ногоон өнгийн цамц 1 ширхэг, ногоон эрээн өнгийн синтепонон юүдэнтэй цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн богино өмд 1 ширхэг, 1 хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгахыг шүүгчийн туслах С.Буянхишигт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 5.631.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболдод олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 5,616,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Г гаргасан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны үеийн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо үг, өгүүлбэрийн илт зөрүүтэй, зөвхөн нэг хүнийг буруутган яллаж, бусад үйл баримтыг хангалттай тогтоолгүй үнэнийг олж харан шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Улсын яллагч Б.Ууганбаатар нь “...Нэг сарын дараа эсхүл нэг жилийн дараа байлаа ч гэрч нэг л ижил мэдүүлэг өгөх үүрэгтэй...” гэж дүгнэлтэндээ дурьджээ.
Д.Баянжаргалын сэжигтэнээр 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, яллагдагчаар 2017 оны 9 дүгээр сарын 21-ний, 2017 оны 10 дугаар сарын 27-ны, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, гэрчээр 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 19-нд 7 удаагийн удаа дараагийн болон 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь бүгд худал хэлсэн зөрүүтэй мэдүүлгүүд байдаг.
Д.Баянжаргал “... Ж.Г 7 хоногийн өмнөөс манайд амьдарч байгаа. Би Ж.Гтой 2016 оны 7 дугаар сарын 18-наас эхлэн амьдарч байсан ...” гэх мэдүүлэг нь худлаа бөгөөд миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Солонгос улсаас ирсэн ба 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шарын голд байсан билээ.
“...С.Г намайг сөхрүүлэхээр нь би мангасдаад хамраас нь цус гаргасан. Их цус гараагүй бөгөөд алгаараа арчсан. Тэгээд миний хувцас дээр цус болчихсон...” гэх мэдүүлэг,
“...С.Г ах хоол хийсэн ...” гэж гэрч Улаанаа ярьсан байхад Баянжаргал нь “...би гэртээ хоол хийсэн, Ж.Гын хар өнгийн хутгаар мах татаж хоол хийсэн...” гэж мэдүүлдэг. Тийм бол яагаад гар хурууны мөр огт байхгүй байгаад гайхаж байна. Мөн С.Гын хамраас цус гарсан юм бол “хэргийн газрын анхны мэдүүлгээр хамар, ам, чихнээс нь гарсан зүйлгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Баянжаргал нь 2 ширхэг хутгыг нь гаргаж шидсэн гэдэг “цогцосны 2 хөлийн дунд цагаан өнгийн хуйлаастай даавуу байсныг задалж үзэхэд хар өнгийн иштэй, өөх тос гэмээр зүйлээр бохирлогдсон хутга, цагаан ажлын бээлий байсныг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэрэг үйлдэгдсэн хутга Ж.Гынх ...” юм гэжээ. Тийм бол тэр хутгыг Алтан-Очир болон бусад гэрч нараар яагаад таниулах ажиллагаа хийлгүүлж болоогүй юм бэ?
Баянжаргал нь “...С.Гын цээж цус болсон байсан, би байгаад хаалгаа хаасан...”, “..хөөе хаалгаа гээд удаан хурдан цохиход нь хаалгаа нээгээгүй, С.Гыг үхлийн шарх болон хутганы шарх авсныг мэдээгүй, Ж.Г айсан байдалтай сандараад байсан. Би хаалгаа огт онгойлгоогүй...”, эсхүл “... хаалга онгойлгож харсан ...” гэх зэрэг тэнэг хүн ч эргэлзэхээр ойлгомжгүй, зөрүүтэй, худал мэдүүлгүүд өгсөн байхад мөрдөн байцаагч болон улсын яллагч нар илтэд нэг талыг барьж ажиллан, улсын яллагч Б.Ууганбаатар нь уг мэдүүлгийг хэрхэн үнэлэх нь бидэнд хамаагүй гэж учир үл ойлгогдох зүйл ярьж дүгнэлтэндээ дурьджээ. Мөн цамцанд цус нэвчинэ гэдэг нь нимгэн даавууг нэвтэрч орсон байхыг хэлнэ гэсэн байна. Тийм бол яагаад зөвхөн ганц цамцны 2 ханцуйнд нэвчсэн гэх цус байгаад, дотуур цамцны ханцуй болон бусад хувцасанд байхгүй байгаа, цээж нь цус болсон байсан гэсэн мэдүүлгээр бол хаалга хүртэл алхсан гэж Д.Баянжаргалын хэлсэнчилэн газарт, коридорт, шалан дээр цусны толбо байгаа, үгүйг шалгаагүй нь учир дутагдалтай байна.
Д.Баянжаргалын өгсөн мэдүүлэг бүр нь худал хэлсэн байдаг ба “С.Гын цээжнээс цус гарсан байсан, хаалга огт онгойлгоогүй, хаалга онгойлгож харсан, үхлийн шарх авсаныг мэдээгүй, Ж.Гыг хаалга цохиход онгойлгож өгсөн” гэх зэрэг өгсөн мэдүүлэг бүр нь зөрүүтэй худлаа байдаг ба уг хэргийг Д.Баянжаргалыг үйлдсэн гэдэгт миний бие итгэлтэй байдаг. Үгүй болбоос тэр орой хаалгаа онгойлгож өгөхгүй байсан шалтгаан нь Д.Баянжаргалтай хамт өөр хэн нэгэн хүн гэрт нь хамт байсан гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрт нь байсан өөрсдийнх нь ахуйн хэрэглээний хутга нь коридорт гаргаж хаясан гэх хувцаснуудыг холдуулахад олдсон гэдэг ба миний хэлсэн үг бүрийг хүлээн авахгүй байгаад гомдолтой явдаг билээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Алтан-Очир, Дэжидмаа, Амгаланчимэг нарыг оролцуулах хүсэлт гаргахад прокурорын зүгээс няцаасан. Юуны учираас эдгээр гэрч нарыг оролцуулах шаардлагагүй гэж айгаад байгаад, бас хэргийн газраас олдсон болон миний ажлын багаж гээд байгаа хутгыг бусад гэрч нарт яагаад таниулах ажиллагаа хийлгүүлээгүйг ойлгохгүй байна. Гэрч Н.Наранчимэг нь цуг орж ирсэн хүнээ байгаагүй гэж үгүйсгэсэн, миний мэдүүлж байсан нас ойролцоо спорт халимагтай хүн орж ирсэн гэж хэлснийг Д.Баянжаргал, Н.Наранчимэг болон улсын яллагч нар яагаад үгүйсгээд байгаа, мөн энэ мэдүүлгийг өгсөөр байтал Наранчимэгийн хүүг цагдан хорьсон зэрэг нь эргэлзээтэй гэж бодож байна.
2017 оны 9 дүгээр сарын 19-ний орой Н.Наранчимэг нь шөнө 23 цагийн үед Баянжаргал утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой гэрийн хаягаа зааж өгөөд байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Сүүлд нь би 2 удаа цагдаа дуудсан гэдэг. Баянжаргал цагдаа дуудаагүй юм бол хэнд гэрийн хаягаа зааж өгөх болов? гэдгийг огт тодруулаагүй байдаг.
2018 оны 10 дугаар сарын 19-нд Баянжаргал нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...би цагдан хорих ангид байхдаа миний дүү эртхэн амьдарлаа бодохгүй юу даа залуу хүн, эгч нь хэргээ хүлээгээд явдаг газраа явдаг юм билүү, талийгаач шөнө болгон зүүдэнд ороод байна...” гэсэн утгатай захидал өгөөүй гэдэг ба Загдсүрэн нь хүнээр өгүүлсэн байтал надад уг зурвасыг Г.Зоригтбаатар нь намайг танихгүй, хамт нэг өрөөнд хоригдож байгаагүй гэж мэдүүлсэн гэдэгт гайхаж байна. Г.Зоригтбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 26-наас 2018 оны 1 дүгээр сарын дунд үе хүртэл цагдан хорих 461 дүгээр ангийн 2 дугаар давхарын С корпусын 11 дүгээр өрөөнд А.Төрмөнх, Д.Жавхлан болон би цуг хоригдож байсан болно.
2018 оны Сар шинийн баярын өмнө намайг цагдан хорих 461 дүгээр ангиас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү мөрдөгч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатар нь авч явсан ба шинжилгээ өгөөд эргэн мөрдөгчийн хамт ажил дээр нь ирэхэд Д.Баянжаргал ажлынх нь үүдэнд зогсож байсан. Д.Баянжаргалыг хэн мөрдөгчийн ажил дээр авч очсоныг гайхдаг. Яагаад гэвэл Д.Баянжаргал нь тухайн үед цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан билээ. Тухайн цаг үед мөрдөгч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатар болон жолооч нар нь бид хоёрыг машинд орхиод ажил руугаа орох үед Д.Баянжаргал нь “... би хэргээ хүлэээгээд явна, чи намайг эргэж очих уу ...” гэж хэлж ярьж байсан билээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-нд талийгаачийн ар гэрт нь Д.Баянжаргал очиж мэдэгдсэн байдаг. Яагаад энэ олон хоногийн дараа мөрдөгч нь биш Д.Баянжаргал очиж хэлэх болсон ба мөн би тухайн үед тэнд байгаагүй гэж Д.Баянжаргал хэлсэн байдаг.
Улсын яллагч Т.Нансалмаа нь Ж.Г, Баянжаргал нар нь дотно харьцаатай байсан, ажилд оруулсан зэргийг нь гэрч Н.Дэжидмаа давхар нотолдог гэжээ. Хэрхэн ямар дотно харьцаатай байсныг Н.Дэжидмаа яаж нотлоод байгаад гайхаж байна. Баянжаргал нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хэлэлцүүлэгт “...хэргээ үүрчих, эгч нь чамд туслана...” гэсэн агуулгатай захидал бичээгүй, “... чиний хэргийг үүрчихвэл чи яах вэ? ...” гэж хэлсэн гэжээ. Өмнө нь өгсөн мэдүүлгүүддээ хэргийн утга агуулгатай зурвас огт явуулаагүй гэдэг. Мөн “хэргээ үүрчих эгч нь чамд туслана” гэсэн нь ямар учиртайг, хэн үүнийг хэлээд байгааг тунгаагаасай гэж хүсч байна. Гэрч Н.Наранчимэг нь “...23 цагийн үед Баянжаргал утсаараа цагдаа дуудаад байгаа бололтой гэрийн хаягаа зааж өгөөд байсан, би цагдаад 00 цаг 05 минутанд дуудлага өгсөн, Баянжаргал, Ганаа хоёр хэрэлдэж байсан, хувцас шидэлж байхыг хараагүй, намайг харж байхад хувцаснууд гаргаж шидэж байсан. Тэгтэл хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна, Баянжаргалын гэрийн хаалга тас гээд хаагдаж байгаа чимээ сонсогдсон. Би сэрээд цагдаа ирж байгаа юм байна даа гээд сонсож байтал хүн хурхирах чимээ сонсогдсон ...” гэх мэт утга агуулга болон цагийн зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Эдгээр гэрч нарын санаатай гаргасан худал мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байгаа гэж бодож байна.
Удаа дарааллан эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгүүд болон бусад баримт зэрэг нь бүгд зөрүүтэй байсаар байтал үнэнийг олж харан, хэргийн ээдрээ эргэлзээтэй зэргийг нягтлахыг хүсэлгүй зөвхөн яллах талыг баримтлан хэт нэг талыг барьж намайг илтэд хэлмэгдүүлэн гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Идэрболд нь “...С.Г ахыг Баянжаргал гэдэг эмэгтэй хамт амьдардаг байхдаа цээж болон гар хэвлий, нуруун тус газруудад нь хутгаар зоосон, оёдол тавиулсан байдалтай байсныг талийгаачийн найз Зоокоо гэдэг ахаас дуулсан, хамт архи уугаад хоорондоо муудаад зүүн хэвлийн тус газар нь заазуураар цавчиж байсан, зүүн хөмсөгний орчим нь ваараар цохиод язалчихсан байсан, би энэ хүнээсээ боль гэж хэлж байсан боловч хамт байгаад л байсан. Би Д.Баянжаргал, Ж.Г хоёрт хоёуланд нь гомдолтой байна ...” гэсэн байхад улсын яллагч Б.Ууганбаатар нь Д.Баянжаргал урьд нь олон удаагийн зөрчил гаргасан нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг биш юм гэж өмгөөлж, хамгаалж байгаад нь ямар нэгэн учир байгаа болов уу гэж бодоход хүргэж байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 21-нд миний бие С.Г ах надтай архи уугаад сууж байхдаа манай эхнэр намайг урьд нь 7-оос 8 удаа хутгалж байсан гээд яриад байсан гэсэн мэдүүлгийг минь огт хүлээн авч шалгаагүй билээ. 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 462 дугаартай яллах дүгнэлтэнд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Танягийн “...Үслэг дотортой хөх өнгийн юүдэнтэй өвлийн куртик дээр илэрсэн цус нь АВ (4) дүгээр бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт гэх мөртлөө 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан бас нэгэн яллах дүгнэлтэнд “...цус илрээгүй...” гэсэн дүгнэлт гарсан гэх, энэ мэтчилэн утга авцалдаагүй өөр, өөр мэдүүлэг асар их байна.
Иймд хуулиндаа заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмуудыг үндэслэн уг хэргийн эргэлзээг бүрэн арилгуулан үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.
Миний бие талийгаачийн амь нас хохирсон явдалд хамааралгүй гэдгээ батлан хэлэх нь зүйн хэрэг ба уг хэргийг үйлдсэн жинхэнэ эзэн нь олдоно гэдэгт итгэж байна.
Миний гаргасан гомдол нь бусдыг гүтгэсэн, худал мэдүүлсэн байх аваас хуулийн хариуцлага хүлээхэд гомдох зүйлгүй болно...” гэв.
Шүүгдэгч Ж.Гын өмгөөлөгч Б.Дима давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 1078000000096 дугаартай хэргийг шалгах үйл явц удааширсан, цаг хугацаа маш их алдсан, үүнээс үүдээд гол нотлох баримтууд бүдгэрэх, үнэ цэнээ алдах ач холбогдлоо алдах зэрэг байдлууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хэрэг шалгагдах явцад өмгөөлөгч миний зүгээс гаргасан нэг л хүсэлтийг хангаж бусдыг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ энэ тухай надад албан ёсны хариуг өгөөгүй ба шүүхэд хэрэг очих үед хавтас хэрэгт нөхөж хийсэн /миний үзэж хараагүй, мэдээгүй баримтуудыг/ байсан.
Дараах нөхцөл байдлууд нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд нийцэхгүй эргэлзээтэй, зөрүүтэй байна.Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Гыг тухайн хүн амины хэрэгт буруутгах гол үндэслэл болсон Ж.Гын өмсөж явсан гэх ногоон эрээн өнгийн синтепон юүдэнтэй цамцны 2 манжетнаас хохирогч С.Гын цус илэрсэн гэдэг. Энэ цус нь нэвтэрсэн гэж шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9135 тоот дүгнэлтээр /2хх 29, 30, 31/ гарсан байдаг. Гэтэл шүүх хуралдаанд нотлох баримтаар уг цамцыг судлахад цамцны ханцуйнд ямар нэгэн цусны бохирдол байгаагүй. Өмгөөлөгч би цамцыг барьж үзэж шүүгдэгчид аваачиж үзүүлсэн. Нэвтэрсэн цус битгий хэл цусны толбо ч ор мөргүй арилах ямар ч боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд цамцыг таниулах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг ямар үндэслэлээр хангаагүй талаарх хариуг надад өгөөгүй, дараа нь хариуг бичгээр өгсөн мэтээр баримт үйлдэж хавтас хэрэгт нөхөж хийсэн байсныг шүүхийн шатанд мэдсэн.
Эд мөрийн баримтаар шүүх хуралдаанд цамцыг судлахад цус байхгүй байна гэсэн асуудлыг тавихад шүүх бүрэлдэхүүн ямар ч ач холбогдол өгөөгүй, нэг шүүгч нь ч гэсэн цамцыг нягтлан хараагүй. Гэтэл энэ цамц хүнийг хүнд гэмт хэрэгт буруутгаж байгаа гол нотлох баримт байсан. Энэ баримтад маш их эргэлзээ төрж байгаа. Уг цамц нь хохирогчийн цамц байсан ба хэрэг гардаг орой Ж.Г хувцсаа угаагаад өмсөх хувцас байгаагүй тул цамцыг өмссөн байдаг.
Хохирогч С.Г болон гэрч Д.Баянжаргал нар нь хамтран амьдарч байхдаа байнга архидан согтуурч зодоон цохион хийдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Д.Баянжаргал нь энэ хэрэгт ял сонсон шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатанд үйлдэл холбогдлыг нь өөрийнх нь өөрчилсөн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралдаанд гэрчээр орсон Д.Баянжаргалын хувцаснаас буюу цамцных нь урд энгэр хэсгээс, мөн гуталнаас хохирогчийн цус илэрсэн байдаг. Д.Баянжаргал мөрдөн байцаалтын шатанд маш эвтэйхэн байдлаар үүнийгээ тайлбарлаж мултарч чадсан байдаг.
2. Хохирогчийн амь насыг бүрэлгэсэн хутганаас хурууны мөр олдоогүй. Үүнийг хэн арилгасан байх боломжтой бэ гэдэг асуудал бүрхэг байсаар ирсэн. Энэ хутга хаана байсан, Д.Баянжаргалын гэрт байсан уу, гадна коридорт байсан уу. Гэрч Д.Баянжаргалын үгээр коридорт байсан энэ хутгаар Ж.Г хохирогчийг алсан гэж үзсэн. Гэтэл энэ хутгаар хохирогч орой хоол хийсэн гэрт нь байсан хутга. Д.Баянжаргалын хутгыг би хохирогчийн хувцастай цуг коридорт гаргаж хаясан гэх мэдүүлэгт үндэслэн хутга гэрт биш коридорт байсан, үүгээр Ж.Г хохирогчийг хутгалсан гэх дүгнэлт хийсэн.
3. Гэрч Үнэнбат гэдэг хүн нь энэ хэргийн гол гэрч Н.Наранчимэгийн хүү юм. Үнэнбатыг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байдаг. Хэзээ сулласан нь тодорхойгүй 3 хоног саатуулсан гэдэг.
Шүүхийн зөвшөөрөлгүйгээр зөвхөн хойшлуулашгүй тохиолдолд гэж байдаг. Гэтэл энэ хүнийг ямар үндэслэл байгаад саатуулсан, хэдийд яаж сулласан, энэ хугацаанд ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй ямар нэгэн баримт хавтас хэрэгт байхгүй. Гэтэл Үнэнбат энэ асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй нам жим болсон. Ж.Г анхны мэдүүлгээсээ л эхэлж мэдүүлсэн байдаг. Хохирогч С.Г, гэрч Баянжаргал 2 шөнө зодолдоод Ж.Гын өрөөнд орж ирээд маргалдаж хэрүүл зодоон болоход хөрш энэ хэргийн гол гэрч Наранчимэг нэгэн өндөр настайвтар буурал үстэй хүнтэй цуг орж ирж хэрүүл маргааныг намжаасан гэдэг. Энэ хүн хэн байсныг тогтоож чадаагүй. Баянжаргал, Наранчимэг 2 тийм хүн байгаагүй л гэж мэдүүлсээр ирсэн. Үүнд маш их эргэлзээ байдаг. Хохирогчийг хутгалсан хутганаас хурууны мөр илрээгүй /1-р хх 114/, гэрч Үнэнбатыг шүүхийн зөвшөөрөлгүй саатуулсан /1хх 47/, Наранчимэгтэй цуг орж ирсэн энэ хүн. Эндээс харахад энэ хэрэгт гуравдагч этгээд байгаа юм биш биз гэх сэжиг таамаглалыг төрүүлдэг.
4. Гэрч Д.Баянжаргалын мэдүүлгүүдийн тухайд эргэлзээ маш их байдаг. С.Г, Ж.Г хоёрыг гаргаад цагдаа иртэл дахин хаалга онгойлгоогүй, би хувцас эд зүйлийг хаалга онгойлгоод гаргаж шидсэн, намайг хаалга онгойлгоод харахад Ж.Г С.Гын цээж рүү цохиж харагдсан, Ж.Гыг таньдаг болоод 7 хонож байна, би Ж.Гтой 7 сарын дунд үеэс эхлэн цуг амьдарсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлгүүдийг өгсөн байдаг.
Д.Баянжаргал нь хувийн байдлын хувьд урьд нь жирэмсэн эмэгтэйг хутгалж шүүхээс ял авч байсан. Үргэлж архидан согтуурч цагдаагийн байгууллага маш олон удаа дуудлагаар очиж байсан, хохирогч С.Гыг хамтран амьдарч байх хугацаандаа толгой, гар хэсэгт нь хутгалж гэмтэл учруулж байсан ба ахад нь танай дүүгийн амь нас миний гарт шүү гэж заналхийлж байсан байдаг. Ийм хүн энэ гэмт хэргийн гол гэрч байдаг. Энэ хүний мэдүүлэг Ж.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах нэг гол үндэслэл болж байгаа.
5. Гэрч Н.Наранчимэгийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 28-нд мэдүүлэхдээ: “...би хаалгаар шагайгаад хүн унтуулахгүй гээд загначихаад эргэж ирээд орондоо ортол хүн хурхирах чимээ гарсан...”, 2017 оны 10 дугаар сарын 30-нд мэдүүлэхдээ: “...би зүйрмэглээд хэвтэж байгаад унтсан байсан, гэтэл хэдэн цаг болсныг бүү мэд хаалга тас хийж хаагдах чимээ сонсогдсон. Би цагдаа ирж байгаа юм байхдаа гэж бодож байтал хүн хурхирсан ...” гэж цаг хугацааны хувьд ямар ч баримжаагүй, мэдэн будилсан байдлаар мэдүүлдэг. Баянжаргал, Наранчимэг 2 олон жил хөрш явсан нэг нэгнийгээ маш сайн мэдэх найз нөхөд юм.
6. Хорих ангид хоригдож байхдаа Баянжаргал, Ж.Год захиа дамжуулсан байдаг. Үүндээ “эгч нь эртхэн хэргээ хүлээнээ. Миний дүү залуу хүн амьдралаа бод, талийгаач үргэлж зүүдлэгдэх боллоо. Миний дүү мөнгөтэй юу эгч нь өгье” гэх мэтээр хандсан. Бид тухайн үед нь цаг алдалгүй шалгаж өгөхийг хүссэн боловч ямар ч ажиллагаа хийхгүй байсаар энэ асуудал шүүхээс хэрэг буцах нэг үндэслэл болоход жилийн дараа Зоригтбаатар, Загдсүрэн нарыг гэрчээр асуусан нэр төдий ажиллагаа хийсэн. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг өвлийн ид хүйтэн цагаар 1 сард хийсэн. Бидэнд мэдэгдээгүй. Хэрэг 9 дүгээр сарын дундуур гарсан байгаа. Ийм маргаантай хэргийн хувьд маш шуурхай холбогдох ажиллагаануудыг хийх байсан. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий тодорхой байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагын үүднээс хийх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өндрийн хэмжээ эрс тэс ялгаатай байдал байдаг. Хохирогч 160 см, гэрч Баянжаргал 170 см, Гэрэлт- Од 178 см байдаг. Мөн хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ажиглалт хийх ажиллагааг яллагдагчаар шалгагдаж байсан Баянжаргалд хэрэглэх, энэ хуулийн 26.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг Баянжаргалын амьдарч байгаа нутаг дэвсгэрт явуулж өгөх хүсэлтүүдийг хангаагүй нэгийг нь л хэрэг буцахад ёс төдий явуулсан.
Мөрдөн байцаах газраас Жи мобайл, Скайтел, Юнител зэрэг утасны оператор компаниудад Ж.Г, Баянжаргал нарын яриа, болон захидлын лавлагаа авахыг хүссэн тоот явуулсан боловч хариу ирсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Хэрэг ийм байдлаар шалгагдсан, хэргийг шуурхай шалгах, нотлох ажиллагаа туйлын хангалтгүй хийгдсэн, цаг хугацаа маш их алдсан байгаа. Ийм нөхцөлд шүүхээс үнэн зөв шийдвэр гарах боломжгүй, шүүхийн тогтоолд нөлөөлсөн байдал үүссэн гэж үзэж байна.
Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, эргэлзээтэй, үгүйсгэгдэх баримтууд, нөхцөл байдлууд байхад шүүх уг хэрэгт хууль зүйн бодит дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх гол үндэслэл болж байгаа юм.
Иймээс шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү гараагүй. Хэргийг 1 жил гаруй хугацаанд шалгахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан тохиолдол байхгүй. Хэргийг шалгах явцад яллагдагч нар хоорондоо харилцсан гэх мэдээллийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн захиа дамжуулсан асуудал нь тухайн гэмт хэргийн нотлох баримт болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу бид цуг хоригдож байсан хүмүүсийг тухайн үед нь гэрчээр асуусан. Захиа дамжуулаагүй талаар гэрч нар хэлсэн байдаг. Гэрч нар санаатай худал мэдүүлэг өгч байна, өөрөөр хэлбэл, Баянжаргал, Наранчимэг нарын санаатай худал мэдүүлгээр Ж.Гыг яллаж байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудаар зөвхөн энэ хоёр гэрчийн мэдүүлгээр бус шинжээч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын явцад хийгдэх ёстой туршилт гэх мэт бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай тогтоогдсон байдаг. Цамцан дээр бохирдол үүссэн, үүсээгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Тухайн цамцны ханцуйн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байна гэдгийг хэргийн газрын үзлэгээр бид нар хурааж авахдаа тогтоож, нарийн мэргэжлийн шинжээч, биологийн шинжээчээр дүгнэлт гаргуулж, ханцуйнд нэвчсэн цус байсан байна, тухайн цус нь хохирогч С.Гын цус мөн байна гэдгийг гаргаж өгсөн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нэвчсэн цус гэхээр их цус гэж ойлгож байх шиг байна. Багахан цус цааш нэвчсэн байхыг нэвчсэн гэж ойлгоно. Хутга дээрээс мөр илрээгүй гэдэг. Хутга нь дээрээс мөр илрээгүй нь үнэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн буюу хохирогчийг алахад хэрэглэсэн хутганы бариулнаас мөр илрээгүй. Энэ бол ямар ч байдлаар арчигдиж мөр илрэхгүй байх боломжтой. Үүнийг заавал согтуу хүн хутгалсан хутгаа арчиж чадахгүй, эрүүл хүн арчиж чадна гэсэн маргаан байх ёсгүй гэж үзэж байна. Үнэнбат гэдэг хүнийг саатуулсан талаар хэлэхэд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед ойр орчимд байсан бүх хүмүүсийг сэжиглэн шалгах шаардлага гарсан.. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Үнэнбат гэртээ байсан гэсэн мэдээлэл авагдсан. Үнэнбатыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулж, шалгасан асуудал энэ хэрэгт байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тухайн үед яллагдагчаар шалгагдаж байсан Баянжаргал, энэ хэрэгт гэрчээр шалгагдаж байгаа Баянжаргал нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний дараа гэрчээр байцаасны дараа утсанд нь хяналт тавих ямар ч шаардлага байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй гэдэг талаар ярьж магадгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргадаг. Энэ хүсэлтийг бид хүлээж аваагүй, шаардлага байгаагүй. Шүүгдэгч Ж.Г нь хүнийг алах гэмт хэрэг буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон. Өмгөөлөгч шүүхийн тогтоолыг хуульд нийцээгүйгээр гарсан гэж ярьж байна. Шүүхийн тогтоолыг хууль нийцсэн гэж үзэж байна. Прокурор шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн хоёр хүн нэг нэгнийгээ биеэ хамгаалах чадвартай эсэхийг мэдэхгүйгээр алсан байна. Иймд биеэ хамгаалах чадваргүй гэдгийг мэдсээр байж алсан гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх үгүйсгэснийг прокурор хүлээж авсан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа гомдлын талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэг бүрчлэн хариулах байдлаар бичсэн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ж.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны 6 дугаар байрны 01 тоот хаалганы үүдэнд иргэн С.Гын цээжин тус газар нь хоёр удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Д.Баянжаргалын сэжигтнээр “...Ж.Гын цагаан өнгөтэй хормогч, уг хормогчид боолттой хутгануудыг хаалгаар гаргаж шидчихээд “та хоёр наад утсаа аваад, энэ эд зүйлээ аваад бүүр зайл” гэж хэлээд хаалгаа хаагаад түгжсэн, “... Ж.Г болохоор дээгүүрээ улаан, цагаан, цэнхэр оруулгатай нимгэн, гялгар материалтай бэлтгэлийн цамц, улаан өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан. Ж.Год сольж өмсөх хувцас байдаггүй ба би хувцсыг нь угаалгаж С.Гын хувцаснаас өмсгөсөн байсан...” /1хх 120-121, 142, 151-153, 2хх 80-83/, “...коридорт Ж.Г, С.Гын цээж рүү цохиж байгаа юм шиг болсон. Тэгэхэд С.Г унах гээд хойшоогоо 2-3 алхсан. Тэгэхэд Ж.Г “чамаас боллоо шүү балай авгай минь” гээд коридороос гараад явсан. С.Гыг харахад цээжнээс нь цус гараад фудболкоор нь цус нэвтэрч харагдсан. Тэгэхээр би айгаад хаалгаа хаагаад онгойлгоогүй...” /2хх 118-121, 84-87/ гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг,
гэрч Н.Наранчимэгийн “... хаалга онгойлгоход Ж.Г, С.Г хоёр Д.Баянжаргалын хаалгыг нүдэж байсан ... Ж.Гыг явсны дараа коридорт хурхирах чимээ гарсан ...” /1хх 37-39, 40-43, 243-245, 2хх 13-14, 3хх 7-8/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Найдансүрэнгийн “... манай дэлгүүрт 2 эрэгтэй хүн орж ирээд гар утсаа тавиад архи, ундаа авсан...” /1хх 44-46/ гэх мэдүүлэг,
гэрч Т.Бямбадоржийн “... коридорт дээшээ харсан байрлалтай, нэг эрэгтэй хүн цээжин хэсэг нь цус болсон байдалтай байсан...” /1хх 51-52/ гэх мэдүүлэг,
гэрч С.Улаангийн “...Д.Баянжаргал, Ж.Г, С.Г нар архи уугаад үлдсэн...” /1хх 35, 246-247, 2хх 124-125/ гэх мэдүүлэг,
Түүнчлэн хохирогч С.Идэрболд /1хх 27-29/, гэрч Н.Мөнхбаяр /1хх 30-31, 56-57/, Б.Алтан-Очир /1хх 32-33, 34, 239-240/ нарын мэдүүлгүүд,
Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Ж.Гын баруун, зүүн гарын хумснууд дээрээс илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9137 дугаар дүгнэлт /1хх 97-98/,
Хутган дээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн цус мэт зүйл нь ДНХ-ийн тогтоцоороо шинжилгээний 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8971 дугаар дүгнэлт /1хх 107-108/,
Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 15ммх20мм, судалтай богино ханцуйтай цамцанд 15ммх24мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэлтүүд үүссэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4936 дугаар дүгнэлт /1хх 10-113/,
Талийгаач С.Г нь цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас нас барсан, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1871 дугаар дүгнэлт /2хх 15-21/,
Шинжилгээнд ирүүлсэн Ж.Гын тухайн үед өмсөж байсан гэх ногоон ханцуйтай цагаан, яагаан алаг цамцны ханцуйнаас цус илэрсэн. Цамцнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10196 дугаар дүгнэлт /2хх 22-25/,
Ж.Гын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов, 10195 дугаартай шинжилгээгээр цамцнаас илэрсэн 2 хүний холимог ДНХ-ийн тогтоц нь С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11389 дугаар дүгнэлт /2хх 41-43/,
2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10196 дугаарын дүгнэлтэд тусгагдсан Ж.Гын гэх ногоон ханцуйтай цагаан, яагаан алаг цамцны ханцуйнаас эрэгтэй хүний илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11389 дугаартай ДНХ-ийн шинжилгээгээр тогтоогдсон 8947 дугаартай С.Гын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4545 дугаар дүгнэлт /2хх 164-172/,
Д.Баянжаргал нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох тогтоосон шинжээчийн 978 дугаар дүгнэлт /2хх 37-38/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9, 10-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18, 19-21/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээр дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Ж.Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Гын дээрх үйлдэлд амь хохирогч С.Гыг хүнд зэргийн согтолтой буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж түүнийг хүнийг алах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Ж.Гын “...Хэргийн эргэлзээг бүрэн арилгуулан үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Миний бие талийгаачийн амь нас хохирсон явдалд хамааралгүй...”, түүний өмгөөлөгч Д.Димагийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Ж.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг. Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Гын санаатай хийсэн үйлдэл амь хохирогч С.Гын үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой хөдөлбөргүй тогтоогдож, шүүгдэгч Ж.Гыг гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Дима нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Д.Дима нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ