Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2021/0107/З |
Дугаар | 128/ШШ2021/0323 |
Огноо | 2021-05-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2021/0323
2021 05 14 128/ШШ2021/0323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.П
Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гуравдагч этгээд: Б.Л
Нэхэмжлэлийн шаардлага: ...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 тоот "шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, ажилгүй байсан
1. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
2. 2021 оны ээлжийн амралтын мөнгө болох 1,299,245.00 /Нэг сая хоёр зуун ерэн өсөн мянга, хоёр зуун дөчин таван/ төгрөг;
3. Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0671975 тоот хуудсыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс төрөх хүртэлх буюу жирэмсний 45 хоногийн тэтгэмж болох 2,994,260.00 /xоёр сая, есөн зуун ерэн дөрвөн мянга, хоёр зуун жар/ төгрөг;
4. 2020 оны 4 дүгээр улирлын урамшуулал болох 905,096 /есэн зуун таван мянга ерэн зургаа/ төгрөг, 2021 оны 1 дүгээр улирлын урамшуулал болох 905,096 /есэн зуун таван мянга ерэн зургаа/ төгрөг, нийт 1,810,192 төгрөг;
Нийт 6,103,697.00 /3ургаан сая нэг зуун гурван мянга, зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, С.Ц, гуравдагч этгээд Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Төрийн жинхэнэ албан хаагч Х.П миний бие Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэст 2018 оны 03 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны хэлтэст 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр шилжин ажилласан.
2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намайг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б, тус газрын ахлах шинжээч Ш.У, тус газрын хуулийн хэлтсийн шинжээч С.Ц нар дуудаж уулзаж, орон тоо хүрэхгүй болсон тиймээс чамайг шилжүүлнэ гэсэн.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно" гэж заасан байхад яамны зүгээс надтай ярилцаж тохирсон зүйл огт байгаагүйн дээр зөвхөн нэг талын саналыг тулгасан.
Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэх тушаалаа авахад уг тушаал нь 10 хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан байсан. Шилжүүлсэн тушаалыг аваад Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны дарга Б.Дтэй уулзахад орон тоо байхгүй гэж намайг буцаасан. Өөрөөр хэлбэл намайг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарын хооронд намайг шилжүүлэн ажиллуулах талаар харилцан тохиролцоогүй, түүнийгээ бичгээр баталгаажуулаагүй байсан.
Иймээс өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Б/91 тоот "Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандан хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгүүлэх гомдол, хүсэлтийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн.
Төрийн албаны зөвлөл гомдлын дагуу ажиллагаа явуулсны үр дүнд Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 11 сарын 12-ний өдрийн 01/2017 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг тус яамны Газрын тосны хэлтсийн газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эргэж мэдэгдэхийг даалгасан шийдвэр гарсан.
Гэвч дээрх шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас биелүүлээгүй тул 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний бие Төрийн албаны зөвлөлд дахин хандаж "гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангаж өгнө үү" гэсэн хүсэлт явуулахад Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2218 тоот албан бичгээр Та төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн хариу явуулсныг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шуудангаар хүлээн аваад эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу танай шүүхэд хандсан боловч "нэхэмжлэлийг буцаах тухай" шүүгчийн захирамж гарсан.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 тоот шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд нь ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хууль ёсны шийдвэрийг гаргаж өгнө үү.
Жич: Миний бие одоо 5 сартай жирэмсэн болно гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...1. 2020 оны 09 сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 сарын 23-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх,
2. 2021 оны ээлжийн амралтын мөнгө болох 1,299,245.00 /Нэг сая хоёр зуун ерэн өсөн мянга, хоёр зуун дөчин таван/ төгрөг;
3. Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн 0671975 тоот хуудсыг үндэслэн 2021 оны 04 сарын 23-ны өдрөөс төрөх хүртэлх буюу жирэмсний 45 хоногийн тэтгэмж болох 2,994,260.00 /xоёр сая, есөн зуун ерэн дөрвөн мянга, хоёр зуун жар/ төгрөг;
4. 2020 оны 4 дүгээр улирлын урамшуулал болох 905,096 /есэн зуун таван мянга ерэн зургаа/ төгрөг, 2021 оны 1 дүгээр улирлын урамшуулал болох 905,096 /есэн зуун таван мянга ерэн зургаа/ төгрөг, нийт 1,810,192 төгрөг;
Нийт: 6,103,697.00 /3ургаан сая нэг зуун гурван мянга, зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай
Нэхэмжлэгч миний бие 2020 оны 09 сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэг талын шаардлагаар Б/91 тоот тушаалаар Ашигт малтмал Газын тосны газар шилжин ажиллахаар явсан, биечлэн очсон боловч шилжүүлэн авч байгаа газар буюу Ашигт малтмал газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтан "Орон тоо байхгүй" гэсэн шийдвэрийг надад өгснөөр миний бие шилжүүлэн ажиллуулах нэртэйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас халагдаж, цар тахлын хүнд хэцүү нөхцөлд цалин орлого байхгүй, жирэмсэн удахгүй төрөхөө хүлээн өдийг хүрч байна.
Цаг үeийн нөхцөл байдал хүнд, хэцүү энэ уед ажиллаж байсан бол жирэмсний болон амаржсаны амралтаа авах өдөр буюу 2021 оны 04 сарын 23-н хүртэл хугацаанд дараах урамшуулал, ээлжийн амралтын мөнгө, жирэмсний тэтгэмжийн мөнгийг тус тус авахаар байжээ гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн "Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай" 370 дугаар тогтоолыг үндэслэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/91, "Ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай" Б/92, "Ажил, албан тушаалд томилох тухай" Б/93 дугаар тушаал тус тус батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д заасны дагуу нийт албан хаагчдад сонсгох ажиллагааг зохион байгуулсан.
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны A/34 дугаар тушаалын 47 дугаар хавсралтаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний Албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд нэхэмжлэгч Х.П нь албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болно. Үүнд:
-Албан тушаалын зорилт, зорилгыг ханган ажиллахад нэхэмжлэгчийн мэргэжил тохироогүй.
- Албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй. /2019.02.20-ны өдөр тангараг өргөсөн/.
Мөн нэхэмжлэгч Х.П нь Төрийн захиргааны байгууллагад туслах түшмэлээр ажиллаж байгаад тус яаманд шилжин ирэхдээ мэргэжилтний /Т3-7/ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тус тус хангахааргүй байна.
2. "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Сайн заcаглал", "Ухаалаг засаглал", "Цахим засаглал"-ыг бий болгох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох зорилгоор Е-Мongolia буюу Цахим засаглал хөтөлбөр хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллага бүрт цахим технологи, мэдээллийн нэгж байгуулагдсан. Тус яамны ХШҮДАГ-ын Цахим шилжилт, мэдээллийн технологийн хэлтэст Ашигт малтмал, газрын тосны газраас Т.Б********вийг мэргэжил, чиг үүргийн дагуу шилжүүлэн авч, түүний орон тоонд X.П************г шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, саналыг нь авч зөвшөөрснийх нь дагуу холбогдох шийдвэрийг гаргасан.
Өмнө нь батлагдаж байсан Засгийн газрын 2016 оны 3 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 78 байхаар тогтоосон бөгөөд батлагдсан орон тооны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91, Б/92, Б/93 дугаар тушаалаар яамны бүтцийн нэгжийн нэг ч албан хаагчийг ажил, албан тушаалаас халж, чөлөөлөөгүй мөн нэхэмжлэгчээс бусад албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргаагүй болно.
Яамны бүтцийн нэгжийн өөрчлөлтийн дагуу ажил, албан тушаалд томилохдоо тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан харгалзаж, мэргэжлийн /бодлогын/ нэгж бүрт нарийн мэргэжлийн боловсон хүчнийг томилох зарчмыг баримталсан бөгөөд нэхэмжлэгчийн мэргэжил, албан тушаалд тавигдах шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл Газрын тосны бодлогын газарт Уул уурхайн эдийн засагч мэргэжил тохироогүй болно. Иймд ажил олгогчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулах талаар тус газрын орлогч дарга Ц.Э***********ртай ярьж тохиролцсон.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал батлагдах үед жирэмсэн байгаагүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2218 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчин албан тушаалд томилогдсон болохыг тогтоосон нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг нэхэмжлэгчтэй холбогдуулан хууль бус шийдвэр гаргаагүй болохыг нотолсон гэж үзэж байна.
Түүнчлэн уг маргаантай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:
1. АМГТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Дийг гэрчээр татаж, байгууллагын удирдлага хоорондын тохиролцоо болон нэхэмжлэгчийг АМГТГ-т ажилд томилох асуудлаар нотлох баримт гаргуулах,
2. Нэхэмжлэгч Х.П********роос Төрийн албан хаагчийн анкет, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн тухай материал, тангаргийн хуудас, АМГТГ-т анх ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан авах хүсэлтийг тус тус гаргаж байна.
Нэхэмжлэгч Х.П нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчиж томилогдсон байх тул түүнийг урьд нь ажиллаж байсан АМГТГ-т өөрийнх нь саналыг авч, шилжүүлсэн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Х.Пын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч X.П**********р нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, мөн 33 дугаар зүйлд зааcан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг зөрчиж тус тус томилогдсон.
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны A/34 дугаар тушаалын 47 дугаар хавсралтаар баталсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний Албан тушаалын тодорхойлолтод зааcан Албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага болон албан тушаалын зорилт, зорилгыг ханган ажиллахад нэхэмжлэгчийн мэргэжил тохироогүй.
3. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2218 дугаартай "Хариу хургүүлэх тухай" албан бичигт нэхэмжлэгчийг хууль тогтоомж зөрчин албан тушаалд томилогдсон болохыг тогтоосон нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг нэхэмжлэгчтэй холбогдуулан хууль бус шийдвэр гаргаагүй болохыг нотолсон гэж үзэж байна.
Мөн Тус яамны XШҮДАГ-ын Цахим шилжилт, мэдээллийн технологийн хэлтэст Ашигт малтмал, газрын тосны газраас Т.Б*********вийг мэргэжил, чиг үүргийн дагуу шилжүүлэн авч, түүний орон тоонд X.П*************рыг шилжүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, зөвшөөрснийх нь дагуу түүнийг урьд нь ажиллаж байсан Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн болно.
5. TНБД-ын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/91 дүгээр тушаалын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байраар ханган ажиллуулья гэсэн мэдэгдэл нэхэмжлэгчид хүрrүүлсэн боловч нэхэмжлэгч тухайн саналыг хүлээн аваагүйгээс шалтгаалан одоогийн нөхцөл байдал үүсээд байна.
6. Уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан байгууллагын удирдлагууд санал солилцоход 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгчийг ажлын байраар ханган ажиллуулъя гэсэн байр суурь хэвээр байгаа талаар дурдсаныг онцлох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Пын гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус яамнаас хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу X.П************рын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нэг. Б*******р овогтой Л*****н миний бие 2004 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам /хуучнаар/-ны харьяа Газрын тосны хэрэг эрхлэх газарт Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2005 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Газрын тосны хэрэг эрхлэх газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Газрын тосны газруудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр 2012 он хүртэл ажиллаад 2012 оны 9 дүгээр сараас Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр томилогдсон.
2012-2014 он хүртэл Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт ажиллаж байгаад 2015 оны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус яамны Түлшний бодлого, зохицуулалтын газарт Түлшний салбарын мэдээлэл судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Тухайн үед энэ ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай мэргэжил дээр хэвлэл мэдээлэл, олон нийтийн чиглэлээр мэргэжилтэй байх, мэргэшил дээр уул уурхайн салбарын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх гэж заасны зэрэгцээ бусад ажлын туршлага, шалгуур үзүүлэлтийг миний бие бүрэн хангаж байсан тул хуулийн дагуу томилогдсон бөгөөд өнөөг хүртэл тус ажлын байрандаа үpгэлжлүүлэн ажиллаж байна.
2018 оны 12 дугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу газар, хэлтсүүдийн чиг үүрэг өөрчлөгдөж, газрын тосны салбарын мэдээ тайлан судалгаа, сурталчилгаа хариуцсан чиг үүргийг шинээр байгуулагдаж буй Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Эдийн засаг, хөрөнгө oруулалт судалгааны хэлтсийн чиг үүрэгт нэмж тусгах болсон, түүнчлэн миний ажиллаж байсан мэдээ тайлан хариуцсан албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт oруулж, хийн түлшний асуудал хариуцсан ажлын байр болгон өөрчилсэн тул намайг СБТГ-ын ЭЗХОСХ-ийн салбарын судалгаа мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоонд шилжүүлэн томилсон.
Үүний дараа 2020 оны 9 дүгээр сард дахин шинэчлэн батлагдсан УУХҮЯ-ны бүтцийн өөрчлөлтөөр Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын газар 2 хуваагдаж, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын чиг үүрэг өөрчлөгдөж, өөр нэршилтэй болсон тул газрын тосны салбарын бодлого, төлөвлөлт болон салбарын мэдээлэл, судалгаа, дүн шинжилгээ хариуцсан чиг үүрэг Газрын тосны бодлогын газарт шилжсэн.
Иймд тус газрын ахлах шинжээч А.П******вийн хамт, хариуцсан чиг үүрэг, албан тушаалын дагуу миний бие Газрын тосны бодлогын газарт шилжин Газрын тосны бүтээгдэхүүний хангамж зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилогдсон.
Миний бие 2018-2020 оны хугацаанд ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуульд Газрын тосны хадгалалт, тээвэрлэлтийн инженер мэргэжлээр суралцаж, rолч дүн 3.9 хувийн үнэлгээтэй төгссөн тул докторантурт үргэлжлүүлэн суралцах урилга авч суралцаж эхлээд байна.
Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн ур дүнгийн гэрээ болон rуйцэтгэлийн төлөвлөгөөг жил бүр А үнэлгээтэй дүгнүүлж байсан.
Одоогоор ам бүл 8-уулаа амьдардаг бөгөөд ар гэрийн дотроос зөвхөн миний бие болон төрсөн дүү бид хоёр ажил хөдөлмөр эрхэлдэг. Хүнд өвчтэй ээжийгээ cүүлийн 10 жил дэргэдээ авч асарч байгаа тул 2018 оныг хүртэл зөвхөн сургалтын төлбөрийн асуудлаас болоод мэргэжлийн сургалтад хамрагдаж чадаагүй болно.
Хоёр. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан ажлын байрны тухай товч мэдээлэл
2015 оны 1 дүгээр сард тухайн үеийн Уул уурхайн яам нь Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалаар мэдэлд авсан ажилтан, албан хаагчдыг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тушаалын нэг болон хоёрдугаар хавсралтаар оноосон ажлын байруудад тохоон томилохдоо Түлшний бодлого, зохицуулалтын газрын Түлшний салбарын мэдээлэл судалгаа хариуцсан ажлын байрыг анх бий болгосон.
Тухайн үед түлшний салбарын эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомж, стратеги, бодлого боловсруулахад шаардлагатай статистик мэдээ мэдээлэл, судалгаа хийх, салбарын мэдээллийн баазыг бататгах үүднээс мэдээ тайланг нэгтгэн боловсруулах, архивлах, түлшний салбарын талаар түүний дотроос газрын тосны эрэл хайгуул, олборлолт, ашиглалттай холбоотой иргэд, олон нийтийн дундах буруу ташаа мэдээллийг залруулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, үнэ, хэтийн төлөвтэй холбоотой асуудлаар иргэд, олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагууд, гадаад, дотоод эх сурвалжийн бүхий л төвшинд зөв ойлголт, үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн шугамаар түгээн сурталчлах, ойлголтын зөрүүг арилгах нь бодлого, төлөвлөлтөд чухал хувь нэмэртэй гэж үзсэн тул Түлшний салбарын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа хариуцсан ажлын байрны тодорхойлолтыг анх баталсан.
2015, 2016 оны эдгээр ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагад хэвлэл мэдээлэл, олон нийтийн чиглэлээр мэргэжилтэй байх мэргэшлийн шаардлагад уул уурхайн салбарын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх, туршлагын шаардлагад төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх зэргээр тусгаж баталсан.
2018 оны 12 сaр хүртэл тус ажлын байрны чиг үрэг, тавигдах шаардлага өөрчлөгдөөгүй.
Харин Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТHБД-ын 2018.12.21-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар тус албан тушаалын чиг үүрэгт өөрчлөлт оруулж, хийн түлшний асуудлыг нэмж, мэдээ тайлан, судалгааны чиг үүргийг Стратеги бодлого, төлөвлөлтийн газарт шилжүүлсэн.
Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор Стратеги бодлого, төлөвлөлтийн газар татан буугдсан тул тус тогтоолоор батлагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 2.5.5.7-д газрын тосны газрын судалгаа, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх гэж заасны дагуу газрын тосны салбарын мэдээ тайлан, судалгаа хийх чиг үүрэг Газрын тосны бодлогын газарт дахин шилжсэн.
Ийм учир газрын тосны бодлого, төлөвлөлт хийх чиг үүрэг Газрын тосны бодлогын газарт, Газрын тосны салбарын мэдээ тайлан, судалгаа хийх чиг үүрэг, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус шилжсэн. Үүний дагуу Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч А.П*****в, мэргэжилтэн Б.Л нарыг Газрын тосны бодлогын газарт шилжүүлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаан бүхий актын талаар:
Нэхэмжлэгч Х.П нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар тус газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн импортын судалгаа, гадаад эх үүсвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар чөлөөлөгдөж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/15 тоот тушаалаар тус яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Газрын тосны хэлтсийн Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байна.
Маргаан бүхий акт болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Х.Пыг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
1. Нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:
Х.П нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 дүгээр тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хандсан бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/2017 тоот албан бичгээр хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ...төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчсөн.... тул тушаалыг хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоох арга хэмжээ авч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэх албан бичгийг хүргүүлжээ.
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелэлтийг хангуулах тухай өргөдөл гаргасан боловч тус зөвлөлийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2218 дугаар албан бичгээр ...та ...томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох...Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчин томилогдсон... тул таны хүсэлтийг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэх хариуг авсны дагуу тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хандсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.
2. Маргаан бүхий актын үндэслэлийн талаар:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/91 дүгээр тушаал нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолыг үндэслэн гарсан бөгөөд хариуцагчийн зүгээс ...нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй, албан тушаалд тавигдах тусгай шаардлага буюу туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй... тул шилжүүлэн томилсон гэж тайлбарлан маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэхдээ өөртэй нь тохиролцох, эсхүл тухайн албан тушаалд 10-аас дээш жил ажилласан байх нөхцлийг хангасан байх шаардлагыг тавьсан байна.
Маргаан бүхий акт нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан бөгөөд уг тушаалыг гарахаас өмнө нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй, энэ үед нэхэмжлэгч нь сургалтад сууж байсан болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу маргаан бүхий акт гарсны дараа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй уулзсан, энэ үед нэхэмжлэгч тодорхой санал хэлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдох боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан өөртэй нь тохиролцох шаардлагыг хангаагүй байна.
Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолын хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бүтцийг баталсан бөгөөд энэ дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/34 дүгээр тогтоолоор албан тушаалын тодорхойлолтуудыг баталсан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг баталсан байх бөгөөд уг шаардлагын туршлага хэсэгт туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэх шаардлагыг тавьсны дагуу хариуцагчийн зүгээс дээр дурдсан 2020 оны 34 дүгээр тушаалаараа яамны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтуудыг шинэчлэн баталсан байна. Энэхүү албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын хувьд туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавьсан хэдий ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо уг шаардлагыг хангаагүйг мэдсэн атлаа 2020 оны 09 дүгээр сар хүртэл ажиллуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 372 дугаар тогтоолоор Төрийн албан зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтын туршлага хэсгийн туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэснийг туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно гэж өөрчилсөн байгааг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагчийн зүгээс Х.Пыг 2020 оны Б/91 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсний дараа Б/92 дугаар тушаалаар яамны нийт албан хаагчдыг чөлөөлж Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан шинэ бүтцийн дагуу Б/93 дугаар тушаалаар албан хаагчдыг томилсон байна.
Ингэхдээ Газрын тосны хэлтэс нь Газрын тосны газар /Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэстэй/ болж өөрчлөгдсөний дагуу өмнө ажиллаж байсан албан хаагчдаас гадна тус яамны өөр газар, хэлтэст ажиллаж байсан А.П*****в, Б.Б***********л, Б.Л нарыг Газрын тосны газар, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст шилжүүлэн томилсноос үзэхэд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах боломжтой байсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн судалгаа, статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт нь нэхэмжлэгчийг ажиллаж байх үед буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 47 дугаар хавсралтаар батлагдсан байх бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл дээрх тодорхойлолт өөрчлөгдөөгүй байсан болно.
Уг тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш зэргийн боловсролтой, менежмент, газрын тосны инженер, эдийн засаг, статистик мэргэжилтэй байхыг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2006 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг уул уурхайн удирдлага мэргэжлээр үйлдвэрлэлийн удирдлагын бакалавр, 2010 онд хүний нөөцийн менежментийн магистр зэрэгтэй төгссөн нь албан тушаалд тавигдах боловсролын болон мэргэжлийн шаардлагыг хангаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/93 дугаар тушаалаар яамны ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг хариуцсан чиглэл тодорхойгүйгээр зөвхөн шинжээч, мэргэжилтнээр ангилан баталсан нь өмнөх бүтцээсээ тодорхойгүй, ойлгомжгүй болсон хэдий ч нэхэмжлэгчийн албан тушаал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн болж нэршил нь өөрчлөгдсөн, уг албан тушаалд гуравдагч этгээд Б.Лг нэхэмжлэгчийн оронд томилсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Б.Лгийн хувьд 2004 оноос эхлэн энэ салбарт, 2012 оноос эхлэн Уул уурхайн яаманд /хуучин нэрээр/ тасралтгүй ажилласан байх бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл түлшний салбарын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны чиг үүргийг хариуцан ажиллаж байгаад мөн өдрийн Б/145 дугаар тушаалаар Газрын тосны салбарын зах зээлийн судалгаа, хийн түлшний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна.
Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/93 дугаар тушаалаар Б.Л нь нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан чиг үүргийг хариуцан ажиллах болсон хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан нөхцлүүдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг өөр байгууллагад шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн хувьд нэхэмжлэгч нь жирэмсэн болох нь түүний жирэмсний хяналтын картаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно., 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй., 192 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. тус тус заасны дагуу жирэмсний амралт авах хүртэлх хугацаа болох 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацааны цалин 7,475,139 /1034296*7 сар ажлын 5 хоног=7,475,139/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган гаргуулж 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговор /64962*20=1,299,245/, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг /66539*45=2,994,260/ тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-д Онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсэн, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэ санал, санаачилга гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан төрийн албан хаагчийг дараахь хэлбэрээр шагнаж, урамшуулна: улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.2.2-т Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно: Төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцлийг хангасан төрийн албан хаагчид, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.2.1-д Төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагчид улирал, хагас ба бүтэн жилийн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгөн урамшуулал олгоно гэж тус тус зааснаас үзэхэд төрийн захиргааны албан хаагчид ажлын үр дүн, гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний дүнг үндэслэн олгох зохицуулалттай байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас шалтгаалан үүрэгт ажлаа хийж чадаагүй боловч гүйцэтгээгүй ажлын үр дүнг тооцож урамшуулал олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн 2020 оны 4, 2021 оны 1 дүгээр улирлын урамшуулал 1,810,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Поос Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Пыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Пт ажилгүй байсан 7 сар 5 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 7,475,139 /долоон сая дөрвөн зуун далан таван мянга нэг зуун гучин ес/ төгрөгийн цалин, ээлжийн амралтын 1,299,245 /нэг сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж болох 2,994,260 /хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун жар/ төгрөгийг олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 2020 оны 4, 2021 оны 1 дүгээр улирлын урамшуулал 1,810,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА