Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0680/З |
Дугаар | 221/МА2024/0179 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0179
“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “Н*******” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д*******
Гуравдагч этгээд: “О*******” ХХК
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0966 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Хариуцагч С.Д*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0680/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Н*******” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0966 дугаар шийдвэрээр:
“Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.7, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Н*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... “Н*******” ХХК нь “О*******” ХХК-тай өрсөлдөгч биш гэх үндэслэлийг шүүх дүгнэхдээ гомдол гаргагчийн тайлбарлаж буй кино театрын зах зээлд өрсөлдөгч биш гэх үндэслэл нь энэ маргааны үндэслэлд хамаарахгүй юм гэсэн нь шүүгч дараах байдлаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг өрсөлдөгч гэж үзсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:
Хэрэгт авагдсан материалд нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны чиглэл, дотоод журам зэргийн тухай тодорхой авагдсан буюу “Н*******” ХХК-ийн үндсэн чиглэл нь дан ганц попкорн борлуулдаггүй /дагалдах үйлчилгээ/ кинотеатр, автомат тоглоом, туслах үйл ажиллагааг явуулахдаа олон улсын стандартын дагуу нийтэд зориулсан үзвэр үйлчилгээг голлон эрхэлдэг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компани юм гэж шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны явцад шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсээр байхад үйл ажиллагааны чиглэл тэс өөр “О*******” ХХК-тай Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.4-т заасны дагуу "өрсөлдөгч" гэж үзэж шүүхийн шийдвэрийн 1.4-т Гомдол гаргагчийн тайлбарлаж буй кино зах зээлийн өрсөлдөгч биш гэх үндэслэл нь тус маргааны үндэслэлд хамаарахгүй юм гэж шийдвэрлэсэн нь манай компаниас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг илтэд гуйвуулан шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг баримтлалгүй шүүхийн шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл болж байна.
3.2.Өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгасан гэх зөрчил гаргаагүй, дотоод журмаар үзвэрийн үйлчилгээний стандартыг хангуулсан гэх үндэслэлийг шүүх дүгнэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийн бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах зорилгод нийцсэн гэж шүүх дүгнэлээ гэжээ.
Анхан шатны шүүх ингэж дүгнэсэн нь чиглэл өөр боловч адилхан ашгийн төлөө компанийн хувьд бидний зүгээс “О*******” ХХК-ийн дотоод үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь саад, болзол тавиагүй, тухайн байршилд талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцээгүй, аливаа байдлаар болзол тулгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
Гуравдагч этгээдийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнийг кинотеатрын дотоод журамд заасны дагуу журам мөрдүүлж ажилласан гэж хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралд мэдүүлсэн тайлбар, бичгээр гаргасан тайлбар зэргээр нотлогдох боловч илтэд гуйвуулан, 2020 онд батлагдсан манай компанийн дотоод журам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, ІМАХ кинотеатрын стандарт, үйлчлүүлэгчдийн тав тух, эрүүл мэндийг үл тоон хэт нэг талыг баримталж манай компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй асуудлаар зах зээлд ноёлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас сэргийлсэн гэж алдаатай дүгнэжээ. Манай компанийн өрсөлдөгч байгууллагууд нь ижил төстэй кинотеатрууд болон үзвэр үйлчилгээний газрууд юм гэдгийг мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх дутуу үнэлсэн нь харагдаж байна.
...Зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх... гэж шүүх дүгнэсэн нь зах зээл гэдэг ойлголтыг Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.2-т тайлбарлахдаа "зах зээл" гэж тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг ойлгоно гэж заасан байгаа нь “О*******” ХХК-ийн борлуулж буй попкорнийг Шангрила молл, нийтийн эзэмшлийн талбай болон манай кинотеатрын танхимаас бусад талбайд хэрэглэхийг хориглоогүй байхад нутаг дэвсгэр гэсэн ойлголтыг зөвхөн манай кино танхим мэт ойлгож байгаа нь хэргийг бүрэн гүйцэт, тал бүрээс хяналгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь харагдаж байна.
3.3.Эцэст нь дурдахад анх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн хангаж “Н*******” ХХК нэхэмжлэл гаргасан байхад тус захиргааны хэрэг үүсгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/Ш32023/6653 дугаар захирамж нь алдаатай гарсан буюу Захирамжлах хэсэгт "Номин тав трейд" ХХК-ийн гомдолд захиргааны хэрэг үүсгэсүгэй гэсэн нь нэхэмжлэгч биш бөгөөд манайд хамааралгүй компани юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0966 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Хэрэгт байгаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 966 дугаар шийдвэрийн 2 хуудас дутуу, тухайлбал шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 12, 13 дахь тал байхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.
Гэтэл давж заалдах гомдол гаргасан шийдвэрийн “Үндэслэх” хэсэг, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “Ньютур Сафарис” ХХК-ийн Шударга өргөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар хэрхэн дүгнэсэн талаарх хэсэг нь хэрэгт бүрэн авагдаагүй байх тул давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянах боломжгүй байна.
2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсан шийдвэрийн хувиудад “Үндэслэл” хэсэг бүрэн байгаа гэх боловч нэгэнт хэрэгт авагдсан хувь ийнхүү алдаатай байгаа энэ тохиолдолд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт өгөх бололцоогүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэсэн үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Гомдол гаргагч “Н*******” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/6653 дугаар захирамжаар анх захиргааны хэрэг үүсгэжээ.
Гэвч шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтад “…“Номин тав трейд” ХХК-ийн гомдолд захиргааны хэрэг үүсгэсүгэй” гэж, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс өөр компанийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн мэт техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг хэргийг дахин шийдвэрлэхдээ зөвтгөж зөрчлийг арилгавал зохино.
Учир нь “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж нь алдаатай гарсан...” гэх агуулгаар давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0966 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН