Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд, 

шүүгдэгч О.Анхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Анхболдод холбогдох эрүүгийн 201619000761 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймаг Эрдэнэсант сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Харад овогт Оюундэлгэрийн Анхболд /РД:НФ90012213/ гэв.

                                            

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч О.Анхболд нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг “фермийн ухаа” гэх газар иргэн С.Чанцалдуламын гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хос цулгай алтан бөгж, гинж, ээмэгт зэргийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Анхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч С.Чанцалдулам хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ..2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай гэрийн хойморт бурханы авдран дээр байдаг хүрэн бор модон жижиг хайрцаг дотор байдаг нөхөр бид хоёрын эрэгтэй эмэгтэй цулгай хос алтан бөгж, миний монетан хос ээмэг, бөгж, гинж намайг үзэхэд байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би нөгөө хайрцагнаасаа бөгжөө авах гэтэл дотор нь юу ч байхгүй байсан. Тэгээд нөхөр Очир-Эрдэнэ болон хүүхдүүдээсээ алтан бөгж, монетан гинжээ асуутал мэдэхгүй гэхээр нь гэртээ ирээд олоогүй. Тухайн өдрүүдэд манай гэрт манай ээжийн төрсөн дүү болох Оюундэлгэрийн хүүхэд Анхболд дүү нь Буян-Идэр нар байсан. 2016 оны 10 сарын 13-наас 16-ны өдрүүдэд манайд Анхболд, Буян-Идэр нар саравч болон өвөлжөө бууц янзалж өгөхдөө манай гэрээр орж гараад байсан юм. Манай нөхөр Очир-Эрдэнэ бид хоёр ойрхон малд яваад гэрт Анхболд, Буян-Идэр нар байсан өөр хүн байгаагүй. Тэгтэл Анхболд миний алтан бөгж, монетан гинж, ээмэг, бөгжийг хулгай хийгээд цагдаад баригдаад бүрэн бүтэн буцааж өгсөн. ... Анхболдоос би эмэгтэй, эрэгтэй хүний хос алтан бөгж өөрийнхөө хос монетан ээмэг, бөгж, гинжийг бүгдийг нь бүрэн бүтэн хүлээн авсан болохоор гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-12 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-10 тал/,

           -эд зүйлийн үнэлгээ /хх-14 тал/,  

                                            

-шүүгдэгч О.Анхболдыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-18 тал/, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар /хх-21 тал/ байцаасан тэмдэглэл,

 

-шүүгдэгч О.Анхболдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-23 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Анхболд нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг “фермийн ухаа” гэх газар иргэн С.Чанцалдуламын гэрээс эрэгтэй, эмэгтэй хүний хос цулгай алтан бөгж, гинж, ээмэгт зэргийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: эд зүйлийн үнэлгээ /хх-14 тал/, хохирогч С.Чанцалдуламын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Анхболдын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Анхболдыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна

 

Шүүгдэгч О.Анхболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хуацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч О.Анхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

            Хохирогч С.Чанцалдулам нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харад овогт Оюундэлгэрийн Анхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар О.Анхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Анхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           4.О.Анхболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Анхболдод батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ