Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: Т.Очирхуяг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001100228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Түвшинтөгсийн Очирхуяг, / Регистрийн дугаар ВЙ89100416 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Очирхуяг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дyгaap бaгийн нутагт байх төв засмал зам дээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 25 минутын орчим Toyota sai маркийн 83-13 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 18.3-д заасан "...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэсэн тус тус заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Цолмонг мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Очирхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй, хохирол төлсөн баримтуудаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Очирхуяг мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байгаа мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Ж.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 05 дугаар сарын 02-ны оройхон том савтай боргио мөн 1 жижиг лаазтай пиво ганцаараа уучхаад ерөөсөө гэр рүүгээ харьчхаад ирье гэж бодсон. Манай хөдөө гэрийн урдуур Жинст сум руу явдаг шороон зам гардаг юм. Тэгээд би салхинд гараад Өлзийт сумын хажуу талын төв зам руу авирч гарж байсан аа мэдээд байгаа юм. Нэг мэдэхэд жалганд хэвтэж байсан. Эмч нар ирсэн байсан.бусдаар бол юу ч санахгүй байна. Юм хэлж чадахгүй болсон байна. Архиндаа нэлээн согтсон байсан болохоор машин ирж намайг мөргөснийг ч мэдээгүй. Ямар ч байсан тухайн машин намайг миний биеийн зүүн талаас ирж мөргөсөн юм шиг байна. Миний зүүн талын эрүү, зүүн хөл дундуураа хугарсан байсан...’ гэх мэдүүлэг /хх, 46-47/,

4. Гэрч С.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 05дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед би хүү Очирхуяг, түүний охин Үйлэншигтгээ нартай Очирхуягийн машинтай гарсан. Миний хүү машинаа өөрөө жолоодоод орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Өлзийт сумыг өнгөрөөд аймаг орох засмал зам дээр явж байтал манай хүү ‘ааваа би хүн мөргөчих шиг боллоо’ гэсэн. Тэгээд зогссон. Би тухайн үед охинтойн хамт машины хойд суудал дээр унтаад явж байсан юм. Тэгээд машинаас буухад замын ертөнцийн зүгээр зүүн талын жалга бүхий ирмэг дээр хөдөөгийн дээлтэй настай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод цээжнээс нь өргөтөл тухайн хүн өндийсөн. Тэгэхээр нь би ‘чи чинь хаашаа юм зам дээр гай болоод’ гэтэл ‘би бэртэйгээ муудалцаад үхэх гаж яваа хүн’ гэж хэлээд байсан. Мөн согтуу байх шиг байсан. Тэгээд манай хүү архи тамхи хэрэглэдэггүй, архи хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх,56-57/

5.   Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22/06 дугаартай:

... a.Автомашин засмал дээр сууж байсан хүнийг баруун урд талаараа мөргөсний улмаас баруун талын их гэрэл суурь хэсгээрээ хугарч тусгал нь өөрчлөгдсөн. Буферийн баруун тал бэхэлгээнээсээ салж крылоноос зайтай болсон, баруун крыло хойш түлхэгдэж жолооч талын хаалгатай хавирч хаалга хүндрэлтэй нээгдэж, хаагддаг болсон, капот хаагдаж байгаа боловч буфер, крылоноос зайтай болсон байв.

б. Энэхүү автомашиныг тус төвд ашиглаж байгаа EWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэгдсэн Тэнхлэг тоормос хэмжигч суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +1.1 мм/метр, урд хойд ажлын тоормосны ажиллагааг эргэх механизм зээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэхэд бүх дугуйнуудын тоормос бүрэн зогсож байсан... тэнхлэг тоормос хэмжигч суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад урд тэнхлэгийн хажуу гулсалт 1.1мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5мм/м-ээс бага буюу урт тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй байна... Зогсоолын тоормосны ажиллагаа стенд дээр шалгахад бүрэн зогсож байлаа. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. дуут дохио, шил алчуур, бүхээгийн дулаацуулах систем нь бүгд ажилтай байлаа. 215/65/R16 4 улирлын дугуйтай, тэдгээрийн хээний гүн нь /3.7-5.2 мм/ газарт тулах хэсгээрээ замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу стандартын шаардлагад нийцэж байна. Гэрэлтүүлэх хэрэгслүүдээс улсын дугаарын хоёр гэрлээс бусад гэрэл дохио нь бүгд ажилтай байв.. Суваг дотроос автомашины явах эд ангийн ажиллагааг шалгахад жолоодлогын механизм, босоо, хэвтээ тэнцүүлэгч, гар амортизатор, пүршний ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй байв...гэх дүгнэлт /хх-ийн 83-86/ ,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн:

1. Ж.Цолмонгийн биед зүүн дунд чөмөг ясны дунд 1/3-т хэсгээр уртын зөрүүтэй, сэлтэрхийгүй хугарал, шуу ясны дээд хүзүү хэсгээр хөндлөн зөрүүтэй хугарал, эрүү ясны зөрчсөн хугарал, бугалга ясны цууралт, хацар, дээд, доод уруул, оочны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх, 110-111/

7. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Н.Отгонбаярын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай:

...Жолооч Т.Очирхуяг /РД:ВЙ89100416/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан ‘Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.’ 18.3-д заасан ‘...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.’ гэсэн тус тус заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...’ гэх,

8. Мөн 02 дугаартай ‘... Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.2, 5.12 б-д заасан заалтуудыг оролцогч Ж.Цолмон нь зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч тухайн хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгээр оролцогч Т.Очирхуяг нь мөн дүрмийн 12.3-д заасан... заалтыг зөрчсөн нь хэрэг гарах гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Тухайн осол нь зам орчны нөхцөл байдал, эвдрэлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...’ гэх мөрдөгчийн магадлагаа /хх,114-117/,

9. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022оны 05 дугаар сарын 19-ны өдөр дугаар 2668 шинжээчийн:

2а. Шинжилгээнд ирүүлсэн оролцогч гэх Ж.Цолмон гэж хаягласан, С05731658 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хурууны шилтэй цуг нь АВ(lV) бүлгийн харьяалалтай байна.

2б. Шинжилгээнд илрүүлсэн оролцогч гэх Т.Очирхуяг гэж хаягласан, С87232865 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг хуруу шилтэй цус нь В(lll) бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /хх-94-95 /

10. Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 165 дугаартай шинжээчийн:

...Автомашин 83-13 УАУ улсын дугаартай Toyota Sai маркийн саарал өнгийн 2021 оны 08 дугаар сард 18.000.000 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 18.000.000 /Арван найман сая / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 70 / ,

11. Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 2667 дугаартай  шинжээчийн:

1.Шинжилгээнд ирүүлсэн 1. Оролцогч Ж.Цолмонгийн биеэс хуруу шилэнд авсан цус гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн ‘2. Оролцогч Т.Очирхуягийн биеэс хуруу шилэнд авсан цус гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

3.4. Шинжилгээнд ирүүлсэн 1.Цолмонгийн биеэс хуруу шилэнд авсан цус гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрч байна.

Цусанд 2.4 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Шинжилгээнд илрүүлсэн 2.Оролцогч Т.Очирхуягийн биеэс хуруу шилэнд авсан цус гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...гэх дүгнэлт / хх-ийн 102-103 /, болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Отгонбаярын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7, 9-11/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч цолтой Т.Маналын Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Очирхуяг нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дyгaap бaгийн
нутагт байх төв засмал зам дээр 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22 цаг 25 минутын орчим “Toyota sai” маркийн 83-13 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 18.3-д заасан "...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." гэсэн тус тус заалтыг зөрчиж явган зорчигч Ж.Цолмонг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон айна.

Уг үйл баримт болсон нь хохирогч Ж.Цолмон, гэрч С.Түвшинтөгс нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 317 дугаартай, Замын цагдаагийн 01, 02 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Очирхуягийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Цолмон нь миний буруугаас болсон гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн хохирлын талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Т.Очирхуягийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Т.Очирхуяг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж, уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэрэгт шүүгдэгч Т.Очирхуяг жолоочийн эрхийн үнэмлэх,  авто машины гэрчилгээ, хэргийн газрын үзлэгээр гуперийн 4 ширхэг хэлтэрхий зэргийг хураан авсан тул эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Т.Очирхуягт хэрэгцээний дагуу буцаан олгож, 4 ширхэг гуперийн хэлтэрхийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Хэрэгт шүүгдэгч Т.Очирхуягийн эзэмшлийн 83-13 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Т.Очирхуягт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,

36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Түвшинтөгсийн Очирхуягийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Түвшинтөгсийн Очирхуягийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Түвшинтөгсийн Очирхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Очирхуяг нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Очирхуягийн 83-13 УАУ улсын дугаартай Toyota sai маркийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг  эзэмшигчид нь хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт шүүгдэгч Т.Очирхуягийн жолоочийн үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, гуперын хэлтэрхий 4 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хараан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Т.Очирхуягт хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн дуслахад, гуперын хэлтэрхийг устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Очирхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Очирхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.БАТЦЭНГЭЛ