| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2022/0123/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/159 |
| Огноо | 2022-08-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Шүүгдэгч: Г.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ганболдод холбогдох эрүүгийн 2114003030147 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Хиргэс овогт Галсангийн Ганболд, / РД: ВЙ78122212 /,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Ганболд нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Байшингийн булан гэх газар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 314.713 / гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун арван гурав / төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Байшингийн булан гэх газарт ирсэн. Намайг ирэх үед “Байшингийн булан” гэх газарт Батбаатар гэх хүн нь үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд би Батбаатар гэх хүний үйл ажиллагаа явуулж байгаа талбайн хажууд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өглөө карьер гаргаж хоноод маргааш буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өглөө цагдаа нар ирж манай үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд цагдаа нар ирээд 2 экскаваторын нэг нь эвдэрсэн байсан, харин зүгээр байсан экскаваторын компьютерыг аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа Бөмбөгөр сумын төвөөс очиж экологийн байцаагч Мөнхбаяр гэх хүнээс экскаваторын компьютерыг аваад тухайн газарт нь нөхөн сэргээлт хийгээд бүх техник хэрэгслээ ачаад буусан. Би Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Байшингийн булан гэх газарт ямар нэгэн зөвшөөрөл, дүгнэлт байдаг талаар мэдэхгүй... тус газарт үйл ажиллагаа явуулах гэж Бөмбөгөр сумын ямар нэгэн эрх бүхий албан тушаалтнаас ямар ч
зөвшөөрөл аваагүй. Миний ашигласан гэх техник хэрэгслүүд нь бүгд түрээсийн
техник хэрэгсэл байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 217-220 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганболдын мэдүүлэхдээ:Гэм буруугаа хүлээж байна мэдүүлэг өгөхгүй, Доосан нь Галбадрахын эзэмшлийн техник бөгөөд буцаагаад авсан, Хюндай нь Жавхлангийнх эзэмшлийн техник бөгөөд буцаагаад авсан, скрүбер нь Далайжаргалынх бөгөөд буцаагаад авсан, Дизель мотор нь Миний эзэмшлийнх бөгөөд Улаанбаатар хотод байгаа, эдгээрийг Цагдаагийн алба хаагч н.Мөнхбаяр гэх хүн буцааж олгосон гэв.
3. Хохирогч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Байшингийн булан” гэх газарт үйл ажиллагаа явуулах талаар Бөмбөгөр сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Уг газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон дүгнэлт байхгүй...,
...Байшингийн булан гэдэг газар том оврын техник ашиглан газрын хэвлийн болон экологид тодорхой хэмжээний хохирол учирсан. Энийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хохирлыг нэхэмжлэх болно.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 37-38 / ,
4. Иргэний нэхэмжлэгч П.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Ганболд нь “гэр олддоггүй гэрээ өгчих” гээд гуйгаад байхаар нь би гэрээ өгчихсөн. 4 ханатай, сийлбэргүй, монгол гэрийг 2000 онд аймгийн төвөөс зах дээрээс худалдаж авч байсан. Ажиллаж байгаа ажлынхаа шугамаар ажилдаа ашиглана гээд авсан. Хууль бус үйл ажиллагаанд ашиглана гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 2-4 /
5. Иргэний нэхэмжлэгч С.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Ганболд нь “уурхай гарч ирсэн гэр олддоггүй гэрээ өгчих” гээд гуйгаад байсан. Хууль бус үйл ажиллагаанд ашиглана гэдгийг мэдээгүй. Би өөрийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр 4 ханатай монгол гэрээ нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 47-48 /,
6. Иргэний нэхэмжлэгч Л.Далайжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний таньдаг хуурай дүү болох Болд-Эрдэнэ гэх залуугийн хашаанд алт угаах төхөөрөмжөө тавьсан байсан. тэр алт угаах төхөөрөмж эвдэрсэн тал юм нь дутуу байсан. Надад тавих газар байхгүй байсан болохоор дүү болох Болд-Эрдэнийн хашаанд тавьсан байсан. Ганболд гэх залуу Болд-Эрдэнэ гэх залууг таньдаг юм гэсэн. Тэгээд Болд-Эрдэнэ гэх залуу над руу залгаад “Ганболд гэх залуу таны төхөөрөмжийг засаад хэвийн ажиллагаанд оруулаад нэг сар хэрэглэчихээд ав ирье гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юмыг нь гүйцээгээд янзлаад өгөх юм бол тэг” гэж хэлсэн. Ганболд гэх хүн “Баянхонгор аймагт нөхөрлөлөөр нэг сарын аян зарласан байгаа. Тэнд нэг сар алт угаачихаад аваад ирье” гэж анх хэлээд миний төхөөрөмжийг засаад аваад явсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 49-53/,
7. Иргэний нэхэмжлэгч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Ганболд гэх хүнд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хавьцаа “Доосон” 500 маркийн экскаватор түрээсэлсэн бөгөөд бид хоёр техник түрээслэх гэрээг цаасан хэлбэрээр байгуулсан. Би тус техникээ 1 сарын 40 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд 10 сая төгрөгийн урьдчилгаа авч түрээсэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 56-59 /,
8. Иргэний нэхэмжлэгч О.Жавхлангийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
......Би Ганболд гэх хүнд техник хэрэгсэл нэг сарын хугацаатай сарын 18.000.000 төгрөгөөр түрээслэхээр болсон.Үүнд жолооч нь хамт дагалдаж байсан юм. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт 5 хоног болоод ирсэн. Г.Ганболд гэх хүн миний “Hyundai” маркийн экскаваторыг авахдаа “манайх А лицензтэй алтны уурхай алтны үйл ажиллагаа сарын хугацаанд эрхлэх гэсэн юм” гэж хүнээр яриулж авч явсан юм. "Бичиг
баримтыг хот орж ирээд үзүүлнэ” гэж хэлээд авч явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 62-63 /,
9. Гэрч Н.Соронзонболдын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Байшингийн булан” гэх газарт туслахаар ажилд орохоор ирсэн. Мөнхбаатар утсаар яриад "Бөмбөгөр суманд уурхайн туслахыг ажил байна цуг явах уу” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Энэ уурхай гарах гэж байгааг хүнээс сонсож байсан. Намайг уг газар ирэхэд газар ухаж байсан. 1 экскаватор ажиллаж байсан. Ганболд гэх хүн зөвшөөрөлтэй, гэрээтэй талаар мэдэхгүй байна.Би Ганболдыг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй. Үйл ажиллагаа явуулж байсан газар голоос ойрхон ойролцоогоор 30 метрийн зайтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 66-67 /,
10. Гэрч А.Баасанбаярын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд Улаанбаатар хотоос экскаваторын жолооч Жамбалын хамтаар трайлелаар экскаватор ачаад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрийн уул уурхай явуулах газарт ирсэн. Ямар нэртэй газрыг нь мэдэхгүй байна. Манай компани техник хэрэгслээ түрээсэлдэг юм. Дарга Жамбал бид хоёрыг "Баянхонгор аймаг руу явна шүү” гэж хэлсэн. Тэгээд 300 маркийн экскаватор машинд ачиж ирсэн. Яг ямар нэртэй ажил хийхээ мэдээгүй. Манай компани түрээсэлсэн техникийг захиалга өгсөн газар руу жолоочийн хамт явуулдаг. Би уг газарт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 11 цагаас 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл газар ухаж байсан. Манай компанийн экскаваторыг түрээсэлсэн хүнийг Ганболд гэдэг. Миний ухсан газар нь хайргануудтай байсан. Өмнө нь ухаж эвдэгдсэн гэх газар мэдэгдээгүй эрүүл газар байсан. Миний ажиллаж байгаа газар хувь хүн юм шиг байна лээ. Би энэ газарт ирээд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа үгүйг мэдээгүй. Надаар ухуулж байгаа газар нь голтой ойрхон байхаар нь болдог юм болов уу гэж бодож байсан. Олборлолт явуулаагүй. Ганболдын хэлсэн газрыг нь ухсан...гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 /,
11. Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн “Байшингийн булан” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Ганболд 4-5 хоногийн өмнө утсаар яриад “ирээд ажиллах боломж байна уу,ажиллах хүн хэрэгтэй байна" гэж байсан учраас ирсэн. Ганболдын дуудсанаар ирээд энэ газарт туслах хийж байгаа. Ганболд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсаныг нь мэдээгүй. Ганболд нь 2-3 хоног үйл ажиллагаа явуулж байгаа. Баяж мал аваагүй. Газраа ухаад л байж байсан. Ганболд нь сум орон нутагтай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79-р тал/,
12. Гэрч Э.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...манай захирал Галбадрах "экскаватороо аваад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум явууд ир” гэж надад хэлхээр нь би 2021 оны 10 дугаар сарын 12-нд Бөмбөгөр сумын 1 дүгээр баг Байшингийн булан гэх газар очтол Ганболд гэх хүн “энд ух” гэхээр нь нэг газар ухаж хөрс хуулалт хийж байтал экскаватор эвдэрч би Улаанбаатар хот яваад иртэл цагдаа нар ирсэн байсан. Манайх “Байшингийн булан” гэх газар гараад 2 хоног болж байсан бэлтгэл ажлаа хангаад хөрс хуулалт хийж байсан. Тухайн газар манайх 6 хүн, экскаватор 2 ширхэг байсан. Мөн усан буу 1 ширхэг байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. Манай техник Галбадрах гэдэг хүний эзэмшлийнх, нөгөө экскаваторыг би сайн мэдэхгүй байна. Бид нарыг Ганболд гэдэг хүн хариуцан ажилладаг. Байшингийн булан гэх газар эрүүл тэгш газар байсан. Тухайн газар дүгнэлт, лиценз байсан талаар сайн мэдэхгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 82-83/,
13. Гэрч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:
...Газар дээр нь очиход булж тэгшилсэн байдалтай байсан. Зургийг нь аваад тогтоолд хавсаргасан. Урд өмнө нь эвдэгдсэн газар байсны дээр булж тэгшилсэн байдалтай байсан тул хохирлын үнэлгээ гаргах боломжгүй байсан. Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол дээр хэргийн газрын урт, өргөн, гүний хэмжээ тусгагдаагүй байсан... Нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол дээр талбайн урт, өргөн, гүний хэмжээ, мөрдөгчийн тогтоол дээр урт,өргөн,гүний хэмжээ тавигдсан байсан. Энэ хэмжилтэд үндэслэн хохирол тооцох боломжтой эсэхийг асуусан байсан. Тухайн хэмжилтэд үндэслэж хохирлыг тооцох боломжтой бөгөөд хэргийн газрын үзлэг хийх үеийн хохирлын үнэлгээ болно. Аргачлалын хувьд 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын A156 дугаартай тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлалаар тооцож гаргасан. Тухайн аргачлал нь эвдэгдсэн газрын эзлэхүүний хэмжээ шаарддаг бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл урт, өргөн, гүний хэмжээсүүд байгаа учир түүнд үндэслэж хохирлыг тооцож гаргасан. Хохиролд зөвхөн газрын хэвлийд учирсан хохирол орсон бөгөөд урд өмнө нь эвдрэлтэй газар байсан учраас хөрс, ургамал тооцоогүй, олборлолт явуулаагүй учраас усан орчинд учирсан хохирлыг тооцоогүй болно... 2 өөр цаг үед хоёр өөр нөхцөлд хамаарах дүгнэлтүүд учраас шинжээчийн зүгээс хоёулаа үндэслэлтэй. Эхний дүгнэлт нь шинжээч талбай дээр ажиллахад ямар байсан нөхцөлд үндэслэж дүгнэлтээ гаргасан. Дараагийн дүгнэлт нь хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтэд үндэслэж гаргасан. Тухайн хоёр дүгнэлт хоёулаа үндэслэлтэй байгаа нь шинжээчийн зүгээс харахад эхлээд мөрдөгч хэргийн газарт үзлэг хийх үед хохирол учирсан байсан ба дараа нь шинжээч талбай дээр очиж ажиллахад эвдэгдсэн газрыг булж тэгшлэн хохирол тооцох боломжгүй буюу хохиролгүй болгож техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан. Тухайн хоёр дүгнэлт нь хоёр ондоо цаг үед хамаарч байгаа учраас хоёр өөр гарах нь ойлгомжтой... гэх мэдүүлэг / хх-ийн 93-94 /,
14. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/93 дугаартай шинжээчийн:
1. Тогтоолоор өгөгдсөн солбилцол бүхий газар нь улсын тусгай хамгаалалтай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газар, бичил уурхайн зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна.
2. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул хохирлын үнэлгээ тооцох боломжгүй байна.
3. Тухайн газар булж тэгшилсэн байдалтай байсан тул техникийн нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй 2400м2 талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 541616 төгрөг болж байна.
4. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна...гэх дүгнэлт / хх-ийн 102-103 /,
15. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/11 дугаартай шинжээчийн:
1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт хэргийн
газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр эвдэгдсэн газрын өргөн 24.8м, урт нь 90.5м, гүн нь 3м гэж авагдсан бол хэргийн газрын үзлэг хийх үеийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжтой бөгөөд тус хохирлын үнэлгээ нь 314.713 төгрөг болж байна...гэх дүгнэлт / хх-ийн 125 /,
16. Хос итгэл төгс ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн:
..Hyundai экскаватор 35.000.000 төгрөг,
Doosan экскаватор 49.000.000 төгрөг,
Скрубер /цэнхэр/ 7.000.000 төгрөг,
Монгол гэр /хуучин / 450.000 төгрөг,
Монгол гэр /хуучин / 900.000 төгрөг,
Монгол гэр /хуучин / 2.100.000 төгрөг,
Цахилгаан мотор 350.000 төгрөг,
Үнэлгээний дүн 94.800.000 /Ерэн дөрвөн сая найман зуун мянга / төгрөгөөр тогтоов....гэх дүгнэлт /хх-ийн 114 /,
17. Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн:
....Доосон 5000 маркийн экскаватор 34.000.000 төгрөг,
Хюндай 3000 экскаватор 6.850.000 төгрөг
Үнэлгээ хийж буй экскаваторуудын зах зээлийн нийт үнэ цэнийн баримжаа нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 40.850.000 /Дөчин сая найман зуун тавин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт болон иргэний нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 56, 60/, Ашигт малтмал, газрын тосны газрын тодорхойлолт /хх-ийн 148 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолын хуулбар / хх-ийн 172-173, 177 / зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ганболдын өмгөөлөгчийн зүгээс шүүхэд “Доосан болон Хюндай” маркийн экскаваторуудын үнийг дахин тогтоолгох талаар хүсэлтийг ирүүлсэнийг шүүх хангаж шийдвэрлэж “Энх-Нахиа” ХХК-г дахин шинжээчээр томилсон бөгөөд үнэлгээний компани нь Хюндай-3000 экскаваторын үнийг 6.850.000 төгрөгөөр, Доосон-5000 экскаваторын үнийг 34.000.000 төгрөгөөр тус тус үнэлж ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хос итгэл” үнэлгээний компани нь .”Hyundai “ экскаватор 35.000.000 төгрөг,”Doosan” экскаватор 49.000.000 төгрөгөөр тус тус үнэлж ирүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж “Энх-нахиа” ХХК-ийн экскаваторуудыг үнэлсэн үнэлгээг нотлох баримтаар үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин “Хос итгэл” ХХК-ийн Скрубер /цэнхэр/ 7.000.000 төгрөг,Монгол гэр /хуучин / 450.000 төгрөг,Монгол гэр /хуучин / 900.000 төгрөг, Монгол гэр /хуучин / 2.100.000 төгрөг, Цахилгаан мотор 350.000 төгрөг зэргээр үнэлсэн үнэлгээг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ганболд нь 2021 оны 10 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Байшингийн булан” гэх газар техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 314.713 / гурван зуун арван дөрвөн мянга долоон зуун арван гурав / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очир, иргэний нэхэмжлэгч С.Батдэлгэр, П.Баянмөнх,Л.Далайжаргал,Б.Галбадрах, О.Жавхлан, гэрч Н.Соронзонболд, А.Баасанбаяр, Б.Мөнхбаатар, Э.Хүрэлчулуун, А.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/93, 1811, Хос итгэлт ХХК, Энх-Нахиа ХХК-ийн 228 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ганболдыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тоолцоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Г.Ганболд нь байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал нийт 1.485.755 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Ганболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүх шүүгдэгч Г.Ганболдод эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулахыг хязгаарлах албадлагын арга хэмжээг тэнсэх хугацаатай адил хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Г.Ганболдын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хюндай-3000 маркийн экскаваторын үнэ 6.850.000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 7.000.000 төгрөг, цахилгаан үүсгүүрийн үнэ 350.000 төгрөг нийт 14.200.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ганболдоос гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Мөн уг хэрэгт “Доосон-500” маркийн экскаватор 1 ширхэг Монгол гэр 3 ширхэг зэрийг битүүмжилсэн байх бөгөөд тэдгээрийн үнийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Г.Ганболд нь Доосон-500 маркийн экскаваторыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь нотлогдоогүй бөгөөд уг экскаватор нь ашигт малтмал эрж хайж олборлохоос өмнө эвдэрсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй байсан нь тогтоогдсон байна. Уг техникийг ашигласан гэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан тайлбарласан бөгөөд дээрх тохиолдолд битүүмжлэгдсэн монгол гэрүүд нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл биш учир тэдгээрийг үнийг гаргуулаагүй болно.
Иймд шүүх шүүгдэгч Г.Ганболдоос “Доосон-5000” экскаваторын үнэ 34.000.000 төгрөг, монгол гэрүүдийн үнэ 3.450.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн боломж үндэслэлгүй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Батдэлгэрийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, Л.Батмөнхийн монгол гэр 1 ширхэг, Б.Галбадрахын эзэмшлийн 2451 УБ улсын дугаартай “Доосан” экскаватор 1 ширхэг,и О.Жавхлангийн эзэмшлийн 4969 УН улсын дугаартай Хюндай экскаватор 1 ширхэг, Л.Далайжаргалын алт угаах төхөөрөмж 1 ширхэг, шүүгдэгч Г.Ганболдын өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоол гарсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Г.Ганболд нь “...Доосан нь Галбадрахын эзэмшлийн техник бөгөөд буцаагаад авсан, Хюндай нь Жавхлангийнх эзэмшлийн техник бөгөөд буцаагаад авсан, скрүбер нь Далайжаргалынх бөгөөд буцаагаад авсан, Дизель мотор нь Миний эзэмшлийнх бөгөөд Улаанбаатар хотод байгаа, эдгээрийг Цагдаагийн алба хаагч н.Мөнхбаяр гэх хүн буцааж олгосон...” гэж мэдүүлж байгаа бөгөөд мөрдөгч Д.Мөнхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг зөрчиж шүүхийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн техник хэрэгслийг эзэмшигч нарт нь урьдчилан буцаан олгосон байна.
Энэ үйлдэл нь мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд техник хэрэгслийг буцаан олгосоны дараа эздэд нь хариуцуулсан мэтээр тэмдэглэл үйлдэж Прокурорын тогтоолыг гаргуулсан байна гэж дүгнэхээр байна.
Иймд шүүхээс дээрх техник хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож зохих эзэмшигч нарт буцаан олгосон болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийг бичиж СД буулгасан 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ганболд нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хиргэс овогт Галсангийн Ганболдыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Хиргис овогт Галсангийн Ганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Г.Ганболдод ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч уг хязгаарлалтыг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ганболд нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч Г.Ганболд нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Ганболд нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан авсан тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч С.Батдэлгэрийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, Л.Батмөнхийн монгол гэр 1 ширхэг, Б.Галбадрахын эзэмшлийн 2451 УБ улсын дугаартай “Доосан” экскаватор 1 ширхэг,и О.Жавхлангийн эзэмшлийн 4969 УН улсын дугаартай Хюндай экскаватор 1 ширхэг, Л.Далайжаргалын алт угаах төхөөрөмж 1 ширхэг, шүүгдэгч Г.Ганболдын өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Хэрэгт иргэний нэхэмжлэгч С.Батдэлгэрийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, Л.Батмөнхийн монгол гэр 1 ширхэг, Б.Галбадрахын эзэмшлийн 2451 УБ улсын дугаартай “Доосан” экскаватор 1 ширхэг,и О.Жавхлангийн эзэмшлийн 4969 УН улсын дугаартай Хюндай экскаватор 1 ширхэг, Л.Далайжаргалын алт угаах төхөөрөмж 1 ширхэг, шүүгдэгч Г.Ганболдын өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг эзэмшигч нарт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус буцаан олгосон болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ