Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/220

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Оаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бын ******* /РД:А000000/-д холбогдох эрүүгийн 22120 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* ******* баг ******* нарийн гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Бын *******, /РД:А00000/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Архангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* багийн төвд 2022 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө иргэн Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж, зодож эрүүл мэндэд хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 221200  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
  *Хохирогч Б.*******ы өгсөн: “...Миний бие Архангай аймгийн ******* сумын ************** багт гэр бүлээрээ мал маллаж амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай багийн төв дээр багийн өдөрлөг шоу болоод би тэр өдөрлөг дээр гэр бүлийн хүний хамт очсон. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрч байх үед манай багийнхан соёлын төв дотор бүжиг бүжиглэчхээд бөөнөөрөө тойрч суугаад байж байтал манай голын ард нутагладаг. ******* гэх залуу соёлын төв рүү орж ирээд намайг толгой руу нэг удаа цохиод авсан. Тэгээд соёлын төв дотор байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Бид 2 учраа олох гээд соёлын төвөөс ******* гэдэг залуутай гурвуулаа гарсан. Гарч ирээд би газар сууж байтал юу юу ч яриагүй байж намайг ******* ирээд шууд эрүү рүү өшиглөсөн.Тэгээд би цагдаад хандсан. Миний толгой, эрүү зэрэг газар өвдөлттэй байна, маш их зовуурьтай байна. Эмнэлэгт үзүүлэхэд хүзүүний тав дахь үеийн яс хугаралттай гэж гарсан. Соёлын төв дотор байхад гараараа нэг удаа миний толгой руу цохисон. Гарч ирээд миний эрүү рүү хөлөөрөө өшиглөсөн. Манай голын ард нутагладаг зүгээр зүс мэдэх хүн. Ямар ч шалтгаангүйгээр намайг зүв зүгээр байхад цохисон. Тийм ямар ч асуудал байхгүй. ******* гэдэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Араас манай эхнэр гарч ирсэн. Зүгээр байгаа хүнийг ийм болгосон учир гомдолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06  хуу/, 


        *Хохирогч Б.*******ы дахин өгсөн: “...******* нь надад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ******* бид хоёр учир зүйгээ олсон. ******* надаас уучлалт гуйсан. Эмчилгээ дуусаагүй байгаа. Цаашид хэдэн төгрөг гарахыг хэлж мэдэхгүй байна. Миний энэ хохирлыг ******* бүрэн барагдуулна гэсэн. Надаас албан ёсоор уучлалт гуйсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 43-44  хуу/, 

*Гэрч Р.*******ийн өгсөн: “....Миний бие нөхөр Б.*******тай гэр бүл болоод арав гаруй жил болж байгаа бөгөөд 2 хүүхдийн хамт ******* сумын ************** багт амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 05 шилжих шөнө манай багийн төв дээр бүжиг болсон. 00 цаг өнгөрч байх үед соёлын төв рүү нэг залуу орж ирээд манай нөхрийг юу юугүй цохиод авсан. Тэгээд бид нар тэр 2-ыг салгачхаад байж байтал тэр хоёр эр хүн шиг учраа ольё гээд гараад яваад өгсөн. Нэг их удалгүй араас нь гарсан чинь ******* буюу манай нөхөр, ******* гэх залуу, ******* гэх залуу тэр 3 гадаа байсан. Би  тэр гурав руу очиж явтал ******* манай нөхрийн эрүү рүү нь сууж байхад нь  өшиглөсөн. Намайг очтол *******ы хүзүү нь нэг эвгүй санжганаад байж байснаа ухаан алдаад унаад өгсөн. Тэгээд эмч дуудаж эм, тариа зэрэг хийлгэсэн. Сайн танихгүй хааяа нэг багийн үйл ажиллагаа дээр таардаг. Мэдэхгүй байна.Би яг нөхөр рүүгээ очиж явтал, өшиглөж байгааг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, 

*Гэрч Д.ын өгсөн: “...Миний бие Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, зундаа ирж амарчхаад буцдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хотоос хөдөө ирсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 05 шилжих шөнө манай сумын ************** багын төв дээр орой бүжиг болоод би 23 цагийн үед бригад орсон. Ороод нэлээн бүжиглээд дуу хууртай байж байтал *******, ******* хоёр нэг мэдсэн бие биеэ барилцаад авсан зогсож байсан. Тэгээд би тэр 2 дээр очиж салгаад авч гарсан. Гараад би тэр хоёрт хандан хар нялхаасаа найзалж нөхөрлөчхөөд одоо боль, гар бариад эвлэр гэж хэлсэн чинь овоо эвлэрчих шинжтэй болчихоор нь соёлын төв рүү алхаж байтал нэг хүн нөгөө ******* чинь хүн өшиглөчихлөө гээд орилоод байхаар нь эргэж хартал ******* ухаан алдсан байдалтай эхнэр нь толгойг нь түшээд сууж байсан. Тэгээд би гүйж очоод байж байтал багийн эмч ирээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Тийм зүйл болоод өнгөрсөн. Уг нь би тэр хоёрыг хоорондоо муудалцаж байгаагүй. Хар багаасаа найзалсан найзууд гайгүй байх гэж бодсон. Яг өшиглөх үед нь байгаагүй. Намайг тэр хоёроос салж явах үед тийм асуудал болсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, 

*Гэрч А. өгсөн: “...Миний бие 2008 онд өөрийн нөхөр болох *******тай гэр бүл болоод мал маллан, 3 хүүхдийн аав, ээж болоод амьдарч байна. Манайх Архангай аймгийн ******* сумын ************** багийн Бригадынхаа ар талд ойрхон амьдардаг. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай багийн өдөрлөг болсон. Орой нь соёлын төвд бүжиг болсон. Би тэр үед гэртээ унтаж байтал манай найз над руу утсаар залгаад танай нөхөр чинь хүн зодчихсон, нөгөө хүн нь ухаан алдсан байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гүйгээд очтол баахан хүмүүс овоорсон зодуулсан хүн нь ухаан алдсан байдалтай байсан. Тэгээд багийн эмч ирээд сумын төв рүү нөгөө хүнийг аваад явсан. Би зодоон болох үед байгаагүй. Хүн амьтантай зодолдоод байдаггүй, архи дарс нээх их  уудаггүй, нутгийнхантайгаа найрсаг байдаг. Даруухан хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 

* Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би хуульд заасан өөр, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би *******ы эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг дансаар дамжуулж хийсэн. Дүүгийнхээ дансаар дамжуулж хийсэн. Цаашдаа ахиад хохирол төлбөр барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй, би *******аас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт:
1.    Б.*******ы  биед хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 
3.    Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.   
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/,
            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/, 
            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 хуу/,
            Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 102 хуу/,
         Архангай аймгийн ******* сумын ************** багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75 хуу/,
               Мал  тэжээвэр амьтны 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 76-79 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-82 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө иргэн Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж, зодож эрүүл мэндэд хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 22120 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө иргэн Б.*******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж, зодож эрүүл мэндэд хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.*******ы: “...******* гэх залуу соёлын төв рүү орж ирээд намайг толгой руу нэг удаа цохиод авсан... ирээд би газар сууж байтал юу юу ч яриагүй байж намайг ******* ирээд шууд эрүү рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч Р.*******ийн: “...00 цаг өнгөрч байх үед соёлын төв рүү нэг залуу орж ирээд манай нөхрийг юу юугүй цохиод авсан. Тэгээд бид нар тэр 2-ыг салгачхаад байж байтал тэр хоёр эр хүн шиг учраа ольё гээд гараад яваад өгсөн. Нэг их удалгүй араас нь гарсан чинь ******* буюу манай нөхөр, ******* гэх залуу, ******* гэх залуу тэр 3 гадаа байсан. Би  тэр гурав руу очиж явтал ******* манай нөхрийн эрүү рүү нь сууж байхад нь  өшиглөсөн. Намайг очтол *******ы хүзүү нь нэг эвгүй санжганаад байж байснаа ухаан алдаад унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/, гэрч Д.ын: “...*******, ******* хоёр нэг мэдсэн бие биеэ барилцаад авсан зогсож байсан. Тэгээд би тэр 2 дээр очиж салгаад авч гарсан... соёлын төв рүү алхаж байтал нэг хүн нөгөө ******* чинь хүн өшиглөчихлөө гээд орилоод байхаар нь эргэж хартал ******* ухаан алдсан байдалтай эхнэр нь толгойг нь түшээд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч А.Гэрэл-Эрдэнийн: “...2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай багийн өдөрлөг болсон. Орой нь соёлын төвд бүжиг болсон. Би тэр үед гэртээ унтаж байтал манай найз над руу утсаар залгаад танай нөхөр чинь хүн зодчихсон, нөгөө хүн нь ухаан алдсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ы  биед хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Иймд шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:    

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.******* нь эмчилгээний зардал баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүгдэгч Б.******* 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5............... тоот Б.*******ы данс руу 1.000.000 /нэг сая/ төгрөг шилжүүлсэн байх ба хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/ авагдсан байх тул Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 
Хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 87 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
    1. Шүүгдэгч Б овогт Бын *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ОТГОНЦЭЦЭГ