Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж, 
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн *******т холбогдох 2212 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* хорооллын 7-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар А.*******ыг эцэг, эхийн хяналтад өгч, 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Айн А, /РД:А0000000/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* сүм баг Төмст гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 ширхэг 2.5м3 шоо метр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.662.462 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 2212 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.******* өгсөн: “...Би ******* ******* нь хууль бусаар нойтон дүнз мод бэлтгэж Архангай аймгийн ******* сумын ойн санд 1.783.962 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдэж байна. *******ын зүгээс учруулсан хохирлоо 3 нугалж ******* суманд нөхсөн тохиолдолд торгор гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,

*Гэрч Л.******* өгсөн: “...******* ******* нь миний төрсөн дүү байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би аав, ээж, дүү нарынхаа хамт Архангай аймгийн ******* сум 4 дүгээр баг ******* хороололд хамт амьдардаг юм. Хашаагаа сэлбэж янзлах гээд 2021 оны 08 дугаар сард сумын байгаль орчны албанаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тухайн үедээ ажилтай болохоор бэлтгэж чадаагүй юм. Би мөн тэр үед нь ажилтай байж байгаад хамт бэлтгэж чадаагүй юм. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү ******* хашаагаа сэлгэж янзлах модоо бэлтгэчихсэн байсан. Би мөн тэр үед нь ажилтай байж байгаад хамт бэлтгэж амжаагүй юм. Бэлтгэсэн модыг нь үзсэн чин нойтон 5 босоо мод унгаагаад 4 метр гаран урттай 10 ширхэг гуалин мод бэлтгэчихсэн байсан. Тэгээд би босоо нойтон мод унгааж болохгүй яагаад ийм мод бэлтгэчхэв гэж хэлж байсан. 2021 оны 08 дугаар сард миний нэр дээр бичигдсэн. Тухайн үедээ бэлтгэж амжаагүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сард манай дүү ******* ганцаараа бэлтгэсэн байсан. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 ху/, 

*Гэрч О. өгсөн: “...Би ******* ******* гэдэг залууг танина. ******* суманд ажиллаж амьдардаг юм. Төрөл садангийн холбоо байхгүй. А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,

*Гэрч Ш. өгсөн: “...Би ******* ******* гэдэг залууг танина. Нэг нутгийн хүмүүс, төрөл садангийн холбоо байхгүй. А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэглээний дүнз мод бэлтгэх эрхийн бичиг надаас болон манай албанаас аваагүй. 2021 оны 08 дугаар сард мод бэлтгэх эрхийн бичиг авчихаад тухайн үедээ модоо бэлтгээгүй бол 2021 оны 11 дүгээр сард мод бэлтгэх эрх нь нээгдэхгүй. Эрхийн бичиг авчихаад 7 хоногийн дотор ямар нэг шалтгаанаар бэлтгэж чадаагүй бол  Байгаль орчны хяналтын байцаагчаар сунгуулж болно. 7 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа дууссанд тооцдог. А.******* мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар нойтон мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/,

А.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй. Тогтоолтой уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-22 хуу/, 
А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57-58 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын АЦ-22-53 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-32 хуу/,
Архангай аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуу/,
*А.******* өмнө нь ял шийтгэгдэж байсан 2014 оны 04 дүгээр сарын 03-ны 53 дугаартай шийтгэх тогтоол талаарх хуулбар /хх-ийн 71-75 хуу/,

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай: 
1.    Иргэн А.*******ын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон 4.4 метр урттай хэрэглээний мод байна. 
2.    Нийт тоо ширхэг 10, нийт шоо метр 2.5 м3 модыг бэлтгэжээ.
3. 2.5 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.783.962 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 ху/,

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 14 дугаартай: 
1.    Иргэн А.*******ын зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон 4.4 метр урттай хэрэглээний мод байна. 
2.    Нийт тоо ширхэг 10, нийт шоо метр 2.5 м3 модыг бэлтгэжээ.
3. 2.5 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1.662.462 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /ххийн 85-86 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* сүм баг Төмст гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 ширхэг 2.5м3 шоо метр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.662.462 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 221 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч А.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* сүм баг Төмст гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10 ширхэг 2.5м3 шоо метр нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.662.462 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч Б.*******: “...Би ******* ******* нь хууль бусаар нойтон дүнз мод бэлтгэж Архангай аймгийн ******* сумын ойн санд 1.783.962 төгрөгийн хохирол учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/, гэрч Л.*******: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү ******* хашаагаа бэлтгэж янзлах модоо бэлтгэчихсэн байсан. Би мөн тэр үед нь ажилтай байж байгаад хамт бэлтгэж амжаагүй юм. Бэлтгэсэн модыг нь үзсэн чин нойтон 5 босоо мод унгаагаад 4 метр гаран урттай 10 ширхэг гуалин мод бэлтгэчихсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/, гэрч О.: “...А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай албанаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, гэрч Ш. “...А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэглээний дүнз мод бэлтгэх эрхийн бичиг надаас болон манай албанаас аваагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс шүүгдэгч А.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.*******ын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас ойн санд 1.662.462 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жаран хоёр / төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.662.462х3=4.987.386 төгрөг /дөрвөн сая есөн зуун наян долоон мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4.987.386 төгрөг /дөрвөн сая есөн зуун наян долоон мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч А.*******ын нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч гэмт хэргийн  улмаас учирсан хохирол болох 4.987.386 / дөрвөн сая есөн зуун наян долоон мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 4.931.386 /дөрвөн сая есөн зуун гучин нэгэн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг 2.5 м кв нойтон шинэс модыг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Бовогт А ийн *******ыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч А.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч гэмт хэргийн  улмаас учирсан хохирол болох 4.987.386 / дөрвөн сая есөн зуун наян долоон мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 4.931.386 /дөрвөн сая есөн зуун гучин нэгэн мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг 2.5 м кв нойтон шинэс модыг хураан авч улсын орлого болгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ