Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.Б, Б.И, О.Э

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Батбаяр,

            шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Д.Чинзориг,  

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 562 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Б.И, О.Э нарт холбогдох ............дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сартуул овгийн Б.Б, Улаанбаатар хотод 1999 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: /;

 

2. Халх овгийн Б.И, Улаанбаатар хотод 2000 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар................ /;

 

3. Хармалгайт овгийн О.Э, Улаанбаатар хотод 2000 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт .................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../;

 

Б.Б, Б.И, О.Э нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ны 13-260 тоотод байрлах агуулахад хураалттай байсан иргэн С.Эрдэнэбатын эзэмшлийн бүрэн сийлбэртэй хар модон 2 давхар эсгий бүрээстэй монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.И, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг  бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Б, Б.И, О.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хулгайд алдагдсан гэр нь хохирогч С.Бямбацогтын өмчлөлийн гэр болох нь хохирогч С.Бямбацогт, С.Эрдэнэбат нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Өөрөөр хэлбэл дээрх гэрийн өмчлөгч болон эзэмших, захиран зарцуулах эрхтэй холбоотойгоор өөр этгээд мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй, өмчлөлийн талаар маргасан этгээд гарч ирээгүй болно. Хохирогч С.Бямбацогт нь сүүлийн 3 жил дээрх гэрийг наадмаар барьж, харин иргэн С.Эрдэнэбатын цехэд тавилгыг нь засуулахаар өгсөн байх үед нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Гэрийн тавилгыг засуулахаар өгөхдөө хохирогч С.Бямбацогт өөрөө гэрээ ачиж ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу үнэлгээний мэргэжлийн байгууллага нь өөрийн мэдээлэлийн сантай байдаг бөгөөд үнэлгээ хийлгэх гэж буй хөрөнгийг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны зах зээлийн үнэ ханшийн дундаж ханшаар тооцож үнэлгээг тогтоодог.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.И нь бусдад учруулсан хохирлын өөрт ноогдох 3,333,000 төгрөгийг хохирогч С.Бямбацогтод нөхөн төлсөн, шүүх хуралдаанд “Тод Үнэлгээ” ХХК-ийн шинжээч Ж.Удвалын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн үнэлгээн дээр гаргасан санал, дүгнэлт зэргээр “Тод Үнэлгээ” ХХК-ийн хулгайд алдагдсан гэрт хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх хэмжээ шүүхэд олгогдсон байтал тэрхүү өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр үнэлгээг дахин гаргуулах асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 562 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг буцаах болсон үндэслэл нь анхан шатны шүүх хуралдаанд С.Бямбацогт нь “энэ гэр яг миний гэр биш. Манай ах эгч хоёр надад өгсөн” гэсэн асуудал яригдсан. Хоёр дахь үндэслэл нь монгол гэрийг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн. Миний хувьд шүүх хуралдаанд хэргийг буцаая гэсэн байр суурь байгаагүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Б, Б.И, О.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 562 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.”, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.”, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана. ”  гэж тус тус заажээ.

 

Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцнэ.

 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шинжээч томилох, хохирогчоор тогтоох бүрэн эрх хуулиар олгогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, Б.И, О.Э нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-ны 13-260 тоотод байрлах агуулахад хураалттай байсан иргэн С.Эрдэнэбатын эзэмшлийн бүрэн сийлбэртэй хар модон 2 давхар эсгий бүрээстай монгол гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтас хэрэгт Б.Б, Б.И, Л.Батсайхан, Б.Амарзаяа, Ч.Ганбаяр, Х.Алимаа нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх 15-16, 18-19, 20, 21-22, 29-30, 31-33/, Б.И, Б.Б, О.Э нарыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 53-55, 58-60, 66-69/, яллагдагч О.Э, Б.Б нарыг яллагдагчаар цагдан хорих тухай мөрдөгчийн санал /хх 73, 77/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

  Гэтэл дээрх нотлох баримтууд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд тэднийг гэрчээр, яллагдагчаар байцаасан мэдүүлгүүд авагдсан мэтээр он, сар, өдрийг буруу бичиж бичиглэлийн алдаа гаргасныг прокурор анхаарч ажиллавал зохино.

 

Иймд прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 562 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.И, О.Э нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Г.Олонбаярт Б.Б, Б.И, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                               

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

           ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ